Сонгуулийн тойрог, түүний мандатын тоог хэрхэн хуваах вэ?

27

УИХ энэ долоо хоногт УИХ-ын ээлжит сонгуулийн тов болон тойргуудын мандатын тоог тогтоох тухай УИХ-ын тогтоолыг батална. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ өнгөрөгч сард баталж, ирэх зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулийг томсгосон мажоритари буюу том 26 тойргоор явуулахаар болсон билээ. Уг хуульд заасны дагуу сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг хоёрдугаар сарын 1-ны дотор батлах ёстой.

Өмнөх 2016 оны сонгуулийг жижиг мажоритари буюу 76 жижиг тойргоор явуулж, “нэг тойрог-нэг мандат” гэсэн зарчим үйлчилж байсан бол сая баталсан шинэ хуулиар “олон мандат бүхий тойрог” гэж хуульчилсантай холбоотойгоор нэг тойрог нэгээс дээш мандаттай байх тухай хууль тогтоогчид ярьж байна.

2016 оны сонгуулиар 76 мандатын 48 нь нь орон нутагт, 28 нь нийслэлд ноогдож байв. Тухайлбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан, Орхон аймгууд тус бүр 3, Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр 2,  Булган, Говь-Алтай, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймаг тус бүр нэг мандаттай, нийслэлийн Баянзүрх дүүрэг 6, Хан-Уул 4, Сүхбаатар 4, Чингэлтэй 4, Баянгол 4, Сонгинорхайрхан 6 мандаттай байлаа. 

Өөрөөр хэлбэл нэг мандаттай Булган, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар аймгуудын мандатын тоог нэмэгдүүлэх тухай ярьж байна л даа. Ингэхдээ олон олон мандаттай бусад аймгаас авах уу, нийслэлийн 28 мандатаас хасах уу? гэдэг асуудал маргааны гол сэдэв болоод байгаа. АН-ын бүлгийн хувьд нийслэлийн мандатыг хасч болохгүй гэдэг байр суурьтай. Яагаад гэвэл Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь нийслэлд оршин суудаг.

АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа өнгөрөгч долоо хоногт телевизийн ярилцлагад орохдоо нийслэлийн мандатын тоог хасах биш, харин ч нэмэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Бүр 32 болгож. Ингэхийн тулд цөөн хүн амтай аймгуудыг нэгтгэж, нэг тойрог болгох замаар нэг тойрогт ноогдох мандатын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай гишүүд ч байна.

Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар тус тусдаа нэг мандаттай байсан Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэг тойрог болгож, хоёр мандатыг нь хэвээр үлдээх, хил залгаа Хэнтий, Сүхбаатар аймгуудыг нэгтгэж нэг тойрог болгох (эсвэл Хэнтийн зарим сумдыг Сүхбаатартай нийлүүлэх замаар одоогийн тойргийг томсгож, Хэнтийгээс нэг мандат татах) гэх мэт.

Харин МАН-ын хувьд эсрэгээрээ. Яагаад гэвэл АН-ын хувьд давуу байдал болж харагдаж байгаа бүхэн МАН-ын хувьд сул тал болж харагддаг. Өнгөрсөн гурван жил жижиг тойргоо сайн “усалсан” эрх баригч нам хөдөө рүү илүү их мандат чангаахыг бодож байгаа. Тиймээс мандатын тоог хүн амын тоонд түшиглэж биш, газар нутаг, засаг захиргааны нэгжид нь түшиглэж хуваарилах ёстой гэдэг Ш.Раднаасэд нарын гишүүд ярьж байгаа. 

МАН-аас "Сонгуулийн тойргийг нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжид тулгуурлаж хуваах ёстой" гэж ярьсан Ж.Бат-Эрдэнэ гишүүн гэхэд өмнөх удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүдээс хамгийн олон буюу 16 мянган сонгогчийн саналаар (Булганаас) УИХ-д сонгогдсон байдаг юм. Атал Хэнтийгээс сонгогдсон Д.Гантулга 5800, Орхон аймгаас О.Содхүү 5700, Хан-Уулаас Б.Энх-Амгалан 5600, Л.Болд 5200, Д.Дамба-очир 4700, О.Баасанхүү 4200 саналаар УИХ-д сонгогдсон байх жишээтэй.

Тэгэхээр тойргуудын мандатын тоог хүн амд нь түшиглэж тогтоох, нэг мандатын ардах сонгогчийн тоог аль болох ойртуулах нь зүй ёсны шаардлага болж байна. Хоёрдугаарт, өмнөх удаа сонгуулийн тойргуудыг хуваахдаа хотод ч, хөдөөд ч ялгавартай хандсан гэсэн үг. Эрх барьж байгаа нам харж байгаад илүү ялах магадлалтай гэсэн газраа мандатынхаа тоог нэмээд нэмээд явчихдаг. Гэтэл тэр нь эсрэг үр дүн үзүүлсэн явдал цөөнгүй. 

Гэвч энэ удаагийн сонгуулийн хуулийн өмнөх сонгуулийн хуулиудаас ялгаатай нь сонгуулийн тойрог хуваарилах зарчим буюу шаардлагыг хуулиар тавиад өгчихсөн.

Хуулийн 11.2-т “Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана”, 12.2-т “Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно”, 12.3-т “Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна” гэсэн нь нэгдүгээрт аймаг тус бүр тойрог болдог хуучин зарчмаас зайлсхийж, зэргэлдээ аймаг, сумд нэг тойрогт хамаарч болох, хоёрдугаарт тойргуудын мандатын тоо хүн амынхоо тоонд түшиглэсэн байх ёстой гэсэн “маргаантай” хуулиар шийдээд өгчихсөн хэрэг. Тэгэхээр энэ удаа сонгуулийн тойргуудыг байгуулахдаа УИХ өөрсдийн дур зоргоос илүү хуулиа мөрдөх шаардлага үүсчихсэн гэсэн үг. 

Олон улсын байгууллагуудаас манай улсад байнга өгдөг санал, зөвлөмж ч мөн адил “сонгогчийн саналыг гээгдүүлэхгүй байх, гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах” гэдэг шаардлага. Нэгэнт мажоритари системийг сонгосон учраас гадаадад суугаа сонгогчдын саналыг авах нь бололцоогүй болсон. Харин нэг мандатын ард байгаа сонгогчдын тоог аль болох ойрхон байлгах нь “сонгогчийн саналыг гээгдүүлэхгүй” байх хоёр дахь шалгуур. Ядаж үүн дээрээ УИХ зогсох болов уу гэж найдаж байна. Ингэсэн тохиолдолд “Монгол Улсад иргэдийн улс төрийн эрх зохих түвшинд хангагдсан” олон улсын түвшинд үнэлэгдэнэ.

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.