Долдугаар сараас есдүгээр сард баруун аймгуудын нутгаар хур тунадас бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байна. Төвийн аймгуудын нутгаар долоо болон наймдугаар сард агаарын температур дунджаас дулаан, хур тунадас дунджийн орчим байх төлөв ажиглагджээ.

Баруун бүсэд наршилт, харшил, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх, бэлчээр болон усны нөөцөд анхаарах шаардлага тулгарч байна. Төвийн нутгаар усархаг аадар бороо, аянга цахилгаан, нөөлөг салхины улмаас голын усны түвшин нэмэгдэх эрсдэлтэй.

Говь болон зүүн аймгуудын нутгаар ирэх саруудад хур тунадас ихтэй, сэрүүн, салхитай байх төлөв ажиглагдсан байна. Иймд болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Наймдугаар сарын 10-ны өдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар секундэд 4-9 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Шөнөдөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр агаарын температур 3-аас 8 градус дулаан байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-оос 25 градус дулаан хонох төлөвтэй.