УИХ дахь МАН-ын бүлгээс лхагва гариг бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцож, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд хүлээгдэж байгаа хуулийн төслүүдийн талаар мэдээллээ.
УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд нийт 124 хууль, бусад шийдвэрийн төсөл байгаа аж. Үүнээс 68-ыг нь хэлэлцэж эхлээгүй, нэг нь эцсийн хэлэлцүүлэгт, 55 нь байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт гацсан байдалтай байна. Харин УИХ-ын даргын захирамжаар хаврын ээлжит чуулганаар 33 хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл хэлэлцэхээр дараалал тогтоосон. Гэтэл УИХ-ын хаврын чуулган завсарлахад 20-иод хоног үлдээд байхад дөнгөж гурван хууль батлагдаж, 21 нь хэлэлцүүлгийн шатанд, гурав нь өргөн мэдүүлээд хэлэлцэж эхлээгүй, зургаа нь өргөн мэдүүлэгдээгүй байна гэж Я.Содбаатар гишүүн мэдээллээ. Түүнчлэн хэлэлцэх асуудлын дараалалд огт ороогүй 16 хууль тогтоомжийн шийдвэр, "нэн яаралтай" гэсэн горимоор Засгийн газраас оруулж ирсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Газрын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нийт 28 хуулийн төсөл өргөн мэдүүлсэн ч 20-ынх нь хэлэлцэх эсэх нь өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Ялангуяа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тэтгэврийн насыг наашлуулах, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга гэх мэт нийгэмд хамгийн их хүлээлттэй байгаа хуулийн төслүүд хэлэлцэгдэхгүй удаж байгаа учраас яаралтай хэлэлцэхийг шаардаж буйгаа УИХ-ын гишүүн Я.Содбаатар онцлов. Тэрээр хэлэхдээ "УИХ-ын даргын үзэмжээр долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалал тогтоогдож байна. Гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд учраас ялгавартай хандаж цаг алдан хүлээгдэж байна. Хаврын чуулган завсарлахаас өмнө энэ асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байна" гэлээ.
Эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэврийн насыг ижил болгохгүй
УИХ дахь МАН-ын бүлэг "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын баримт батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр завсарлага авсан. Яагаад завсарлага авсан талаар Я.Содбаатар гишүүн тайлбарлахдаа "Засгийн газар энэ бодлогын баримт бичигт тэтгэврийн насыг нэмэх, нийгмийн даатгалын шимтгэлийн одоо мөрдөж байгаа 14 хувийг 19 болгох асуудлыг оруулж ирсэн. Хувь хүн 9, байгууллага 10 хувийг нь төлөх энэ саналыг хүлээн зөвшөөрч болохгүй, одооийн хувь хэмжээ, тогтолцоог хэвээр хадгалах байр суурьтай байгаагаа МАН-ын бүлэг илэрхийлсэн. Тиймээс эдгээр саналыг байнгын хороон дээр бид хасуулсан. Хэрвээ нийгмийн даатгалын хувь хэмжээг ийм байдлаар нэмэгдүүлбэл иргэд, аж ахуйн нэгжид дарамт болно, нэмэлт ачаа үүрүүлнэ. Ер нь аж ахуйн нэгж, иргэдэд ачаалал үүсгэхгүй байдлаар асуудлыг шийдэх ёстой" гэв. Мөн эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг ижил болгох заалтыг уг бодлогын баримт бичигт тусгасныг дэмжихгүй. Үүнээс гадна тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хүрээнд авч үзэх ёстой зайлшгүй асуудал бол тэтгэврийн зээлийн хүүг бууруулах. Учир нь тэтгэвэр авч буй ахмад настны дийлэнх хувь нь тэтгэврийн зээлтэй. Түүнчлэн малчдын тэтгэврийн насыг наашлуулах асуудлыг энэ бодлогын баримт бичгийн хүрээнд уялдуулан авч үзэх шаардлагатайг онцоллоо.