Роскосмос, NASA хоёр харилцан нэг нэгнийхээ хөлөгт нөөц суудал ашиглах талаар хэлэлцэж байгааг мэдээлжээ

55

Оросын сансрын агентлаг Роскосмос АНУ-ын NASA-тай харилцан нэг нэгнийхээ сансрын хөлөгт нөөц суудал ашиглах боломжийн талаар хэлэлцэж байгааг Роскосмосын Казахстан дахь төлөөлөгч Анатолий Красников өнөөдөр мэдээлжээ. Өөрөөр хэлбэл Оросын сансрын нисгэгчид шаардлагатай тохиолдолд АНУ-ын сансрын хөлөгт суудал захиалж тойрог замд хүрэх, Америкийн тал мөн шаардлагатай тохиолдолд Оросын хөлөгт суудал авч Олон Улсын Сансрын Станц руу нисэх нөөц төлөвлөгөөтэй байх юм.

Олон Улсын Сансрын Станцад ажиллах хоёр улсын сансрын нисгэгчид Роскосмос болон NASA-гийн сансрын хөлөгт аль алинд нь ажиллах чадвартай байх шаардлага хэрэгцээ бий болж байгааг Красников тайлбарлажээ. “Ийм сонирхол Орос, Америкийн талуудад хоёуланд нь байгаа” гэж тэр хэлсэн байна.

Красников бас АНУ-ын тал тойрог замд өөрийн хөлгөөр амжиллтай хүрч, Crew Dragon хөлөг Олон Улсын Сансрын Станцтай ямар нэг асуудалгүй залгагдсанд Оросын мэргэжил нэгт нөхөд нь баяртай байгааг энэ үеэр мэдэгдээд баяр хүргэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт SpaceX компанийн Falcon 9 пуужин NASA-гийн хоёр сансрын нисгэгчийг Crew Dragon хөлгийн хамт тойрог замд амжилттай хүргэсэн бөгөөд Ням гарагт тус хөлөг Олон Улсын Сансрын Станцтай залгагдсан юм. Энэ нь АНУ сансарт хүн хөөргөх хөтөлбөрөө 2011 онд зогсоосноос хойш анхны тохиолдол болжээ. 

Р.Түвшин

Эх сурвалж: ТАСС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.