“Оюутолгой”-д анх хэдэн ам.доллар төлөвлөсөн бэ?

1435

Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруу­лалтыг дөрвөн тэр­бум ам.доллараар нэмэхээ эрх мэдэл бүхий хүмүүс гадаад, дотоодгүй зарлачихлаа. Гэтэл тус ордын хөрөнгө оруулагчид 2006 онд Өмнөд Оюутын ордын ил аргаар ашиглах хэсгийн эдийн засгийн үр ашгийн урьдчилсан тооцоог далд аргаар ашиглах Хюго Дамметийн хойд, урд хэсгийг орол­цуул­сан өргөтгөсөн тоо­цооны хувилбарын хамт анх Канад, Авст­ралийн мэргэжлийн компаниудаар хийлгэсэн байдаг. Мөн Оюутолгой ордыг нийтэд нь ил ба далд аргаар ашиглах ТЭЗҮ-ийн эцсийн хувил­барыг зэс-алтны бүлэг ордын батлагдсан нөөцөд тулгуурлан 2007-2008 онд хийлгэсэн байна. Ингээд Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-ийн эцсийн хувилбарыг Эрдэс баялгийн зөвлөлд оруулан 2010 оны нэгдүгээр улиралд хэлэлцүүлжээ.

Тус хэлэлцүүлгийн протоколд Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын нийт дүнг таван тэрбум 124 сая ам.доллар, үүнээс ил уур­хай 278 сая, далд уурхай нэг тэрбум 512 сая, бая­жуулах үйлдвэр 832 сая, дэд бүтэц  646 сая, цахил­гаан станц 460 сая, шууд бус зардлууд 228 сая, эзэм­шигчдийн зардал 176 сая, хаягдлын аж ахуй 261 сая, валютын ханш ба тоо­цоо­лоогүй зардал 438 сая, зардлын болзошгүй өсөлт  293 сая, байгаль ор­чин ба хаалтын зардал хоёр сая ам. доллар байна гэжээ. Эндээс хара­хад эзэмшигчдийн зар­дал, валютын ханш ба тооцоолоогүй зардал, зард­лын болзошгүй өсөл­тийн нийлбэр дүн болох 907 сая ам.доллар нь хөрөнгө оруу­лалтын нийт дүнд 17.7 хувь эзэлж байхад  далд уурхайн хөрөнгө оруу­лалтыг нэмэгдүүлэх ойл­голт ерөөс байж болох­гүй. Харин ч хөрөнгө оруулал­тыг нэмэгдүүлэх байтугай тодор­хой хэмжээгээр буу­руулах ёстой гэж зарим хүн үзэж байгаа юм.

Хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газартай Оюутолгой ордыг ашиглах талаар 2007 онд хэлэлцээг гурван үе шаттайгаар хийж, Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэ­рээ­ний төслийг талууд тохи­ролцож, түүнийг УИХ-ын тогтоолын төс­лийн хамт тухайн үеийн Засгийн газар, УИХ-д өргөн барьсан байдаг. Энэ гэрээний төсөлд 54 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг ил ба далд уурхай, цахилгаан станц, хаягдлын аж ахуй, дэд бүтэц болон бусад дагалдах обьектуудын хамт барьж байгуулахад хоёр тэрбум 724 сая ам.долларын хөрөн­гө оруулалт шаард­лагатайг тооцож тусгажээ. 

Дэлхийн зах зээлд 2008 оноос эрчим хүчний түүхий эдийн болон металлын үнэ буурсан. Ийм нөхцөлд  буюу 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан юм. Гэтэл Хөрөнгө оруулаг­чид­тай 2007 онд тохи­ролц­сон хөрөнгө оруу­лал­тын хэмжээг бараг хоёр дахин өсгөжээ. Үүнийг Монголын Зас­гийн газар "Айвенхоу майнз” болон "Рио-Тинто” компанид гурван тэр­бум ам.доллараар үндэс­лэлгүй буулт хийж, панз үсэргэсний үр дүнд  хөрөнгө оруулагчдын талд ихээхэн ашигтай наймаа болж гэж зарим нь эгдүүцдэг. Тэд одоо ч Монголын Засгийн газар Хөрөнгө оруулагчидтай 2007 онд тохиролцсон гэрээ­нүүдийн нөхцлөөс ихээхэн дордуулж, 2009 оны аравдугаар сарын 6-нд Хөрөнгө оруу­лалтын болон Хувь ний­лүүлэгчдийн гэрээнүүдийг баталсанд харамсч байна.  

Хачиртаа "Айвенхоу майнз” компани Оюутол­гой ордын хайгуулын эхний жилээс энэ ор­доор хөрөнгө мөнгө бос­гож ажилласан юм би­лээ. Үүнийг манай ул­сын Засгийн газар ер­дөө ч анхаарч үзэлгүй тэ­дэнд завшуулсаар бай­гаа юм. "Рио-Тинто” бо­лон "Оюутолгой” ком­пани хөрөнгө оруулал­тын хэмжээ хоёр тэр­бум ам.доллараар хэтэр­сэн мэтээр ухуулга суртал­чилгаа байнга хийж буй. Энэ нь тэдний ээлжит худал хуурмаг явуулга, заль мэх гэдэг нь одоо нэгэнт тодорхой болсон. Хөрөнгө оруулагчид уг хэтрэлт гээчийг санаанаасаа зохион ярьж байгаа бөгөөд бодит тулгуур баримт мате­риалд үндэслээгүй. Ийм байдлыг урьд нь Хөрөнгө оруу­лалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ­нүү­дэд, бас төслийн ТЭЗҮ-д удаа дараа давтан гар­гаж байсан юм. Өөрөөр хэлбэл, буруу аргад амташ­сан гэрээ арван гурав эргэдэг болжээ.

Засгийн  газар болон Хөрөнгө оруулагчийн хооронд байгуулсан Оюутолгой  ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон ТЭЗҮ хуулийн хүчин төгөлдөр баримт. Тэгвэл эрхзүйн чадамжтай  энэхүү баримтаар далд уурхайг барих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар ч үндэслэл байх­гүй. Хэлэлцэн тохи­рогч этгээдүүд Оюу­­тол­гой ордыг ашиг­лахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэм­жээг хэдийнэ тохи­ролцож, харилцан батал­гаа­жуулчихсан. Харин ч Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчид нэн тааламжтай нөхцлөөр ямар ч хяналтгүйгээр хөрөнгө оруулалтын дүнг эхний удаагийн харилцан тохиролцсон гэрээний төсөлд нэг тэрбум гаруй, хоёр дахь удаагийн хэлц­лийн үр дүнгээр тохи­ролцож батлагдсан гэрээ­гээр гурван тэрбум ам.дол­ларыг өсгөж өгсөн юм.

Иймээс ТЭЗҮ-ийг тодотгон өөрчлөх нэрийн дор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр "Рио-Тинто”-гийн тавьж байгаа саналыг Засгийн газар хүлээж авах үндэслэлгүй юм. Мөн Оюутолгой ордын төслийн хөрөнгө оруулалт хэтэрсэн эсэхийг Сангийн яам бүтэн жил шахамын хугацаанд шалгасан. Олон хүний бүрэлдэхүүнтэй хийсэн шалгалтын дүнг өнөөдрийг хүртэл тас нууцалж, олон нийтэд танилцуулаагүй. Энэ нь ард түмэнд ихээхэн хардлага төрүүлсээр байна. Гэтэл энэ шалгалтын дүн улсын нууцад огтхон ч хамаарахгүй. Жирийн нэг компанийн үйл ажиллагааны талаарх байдаг л баримт шүү дээ. Энэ бүхний эцэст зах зээлд дөнгөж хөл тавьж, тэнцвэрээ олох гэж ядаж байгаа буурай орнуудад хөрөнгө оруулж, хөгжилд нь туслах нэрийн дор байгалийн баялгийг нь цөлмөж сурсан, олз ашгийн төлөө юу ч хийхээс буцдаггүй "Рио-Тинто”-н жинхэнэ дүр төрх улам тодорч байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>