Солонгосын "Ариранг" телевизийнхэн Монголд ан хийхээр ирээд бүтэлгүйтжээ Ноцтой мэдээ 14-08-2014, 09:55 4462 Хуваалцах Одоогоос хэдэн жилийн өмнө манайхны сайн мэдэх Өмнөд Солонгосын "Ариранг” телевизийнхэн монголчууд чоно яаж агнадгийг харуулсан нэвтрүүлэг хийхээр иржээ. Гэвч тэдний ажил санаснаар бүтсэнгүй. Бүтэлгүйтэж бүтэлгүйтэж аргаа бараад сүүлд нь үзэгчдээ хуурах нэг мэх бодож олоод тэр нь ч холион бантан болж яалт ч үгүй нутаг буцсан байна. Уул нь "Ариранг”-ийнхан чонын ан хийнэ гэж монголчууд ёстой нэг үзүүлээд өгдөг улс гэж дуулаад, тэр мундаг ажлыг нь солонгосчуудад ангайтал нь харуулсан луг нэвтрүүлэг хийнэ хэмээн сүртэй иржээ. Ирээд зэвсэг техник гэж жигтэйхэн юм агссан, хэдэн машинтай, галзуу чонын аманд гараа хийхээс буцахгүй гэсээр Булганы Могодод очиж. Нутгийн сүпер анчин гэсэн нэг хүнийг олж, туслах нартай нь өчнөөн ногооноор хөлслөөд андаа гарчээ. Үргээлэг ч зохион байгуулж, чоныг сүрэг сүргээр нь хядаад л камердаад байх юм болов. Гэтэл чоно байдаггүй. Анчин нь бүтэлгүй юм таарсан уу, эсвэл мань солонгосуудын үйлс нь тэгтлээ хазайсан уу, айлын хаалгаар орж ирээд хүнийг нь зуугаад явах нь холгүй байдаг Могодын олон чоно бараа туруугүй. Ганц нэгхээн боохой үзэгдсэн ч модтой газар болохоор дорхноо цаагуур нь ороод алга болжээ. Чоно ч алсан юм байхгүй, зураг авах ч лөөлөө болов. Нүдээ ширгэтэл чоно харуулдсаар 5 хоног өнгөрч, солонгос телевизийн хөлөг баатруудын авч ирсэн кимчи, томилолтын хугацаа хоёул нэг өдөр дуусах нь тэр. Тэгээд мань баатрууд наадуулдаа үнэнээ хэлжээ. "За, буцах боллоо. Хоосон очвол алуулна, ерөөсөө л хулхидья. Чоно агнасан болж жүжиглэж зураг аваад л харья. Өөр аргагүй, хаашдаа дүүрсэн” гэжээ. Тэгээд жүжигчин чоно хаанаас олох вэ гэтэл, ашгүй Улсын циркэд бас мань сайн эрүүд шиг үйлс нь олон градус хазайсан нэг заяагүй чоно яахаа мэдэхгүй хэвтэж байж. Баярласандаа, хармаанд үлдсэн хэдэн воноо бүгдийг нь, тоолж ч үзэлгүй базаж чулуудчихаад чоноо авч Тэрэлж гарав. Тэндэхийн нэг анчинд хэдэн цаас атгуулж байгаад бас хуйвалджээ. "Та энэ чоныг тэндээс гараад ирэхээр нь үсэртэл нь л буудчих. Өөр юм хэрэггүй” гэж. Тэгээд чоноо нэг хүнд хөтлүүлж хадны цаагуур нуугаад, анчнаа наахна нь буутай нь хэвтүүлж аваад камер мамераа асааж бэлдээд, "мотоор” гэнгүүт алдарт "Ариранг” телевизийн гадаадад хийсэн нэвтрүүлгийн зураг авалт эхлэх нь тэр. Чоно ч салгалаад гараад ирэхгүй хаачихав. Буудаарай л болсон, буудсан. Тэгсэн чоно буцаад л салгалах нь тэр. Юу болов оо гэтэл Тэрэлжийн тэргүүний анчин өнөө чонын өрөөсөн хөлийг хуга буудчихжээ. "Ариранг”-ийн солонгосууд монгол анчинд үүнээс хойш хэзээ ч итгэхгүй гэж Булганд байхдаа андгай тангараг тавьсан тул хаширлаад энэ удаагийн чонын авыг тун бага талбайд зохион байгуулсан юмсанж. Буугаа дөмөгхөн хүчтэй чулуудахад л чоноо нам онохоор ойрхон зай байсан гэдэг. Ингээд өнөө үйлсгүй чоно маань "муухайд улцан” гэгчээр доголон болж аваад мод руу орж далдарчээ. "Хүний гараас юм идээд сурчихсан тул хангайд идээшихгүй, айл амьтан руу буцаад ирнэ” хэмээн Тэрэлжийнхэн ярилцаж байв. Энэ явдлыг манай сурвалжлагчид өгүүлэгч, тэдгээр солонгосчуудаас тэр өдөртөө салсан бөгөөд цаашид яасныг нь мэдээгүй гэнэ. Харин сая цагаан сарын өмнөхөн гэртээ зурагт үзээд сууж байж. "Ариранг” дээр сувгаа тааруултал, морь мал гараад л байна гэнэ. Гэтэл Монголын тухай нэвтрүүлэг аж. Лавшруулаад сонирхтол, Монголын чонын авыг үзүүлнэ л гэж байна гэнэ. Тэгээд хараад байсан чинь нэг өвгөн гэртээ цай ууж суух юм гэнэ. Тэгтэл гаднаас нэг хүүхэд харайж орж ирээд "Чоно явж байна, хүүе хаая” болоод явчихав. Өвгөн ч даруй босч гэрт байсан хүмүүсийг захиран "Явж тэр чоныг алья” гэж байгаа бололтой. Хүмүүс гэрээс гарч мордоод саахалт хэртэй холдож байтал урьдаас нь нэг морьтой хүн, нэг муу гуриатсан чоныг харсаар байтал туучихсан ирж явах юм гэнэ. Тэгж байтал буу тас няс хийх шиг л болсон, "Чоноо аллаа, боллоо” гэж хөтлөгч нь яриад л төдөлгүй нэвтрүүлэг нь дуусчих юм гэнэ. Тэгсэн тэр яавч мань хашруудын хийсэн ажил бололтой. Ингэж "Ариранг” телевиз монголчуудын үндэсний чоно агнуурын онцлогийг солонгосчуудад харуулав. Үүнийг өгүүлэгчийн ярьж байгаагаар, Солонгосын хамгийн том телевиз, KBC саяхан Монголд ирж бүргэдийн ангийн тухай нэвтрүүлэг хийсэн гэнэ. Тэдний ямар адал явдалтай учирсаныг хэлж мэдэхгүй ч ер нь иймэрхүү ажлаар ирж байгаа солонгосчуудад манайхан хөөрхөн юм "амсуулах” явдал үе үе гардаг бололтой. Өмнөд Солонгосын хөдөөний нэг жижигхэн сонины соёл урлагийн албаны хоёр сурвалжлагч Монголын бөөгийн тухай юм бичиж, бөөлүүлж зураг хөргийг нь авахаар өнгөрсөн 9 дүгээр сард Монголд иржээ. Бөө сайн мэддэгээр нь хамгийн түрүүнд эрдэмтэн С.Дуламыг заалган олж уулзав. Хаа газрын хөдөөнийхөн адилхан болохоор сайхь хоёр, мангар мангар юм яриад, бичих гэж байгаа юмныхаа тухай "а” ч үгүй гэдэг нь илт байсан учраас С.Дулам эрдэмтэн тэднээс салахын түүс болжээ. Гэхдээ "Та нар хот орноос жинхэнэ бөө олж уулзана гэж бараг байхгүй. Хөвсгөлд ч очсон, жилдээ ганц нэг бөөлдөг ганц нэгхэн хүн л бий, тэд ч олдохгүй. Харин хуурамч бөө нар бол хотод зөндөө бий” гэжээ. Мөн "Сая Солонгос-Монголын бөөгийн холбоо гэж байгуулагдсаныг сонирхоход бүгд мөнгө хөөсөн "бөө” нар байна лээ” гээд хэлээд авчээ. Тэгээд зайран Бямбадорж гэж байдгийг дуулаад очтол зөвхөн бүтэн сайнд бөөлдөг гэж. Харин сайхь хоёр тэр бүтэн сайнд нь буцах билеттэй учир арга мухарджээ. Орчуулагчийн зөвлөснөөр Гандангийн урд хүр дээр байдаг "Бөөгийн төв” гэдэг дээр очтол нэг жаал "Том бөө маань Америк явсан, би орлож байна” гэжээ. "Хэзээ ирэх вэ” гэтэл "Мөд ирэхгүй, тэндээ "харлачихсан” гэжээ. Тэгээд "Нарантуул” захын урд бас бөөгийн хуаран байдаг гэж дуулаад тийшээ очив. "Бөө судлалын төв” гэсэн хаягтай байшин руу яваад ортол хоймрын орон дээр нэг бөө, хажуугийн орыг түшээд бас нэг бөө шал согтуу, тас үсэрчихсэн байв. Арай гэж сэрээж мэнд усаа мэдтэл "Алив наашаа суу. Үзүүлж харуулах юм уу” гэж байна гэнэ. "Үгүй эд гаднын улс байгаа юм аа” гээд хэрэг зоригийг нь хэлтэл "Өө, бөөлнө бөөлнө. Одоохон бөөлөөд өгье” гээд босоод ирж. "Согтуу болдог юм уу” гэж гайхтал "Согтуу тусмаа сайн” гэжээ. Хоёр солонгос тэндээс бие засаатхая гэж худлаа хэлж гараад тэр чигээрээ архи уусаар нутаг буцсан гэнэ. Б.Бат-Амгалан 4462 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 12-08-2014, 10:54 Л.Балхжав “улс төрийн од” төрүүлэх нь буюу Аймшиг… 1-08-2014, 18:34 Б. Түмэнжаргал, Э. Оюунсүрэн хоёр ядарсан иргэний 35 сая төгрөгийг зальдаж авчихаад шар махтай нь хатааж байна… 21-07-2014, 20:45 Амбий чоно алаад буугаа мялааж байгаа бичлэг… 21-07-2014, 09:38 Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэнч...… 7-07-2014, 23:23 Модон сандал /өгүүллэг/… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.