Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулсан “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ын үеэр Улаанбаатар хот 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдээлэв.

Нийслэл Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтын суваг нээсэн байна. Мөн Дэлхийн банк групптэй гурван салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт татах асуудлаар яриа хэлэлцээр хийжээ.

Улаанбаатар хот BYD компанитай хамтран ажиллаж, нийтийн тээврийн салбарт шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх суурийг тавьсан байна. Түүнчлэн UNDP болон бусад олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ.

COP17 хурлын хүрээнд Монгол Улс ой, байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татах боломж бүрдсэн байна. Мөн 10 цахилгаан автомашиныг зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оржээ.

Хурлаар газрын доройтол, ган гачигтай тэмцэх хэрэгжилт, санхүүжилт болон шинжлэх ухааны үүргийг хэлэлцэж байна. “Улаанбаатарын тунхаглал”, түүнийг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулах “Улаанбаатарын санаачилга”-ыг дэвшүүлэхээр төлөвлөжээ.