Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл монголчуудад жуулчны виз олгохгүй аж. Энэ нь БНСУ-ын Инчон хотноо Азийн спортын XVII их наадам болж байгаатай холбоотой гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. Монгол Улсад суугаа тус улсын Элчин сайдын яам өөрийн цахим хуудсанд манай улсад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргасан байдаг. Үүндээ "Монгол Улсын төрийн далбааг буруу харуулж мандуулсан, Монголын эмэгтэй тамирчдын хоолонд бохир зүйл хийсэн, буруу шүүлт явуулсан зэрэгт монголчууд бухимдалтай байгаа тул Монгол Улсад байгаа Солонгос иргэдийг уг тэмцээний талаар өөрийн үзэл бодлыг хамаагүй илэрхийлэхгүй байх, орой үдэш явахдаа болгоомжтой байгаарай” гэсэн утгатай юм. Чухам юунаас болж Солонгос улс руу зорчих жуулчны виз олгохгүй болсныг Элчин сайдын яамны холбогдох ажилтнаас тодруулахад "Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.