Ч.Отгочулуу: Хэтэрхий баатарлаг дүр бүтээх гээд хувийн хэвшлээ золиосолчихлоо

504

-ДУБАЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ДЭМЖИЖ ЯВСАН МАН-ЫН ЛИДЕРҮҮДЭД ЯДАЖ Л ТОМ ТӨСӨЛ ДЭЭР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭХ ЗОРИГ АЛГА-

Эдийн зaсагч Ч.Отгочулуутай ярилцлаа.

-Европын холбоо маргааш (өнөөдөр) мөнгө угаалт ба терроризмын санхүүжилтийн эсрэг олон улсын өмнө үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа орнуудыг хар жагсаалтдаа оруулсан тухайгаа нийтлэх гэж байгаа. Энэ жагсаалтад Монгол орж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Бидэнд тийм эрсдэл байна уу, бий бол яг ямар шалтгаанаар хар жагсаалтад орох тухай яригдаад эхлэв? 

-Панам, Бахамын арлууд, Мавритан, Гана, Монгол зэрэг улс олон улсын санхүүгийн системд аюул учруулж байгаа учир Европын холбооны хар жагсаалтад орох нь бараг тодорхой болж байх шиг байна л даа. 

Монголын хувьд банк, санхүүгийн зах зээлээр дэлхийгээс тусгаарлагдаж, өмнөд хөршийн төрийн банкнуудын гарт орж байна. Ай Эн Жи тэргүүтэй барууны нэр хүндтэй банкнууд Монголыг орхин гарч байгаа нь ч энэ жагсаалттай шууд холбоотой болов уу.

-Цар тахлын үед хувийн хэвшлээ дэмжсэн бодлого алга, ийм шалтгаанаар ажилгүйдэл, ядуурал огцом өсөж яваа гэсэн шүүмжлэлийг МҮХАҮТ-аас хэлж байгаа. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Дэлхийн эдийн засаг хасах руу орох нь тодорхой болчихлоо. Манай эдийн засаг ч агших шинждээ орчихсон. Коронавирусээс өмнө ажилгүйдэл, ядуурал өссөн байсан. Жишээ нь, ядуурал 30 хувь болчихсон байсан. Дахиад жаахан шок үүсэхэд 50 хувь болоход бэлэн гэсэн судалгаа аль өнгөрсөн жил гарсан шүү дээ. Гэтэл түүнээс хойш коронавирусийн шок үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэгэхээр ядуурал нэмэгдэх эрсдэл бодитой болчихсон гэсэн үг.

Ажилгүйдэл огцом өсөж байна. 110 орчим мянган хүн ажилгүй гэсэн албан ёсны тоо бий. Хорио цээрийн хугацаанд нэмээд 40 мянган хүн ажилгүй болчихлоо гэсэн судалгаа гараад байна. Төрийн том аж ахуйн нэгжүүд хүртэл ажилчдаа 100, 200-гаар нь халаад эхэлсэн байна лээ.

-Тэгэхээр ажилгүйчүүдийн тоо дор хаяж 150 мянга хүрчихлээ гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Ихэнх улсын хувьд хүнийхээ эрүүл мэнд, эдийн засгаа давхар анхаараад явж байна. Учир нь нэгэнт уначихсан эдийн засгийг сэргээхэд урт хугацаа шаардагддаг. Манайх хоёр гуравхан хилийн боомттой, хэдхэн зуун хүн өдөртөө орж ирдэг жижигхэн улс.

Вирусийг гаднаас оруулж ирэхгүй хянаад амьдрах бүрэн боломжтой. Энэ давуу талдаа түшиглээд дотоодын эдийн засгаа боомилохгүй урагшлах арга байсан ч харамсалтай нь ашигласангүй. Хэтэрхий баатарлаг дүр бүтээх гээд “би үхэхээр чи үх” гэсэн бодлогыг хувийн хэвшилдээ тулгалаа. Аж ахуйн нэгжүүдээ золиосолж байна л даа.

-Нээрээ л тэгсэн, наад захын жишээ нь тойрогтоо хуваарилсан мөнгөө хав дараад төсвийн тодотголоо хийсэнгүй...?

-Харин тэглээ. Уг нь төсвийн тодотгол хийгээд тойргийн усалгаа болсон үр ашиггүй хөшөө дурсгал, улаан булангийн зардлаа хэмнэчихсэн бол алдагдал буурах байсан. Төсвийн орлогыг бууруулаад татвар, НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийг бодитоор үзүүлэх боломж байсан ч тэгсэнгүй. Одоо хөнгөллөө, чөлөөллөө гэж байгаа ч яг хариуцсан газартаа очихоороо хана мөргөж буцаад байна.

-Манайх хувийн хэвшлийнхнээ хаасан боосон шийдлүүд түлхүү гаргаад байгаа нь дэлхийн хандлагатай холбоотой байна уу?

-Дэлхийн ихэнх орон бизнесийн эрх чөлөөг маш сайн хангаж өгч байна. Тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, тоог нь багасгаж байна. Гэтэл манайд тусгай зөвшөөрлийн тоо улам өсөж байгаа. Өмнө нь гурван гарын үсгээр зөвшөөрөл авдаг байсан одоо найм болчихсон байх нь энүүхэнд.

Агентлагуудын тавьдаг шаардлага нь хоорондоо зөрөөд нэг төр гэхэд хэцүү боллоо л доо. Гэтэл эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн 2.7.6-д тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин бууруулна гэсэн заалт бий.

-Зөвшөөрөл өгдөг үйлчилгээний тоо ихэссэн гэсэн үг үү, эсвэл гарын үсгийнх нь тоо өсчихөв үү?

-Аль аль нь. Боловсруулах үйлдвэрлэл эрхлэхэд маш олон зөвлөлөөр орж, өчнөөн хүнээс гарын үсэг авч байна. Өмнө нь ийм байгаагүй. Хямралын үед экспортоо аль болох тэлж, гадагшаа юм зарж амьдрах ёстой байдаг. Гэтэл тийм боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд НӨАТ-ын ачаалал өгчихсөн. Дээр нь маш олон тусгай зөвшөөрлийн ачаалал өгчихлөө. Ийм маягаар цар тахлын хямралаас гарч чадахгүй.

-Тэгвэл хямралаас гарах ямар боломж байна?

-Цар тахал өнөө маргаашдаа дуусахгүй. Хоёр дахь давалгаа бий гэсэн таамаглал бий. Цаашдаа үүнтэй төстэй тахлуудын давтамж ойртоно. Хүн төрөлхтний ирээдүйд биологи, бактериологийн дайны аюул болж мэднэ гэсэн шинжээчдийн байр сууриуд дуулдаад эхэллээ. Үнэн худлыг нь яг таг хэлж мэдэхгүй ч болгоомж илүүдэхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд дэлхийн улс орнуудад амьдарч байгаа монголчуудаа татаж авчрах хэрэгтэй. Гаднаас авчирсан эх орон нэгтнүүдээ байрлуулах газар байгаа шүү дээ, манайд. Өмнө нь манай улс хүйтэн дайны үед биологийн дайн гарч магадгүй гэсэн болгоомжлолоор Дорнодод маш том хээрийн полигонууд байгуулсан байдаг юм, газар доогуур.

-Газар доогуур аа?

-Тийм ээ, Чойбалсангаас холгүй бий. Баянтүмэнд бас байгаа байх шүү. Тэнд хээрийн эмнэлэг дэлгээд хүмүүсээ авчирч байсан нь дээр дээ.

-Та сая онгоц хүртэл орчихдог гэлээ. Тэгэхээр том газрыг хамардаг байх нь ээ?

-Хашаа татсан байдаг юм. Орж үзээгүй, гаднаас нь харахад том талбайг эзэлсэн анзаарагддаг. Хямралыг боломж болгох нэг гарц нь хөрөнгө оруулалт татах. Өнөөдрийн тухайд хувьцааны үнэ навс уначихсан. Дэлхийд 20 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байдаг. Эрсдэлтэй төслүүдэд ордог нь 300 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Хайгуул гэх мэт бүр эрсдэлтэй төслүүдэд жилд 300-700 сая ам.доллар зарцуулагддаг. Энэ мөнгөний ихэнх нь зэс, газрын ховор элемент, алт руу яваад байна л даа.

Учир нь коронавирусийн дараах дэлхий ертөнц илүү дижитал болно. Зайнаас хуралдаж ажиллаж, аж төрцгөөнө. Зайнаас хуралдахын тулд өндөр хүчин чадалтай дата серверүүд хэрэгтэй болно. Эдгээр серверийн чип, кабелийг нь хийхийн тулд зэс хэрэгтэй. Өмнө нь газрын тос, зэсийн ханш харилцан хамааралтайгаар унадаг байсан бол сүүлийн үед байдал өөрчлөгдчихлөө. Газрын тосны үнэ унаад байхад зэсийн ханш бага зэрэг унаж байгаад буцаад өсчихлөө. Коронавирусийн дараа зэс, алт, газрын ховор элемент үнэд орох нь тодорхой болсны дохио л доо.

Норвегийн баялгийн сан технологийн компаниудад тав хүртэлх хувийн хувьцаа эзэмшдэг байсан бол одоо арав гаруй хувь болгоод өсгөчихөж байна. Хямралын дараа технологийн компаниудын хувьцааны үнэлгээ буцаад өсөх нь тодорхой учраас ийм шийдэлд хүрсэн хэрэг. Учир нь Норвегийн баялгийн санд асар их мөнгө сул хэвтэж байгаа. Хувьцааны үнэ навс унасан энэ үед хөрөнгө оруулагчид ирээдүйтэй компанийн хувьцааг худалдаж авсаар байна. Эрсдэлийг ашиглаж технологи эзэмшлийн давуу талыг олж авч байгаа хэрэг.

-Тэгвэл бидэнд хямралыг ашиглах ямар боломж байна?

-Яг энэ боломжийг ашиглаад зэс, газрын ховор элемент дээр том хөрөнгө оруулалтыг татсан шигээ суух ёстой. Өнгөрсөн долоо хоногт Канад, Америк, Австралийн хөрөнгө оруулалтын сэтгүүлүүдэд “Оюу толгойгоос холгүй зэсийн дажгүй орд олдчихлоо” гэсэн утгатай мэдээлэл гарсан харагдсан. Хэчнээн хямрал болж байгаа ч хөрөнгө оруулагчид боломжийг олж харчихаад байна аа л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, монголчууд хямралын дараах эдийн засагт байр сууриа бэхжүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. 

Хувьцааны ханш хуйгаараа уначихаар хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлээс мөнгөө татаж таарна. Банканд хадгалах гэхээр улс орнууд бултаараа хүүгээ бууруулсан учраас хадгаламж ашиггүй болчихож байгаа юм. Энэ тохиолдолд их мөнгөтэй хөрөнгө оруулалтын сангууд эрсдэлтэй ч гэсэн ирээдүйд өгөөжөө өгөх салбаруудад мөнгөө байршуулаад эхэлж байна. Манай Засгийн газрын бондуудын өгөөж яг өнөөхөндөө дажгүй байгаа нь цаанаа ийм учиртай.

-Өөр ямар гарц харагдаж байна вэ?

-Магадгүй бид эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж, өмнө нь яригдаж байсан нүүрсний орд дагасан цахилгаан станцуудаа барьчихвал том дата төвүүд барьж крипто-валютын майнинг хийж болж байна.

Сүүлд гэхэд Хятад дижитал юань гээд гаргачихлаа шүү дээ. Томоохон дата төвүүд ажиллуулах цаг уур, орчин нөхцөлийн давуу тал бидэнд бий. Цар тахал дэгдлээ гэхэд цөөхөн боомттой, хүн ам цөөн гэсэн давуу тал бас байна. Зэс, алт, газрын ховор элементийн дажгүй нөөц байх өндөр боломжтой, Хятад гэж том зах зээлийн бөөрөнд гэж ирээд жагсаавал бид олон давуу талтай.

Үүнээс гадна шинэ онгоцны буудлаа байгуулчихвал онгоцны карго тээврээр их мөнгө олох боломжтой. Цар тахлын дараа онгоцны тээвэр хүчээ авна. Солонгос, Японыг Европтой холбоод байхад манайх агаарын тээвэр дээр асар өндөр тоотой валют олох боломж бий. Иймэрхүү зоригтой алхмуудыг хийх хэрэгтэй.

-Сүүлийн үед засгаас авч байгаа арга хэмжээнээс олзуурхаж магтмаар шийдэл, шийдвэр гэвэл юуг онцлох вэ?

-Харамсалтай нь алга. Чингисийн хөшөө л барих юм биш үү. Уг нь Чингисийн хөшөө биш Чингисийн ухаан нь хэрэгтэй баймаар юм. Ер нь 12-13 дугаар зуунд монголчууд зэрлэг бүдүүлэгтээ ялаад яваагүй юм билээ.

Наад захын тод жишээ нь металлурги айхавтар хөгжсөн байсан. Монгол ба Өмнөд Солонгосын археологичид судалгаа хийгээд "Монголын хүрэл зэвсэг хийдэг технологи Хятадынхаас илүү гарна уу гэхээс дутуу биш байна" гээд дүгнэчихлээ. Зэс хайлуулдаг жижиг тогоо гэхэд л Увсаас Өмнөговь хүртэлх газраас маш олноороо олдож байна.

Зэсээ хайлуулж тугалгатай хольж хүрэл гаргаж аваад маш чанартай дөрөө, сумны зэв, хуяг дуулга хийж байж. Гэтэл европчуудын хуяг дуулга төмрөөр хийдэг учраас маш хүнд байсан. Манайх хүрэл учраас хөнгөн хэр нь бат бөх байж л дээ. Нэг шүүмжлэл хэлэхэд манай сайд нар хэтэрхий амиа бодсон, аймхай байна. Шинэ Засгийн газрын сайд нар ийм байвал улсаараа хэцүүднэ,

-Тахлын дараа эдийн засаг хэцүүдэх учраас зоригтой шийдвэрүүд гаргах ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Яг тийм. Ард түмэнд таалагдахгүй шийдвэр гаргахаас өөр арга байхгүй. Сонгуулийн дараа хамтарсан, золиосны Засгийн газар байгуулагдах байх. Тэгж байж эдийн засгаа аварч үлдэнэ. Учир нь сонгуулийн дараа ханш, ажилгүйдэл, ядуурал гээд асар том шок ирэх нь тодорхой болчихлоо.

Өнөөхөндөө валютын сангийн хөтөлбөр, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, зэсийн үнэ өндөр байсан гэх мэт зүйлүүдэд дулдуйдаад яваад байна л даа. Сонгууль хүртэл барих байх. Сонгуулийн дараа зохиомол барилт нь зад үсэрнэ. Тэр үед үүсэх хүндрэлийн ер төлөөсийг өнөөгийн сайд нар төлөхгүй.

Дахиад л ардын баатрын дүр эсгэж сонгогдоод зөөлөн суудалд тухалж амьдарцгаана. Хувийн хэвшлийнхэн, дундаж давхарга, эмзэг бүлгийнхэн хамгийн том төлөөс төлж, хамгийн хүнд ачаа үүрнэ. Ийм айхавтар эрсдэл дундуур туучихгүйн тулд хамтарсан золиосны Засгийн газар байгуулж том төслүүдээ явуулах ёстой.

-Оюу толгойтой хамаатай хоёр ч шийдвэр дээр ажилласан хүмүүсийг барьж хориод шүүнэ энэ тэр болоод явчихлаа. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдын хувьд маш том сөрөг дохио биз?

-Ойлгомжтой шүү дээ. Гуравдагч хөршийнхнөөс гадна оросуудыг хүртэл гомдоочихсон, Эрдэнэтийн 49 хувь дээр луйвар хийсэн гэж гүтгээд. Оросын “Ростех” чинь засгаасаа илүү эрх мэдэлтэй. Дэлхийн хамгийн том хуулийн компаниудыг хөлсөлж өөрсдөө хэлцлээ хийсэн, зарсан хувийг нь манайхан хуулийн дагуу авсан байдаг юм.

“Ростех” тухайн үед мэдэгдэл хүртэл гаргасаар байхад манайхан хойд хөршийн нэг жижиг компанитай нийлээд луйвар хийсэн юм шиг яриад яваа. Шуудхан хэлэхэд бид нэг улсаас айхавтар хараат болж байна. Манай том банкнуудын гадаад гүйлгээг Хятадын банкнууд хийхээр боллоо. Гадаад бодлого дээрээ маш том ухралт хийчихлээ л дээ.

Оюу толгойтой хамаатай шийдвэр гаргалт дээр ажилласан хүмүүсийг шүүх гэж байгаагийн хувьд ганц зүйлийг л тодруулж хэлмээр байна.

Дубай дээр тухайн үеийн МАН-ын лидерүүд, одоо засаг тэргүүлж байгаа хүмүүс дэмжсэн байр суурьтай байсан. Гэтэл өнөөдөр хамтдаа шийдвэр гаргасан нөхдөө өмөөрөөд ганц үг дуугарчихдаггүй юм аа гэхэд ядаж л том төсөл дээр ямар байр суурьтайгаа илэрхийлэх зүрх зориг тэдэнд алга. Л.Түдэв гуай “Хүний хамгийн том албан тушаал бол хүн байх явдал”гэж хэлсэн байдаг. Монгол эр хүн ямар ч алба хашиж болно.

Гэхдээ албан тушаал хараад хүн чанараа гээж, Түгжил соёл түгээгээд байвал энэ улсын ирээдүй хойч дэлхийтэй яаж харилцах вэ? Бодохоор асуулт шүү.

-Манай сонин саяхан хойд хөршид суугаа элчнийг цар тахлын үеэр оюутнуудаа анхаарсангүй гэж шүүмжилсэн. Цар тахлын үед элчингүүдийн хийх ёстой ажлын нэг нь түрүүн таны хэлсэнчлэн хөрөнгө оруулалт татах ажил баймаар. Ер нь элчингүүд тахлын үед үүргээ гүйцэтгэх тал дээр хэр ажиллаж яваа гэж та харж байна вэ?

-Элчингүүдийн нэг үүрэг бол хөрөнгө оруулалт татах. Харамсалтай нь энэ чиглэлээр ажилласан юм алга. Шуудхан хэлэхэд хар тамхины наймаанаас хэтрэхгүй байна л даа. Цар тахлын үеэр иргэнийхээ төлөө хийж яваа юм байхгүй гэдэгтэй санал нэг байна.

-Эрх баригчид алсын хараа 2050 энэ тэр гээд ирээдүйгээ харсан бодлогын баримт бичиг хийгээд яваа анзаарагдах юм. Тэр бичиг баримтыг нь олж харсан уу?

-Хальт харсан. Зангидсан зүйл нь тааруу юм билээ. Судалгаа үндэслэл нь бодит байдлаас зөрүүтэй, хэт өөдрөг санагдсан.

-Судалгаагүй мөрөөдөл бичсэн гэдэг дээр ямар жишээ байна?

-Их л олон хот суурин байгуулна гэсэн байна лээ. Эдийн засгийн хувьд өөрийгөө тэтгэх боломжтой, ядаж л эмч, багш нарын хүрэлцээ сайн байж хот бий болдог. Гэтэл тэр талыг нь шийдсэн юу ч харагдаагүй. Хүмүүсийн цалинг маш өөдрөгөөр төсөөлсөн харагдсан. Бүтээмж, гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр цалин өсөхгүй. Гэтэл өнөөдөр ямар байгаа билээ, гадаадын хөрөнгө оруулалтыг бараг бүгдийг нь хөөгөөд гаргачихсан. Солонгос, Японы жишээг нэлээд сайн авсан гэж тайлбарлаж байсан. Гэтэл тэр улсууд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж хөгжсөн түүхтэй. Манайх шиг гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж гаргаад, дотооддоо бизнес хийж яваа бүх хүнээ барьж авч шоронд хийгээд байвал хөгжихгүй.

Уг нь “Тогтвортой хөгжил 2030” олон улсын стандартаар хийсэн сайн бодлого байсан юм. Яг энэ бодлогын дагуу Сангийн сайд саявтар НҮБ-аас нэлээд том төсөл авч харагдсан. АН арай олон суудалтай байхдаа энэ бодлогыг гаргасан болохоор 2050 гэсэн бодлого баталж сөргүүлж тавиад байгаа ч юм шиг. Хамгийн аюултай нь Германы Хөгжлийн яам Тогтвортой хөгжил-2030, хүний эрх ардчилал дээр дэвшил гаргахгүй байна гэсэн шалтгаанаар төслөө зогсоох орнуУдын тоонд Монголыг оруулсан байна лээ. Монголын гол бэрхшээл энэ л дээ. Тодруулж хэлбэл, Засгийн газар бүр өөрсдөө урт хугацааны бодлого гаргаж ирээд байна.

-Эдийн засагчийнхаа хувьд Засгийн газарт ямар зөвлөгөө өгөх вэ?

-Өмнөх Засгийн газрууд иймэрхүү хүнд байдал, хямралуудыг даваад гарч байсан. Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөө манайд жилийн дараа нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл дараа жилийн өдийд хямралын нөлөө жинхэнэ утгаараа мэдрэгдэнэ. Тэгэхээр хямралтай жилүүдэд зовлон үзсэн, асуудлыг давж гарсан хүмүүсээс бүрдсэн зөвлөхүүдийн баг байгуулах ёстой. Тэгэхгүй бол манай Засгийн газрын сайд нарт багийн тоглолт гэж алга. Хүн бүр хувийн тоглолт хийж, тус бүрдээ ардын баатар болоод байна л даа.

Нэг л юманд маш сайн байна. Цэдэнбалын үеийнх шиг пропоганда хийхдээ үнэхээр сайн байгаа. Зохиомол дайсан олохдоо сайн хэр нь шийдэл олохдоо маш муу байна. Уг нь шийдэл олж байсан, одоо ч олж чадах хүмүүс бий. Хамгийн том жишээ нь С.Баяр, М.Энхсайхан хоёр. Гэтэл нэгийг нь хорьж, нөгөөг нь хорих гээд шүүж байх жишээний. Уг нь тэд шүүхийн танхимд биш УИХ, Засгийн газрын танхимд зөвлөгөө өгөөд сууж байх ёстой.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>