Дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийнэ
Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Дүрмийн хэрэгжилтийг хангах, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр цэцэг төвийн уулзвар, цаг уурын уулзвар, багшийн дээдийн уулзвар, байгалийн түүхийн музейн уулзвар дээр шар дөрвөлжин тэмдэглэгээ хийх ажлыг зохион байгуулж байгаа юм байна.
Энэ нь зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад "Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчлийг арилгах зорилготой юм байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын 15.2 дах хэсэгт "Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно" гэж зааснаар уулзвар дээр үүсэх түгжрэл саатлыг багасгахад чухал ач холбогдолтой заалт аж.