С.Баярцогт нэр дэвшихээ зарлаж, Ж.Эрдэнэбатын хэрэг прокурорт шилжлээ

486

Сангийн сайд асан, АН-ын гишүүн С.Баярцогт 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ.  Тэрээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна.  Энэ мэдээлэлтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг ч прокурорт шилжлээ. Нэг хэсэгтээ л нам жим байсан асуудлыг АТГ нэг л өглөө дэлгээд мэдээлчихэв.  Бас л сонин тохиолдол.  Үүнийг улс төрийн өнцгөөс харахаас өөр аргагүй.  С.Баярцогт,  Ж.Эрдэнэбат нар хоёулаа Сэлэнгийнх.   Аймгаасаа нэр дэвшиж, парламентад сонгогдож байсан.  2020 оны сонгууль ч тэдний хувьд өрсөлдөөний талбар. Өөрөөр хэлбэл, ирэх  сонгуулиар С.Баярцогт нэр дэвшихэд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Ж.Эрдэнэбат юм.  Харин өнгөрсөн өдрүүдийн процессыг харахад тэдний өрсөлдөөн хөшигний ард эхэлсэн бололтой. С.Баярцогтыг бие даан нэр дэвшинэ гэх мэдээлэл гарснаас ердөө 24 цагийн дараа л Ж.Эрдэнэбатын хэрэг прокурорт шилжчихлээ.  Харин өнөөдөр яахыг тааж мэдэхгүй. 

С.Баярцогтын хувьд Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, оффшорын асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.  Гэсэн ч  нэр дэвшихээр зүтгээд эхэлсэн.  Үүний цаана Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг байгаа гэх яриа ч улс төрийн хүрээнд байна.  Харин Ж.Эрдэнэбатын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байсан.  

МАН дотор М.Энхболдын фракцын хүн. Түүнийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд худалдсан гэх хэрэгт буруутгадаг билээ.

Түүнчлэн АТГ-аас олны анхаарал татсан, төрийн өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт холбогдох хэрэг, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэрэг, М.Энхсайханд холбогдох хэрэг,   “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарын хэрэг, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, тус яамны газрын дарга Д.Доржханд нарт холбогдох хэргийг тус прокурорт шилжүүлжээ. УИХ-ын гишүүн асан  Н.Номтойбаярын хувьд мөн л бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан юм.

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>