Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, монгол судлаачдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Эдгээр эрдэмтэд монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, Монголын түүх, хэл, соёлыг дэлхий дахинд сурталчлах үйлсэд хувь нэмэр оруулжээ. Ерөнхийлөгч шагнал хүртсэн эрхмүүд болон тэдний гэр бүлд баяр хүргэж, амжилт хүсэв.

АНУ-ын Индианагийн их сургуулийн ахлах багш Лэгдэнгийн Цэрэнчунтод Монгол Улсын Гавьяат багш цол хүртээв. Тэрээр монгол хэл, соёлыг хилийн чанадад зааж сургах, түгээн дэлгэрүүлэхэд олон жил ажилласан байна.

Алтан гадас одонгоор БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн профессор Шаравын Цэцэнцогт, АНУ-ын Орегоны их сургуулийн профессор Эстер Жэйкобсон-Тефер нарыг шагнажээ. Мөн БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургуулийн багш, профессор Орломжавын Жагар, Сампилын Гарьд нар уг одонг хүртсэн байна.

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн профессор И Сонбуг, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын иргэн, Метро стэйт их сургуулийн туслах багш Габриэль Бамана нарт мөн Алтан гадас одон гардууллаа. Шагнагдсан эрдэмтдийн дунд ОХУ-ын иргэн багтсан байна.