Д.Тэрбишдагва: Төсөв хэлэлцэх үед 42 дугаар тойргийн 12 мянган иргэнийг хэн төлөөлөх вэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Уг дүгнэлт нь УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгууль явуулах тогтоол нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт юм. Цэцийн энэхүү дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Төрийн албан хаагчдын сонгогдох эрх зөрчигдөж байна гэж цэц дүгнэлтээ гаргасан. Ингэснээр УИХ-ын 42 дугаар тойргийн иргэд УИХ-д төлөөлөлгүй байна. Энэ нь нөгөө талаасаа тухайн тойргийн иргэдийн эрх зөрчигдөж байна. Энэ асуудлыг яах вэ. Улсын төсөв хэлэлцэж байгаа үед 42 дугаар тойргийн 12 мянган сонгогчийг хэн төлөөлж ярих юм бэ. Үүн дээр ямар гарц байна вэ" гэлээ.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "Энэ тэр тойргийн гишүүн гэж байхгүй. УИХ-ын гишүүн гэж л бий. Тиймээс бүх гишүүд л төлөөлөх ёстой. Тухайн тойргийн иргэд нэг хүнийг сонгож илгээж л байгаа болохоос биш зөвхөн тэр хүн л төлөөлнө гэсэн үг биш" гэв.