Өчигдрөөс эхлэлтэй ӨНӨӨДӨР

665

Өчигдрөөс эхлэлтэй ӨНӨӨДӨР

 

Монголын Урлагийн Зөвлөл санаачилга, Азийн урлаг судлаач Иен Финдли Брауны дэмжлэгтэйгээр хэрэгжсэн уран бүтээлчийг урлангаар хангах "Караван урлан” төсөлд зураач Бум-Эрдэнийн Баярцэнгэл шалгарч, 3 сар Караван урланд байрлах хугацаанд бүтээсэн  шинэхэн ажлуудаар  бие даасан "TODAY” үзэсгэлэнгээ Занабазарын музейтэй хаяа залгах Караван урланд нээлээ.

Б.Баярцэнгэлийн "TODAY” үзэсгэлэн тусгайлан гаргасан орон зай талбайд бус, зураачийн бүтээл туурвих хөг, нөхцөл бүрдсэн тэрхүү амьд орчинд буюу  урланд дэлгэгдэж буйгаараа ихээхэн онцлогтой. Үзэсгэлэнг үзэхээр ирэхэд зураач өөрөө урландаа зурсаар байхтай нь таарна гээд боддоо? Үзэсгэлэн 2016 оны 5 сарын 10-наас 20-ны хооронд үргэлжилэх бөгөөд энэ 10 хоногийн турш олон нийтэд зориулсан "нээлттэй-урлан-ярилцлага” өрнүүлэх аж. 

Үзэсгэлэнд тавигдсан 10 бүтээл тус бүр өөр өнгө төрх, баялаг санааг хадгалах мөртөө өнөөдөр гэх уулзварт зангидагдан холбогдож байгаа нь анхаарал татна. Бүтээлүүдэд зураач цаг үеийн олон сегментийг өөрийнхөөрөө илэрхийлж, өнөөдөр бидний эргэн тойронд чухам юу өрнөж буйг голчлон тусгажээ. Тодруулбал, зураачийн хувьд мөн залуу бүсгүйн хувьд өөрийн ертөнцийн дотоод зовнил, баяр хөөр, хайр талархал зэрэг мөч бүрийн онцгой мэдрэмжүүдийг шүлэг тэрлэдэг шигээ /”Хэлбэргүй сэтгэл” шүлгийн түүвэр 2015 он/ зургийн бүтээлдээ мөн шингээжээ. Үүнийг илэрхийлэхдээ илүү хурц тод өнгө сонгож, хуучин арга барилаа нилээд өөрчилсөн. Өөрийгөө олох эрлийн явцад зоригтой оролдлого, туршлага дээр үндэслэн шинэ арга ажиллагаа, өнгө төрхийг эрэлхийлсэн ба өөрийгөө зарим талаар шинээр нээсэн гэж хэлж болох. 

Эцсийн дүнд эдгээр ажлууд сонирхолтой олон санаа, бодролыг бидэнд төрүүлнэ. Та зургийг уншсанаар санал нийлж, баярлаж, эсвэл эсрэгээр хандаж ч магад. Ямартай ч зургууд танаас асуулт асууж, хариултыг танд үлдээнэ.   

I.

Ертөнцийг олон янзаар харж болно гэдгийг уран бүтээлчид бидэнд ойлгуулж өгсөн. Энэ мэдээлэл урлагийг хөтөлдөг шиг зураг бүрээс ямар нэг асуудлыг хайхдаа гол биш, зураачийн уран сэтгэмж хүмүүст хүрэх чухал юм.  

Б.Баярцэнгэл бол хэтэрхий дэврүүн, зоригтой, өөрийнхөөрөө учраас бүтээлүүд нь хоорондоо тэс өөр, тухайн мөчийн энерцийг илүү хадгалсан байдаг. Өөрийгөө хайсаар буй эрэл нь олон зүйлийг турших оролдлоготой нэгдэн замбараагүй мэт харагдах авч, яг тэр л мөч түүний бүтээлийг улам амилаг, эрчтэй болгож байдаг. Тэр хэзээ ч аливааг мэдэхийн тулд санааширч, учраа олж ядан суухгүй, шууд л гүн рүү нь үсрэн орох хүн. 

Бид өөрсдөө туулж үзэхээс нааш нууцыг үл тайлах зүйлс ертөнцөд цөөнгүй. Зөвхөн ажиглах, унших хангалтгүй юм. Яг л сэлж сурахын тулд усруу үсэрч үзэх хэрэгтэй шиг. зураачийн туршлага ч бас үүнтэй агаар нэг. 

"Хайр” (150х100 см) бүтээлд бусдыг хайрлахаас айлгүй, хайрын гүнд умбаж, хайрыг мэдэрснээ Давид[1] , Венера[2]хоёрын дүрээр илэрхийлсэн нь зураачийн хувьд хайр гэдэг юугаар ч гоёж гоодоогүй хүний төрөлх бодьгал мэт. 

Хайр байгаа үед үг хэрэггүй, ер нь юу ч хэрэггүй. Гэтэл хайр үгүй болоход бид маргалддаг, түүнийг үгээр нөхөх гэж хичээдэг. Нүцгэн биеийг дүрслэхдээ зөвхөн гоо сайхныг бахадсандаа бус, харин хүн бүхэн мөн чанараараа буюу хайрлаж байхдаа хамгийн төгс хэлбэрээр оршдог гэдгийг сануулах шиг.    

Энэ агуулга Б.Баярцэнгэлийн бүтээлүүдээс үнэртээд байдаг. "Гоо сайхан” (115x130 см), өөрийн зургийг авч буй Энри Мурын "Хэвтээ галбир”[3], цаана нь Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн хөрөг, нийлээд тун сонин метафор. Зураач дотоод, гадаад, хамаг л гоо үзэсгэлэнг илэрхийлсэн мэт харагдавч метафор ашиглах болсон цаад шалтгаан юу байв?

Этик, эстетик хоёр нэг, нэгэнгүйгээрээ оршдоггүй шиг энд тэдгээрийн хамаарлын тухай хөндөх хэрэгтэй болно. (Эстетик бол уран бүтээл төрөх үйл явц, уялдаа холбооны тухай асуудал болохоос гоозүй гэдэг нэр томьёогоор хэрэглэж болохгүй. Этикийн тухайд ёсзүй гэхээс илүүтэй сэтгэлгээний хэв маяг гэх ойлголтыг хадгалдаг учир "этик” гэх нэршлээр хэрэглэх нь зүй, орчуулах шаардлагагүй.) 

Үнэндээ Мурын "хэвтээ галбир” зураачид таалагддаг эсэх энд сонин биш. "Хүн бүхэн мөн чанараараа үзэсгэлэнтэй” гэх санаанд бүтээлийн эстетик оршиж байна. Гэтэл энд харуулах гэж хичээгээд байгаа дүрүүд цөм эмэгтэй. Хэрвээ эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн тухай дүрсэлж байгаа юм бол "этик нь хаана байна” гэх асуулт урган гарна. Үүнээс үүдэн Монголчууд ямар эмэгтэйг сайхан гэж үздэг тухай ойлголтыг тодруулах хэрэгтэй. Тэр бол "намба”. Намбатай холбоотой олон зүйл өгүүлж, дэлгэрүүлж болох. Гэхдээ та цааш нь бодож үзээрэй.

Зураач гоо үзэсгэлэнг магтан дуулсан авч энэ санааг сөргүүлэн деталь хэсгийг бас оруулж өгсөн. Селфи хийж байхдаа бид жаргалтай байдаг. Гоё байгаагаа мэдрэх мэдрэмж, өөртөө таалагдах төрх.., үүнийг бусадтай хуваалцах нь хэр үнэ цэнэтэй юм бол? Өөрөөр "гайхуулах” гэж ч нэрлэж болох. Таныг гайхалтай, өөрийнхөөрөө төгс хувилбар гэдгийг сануулах ямар нэг зүйл шаардлагатай гэж үү? Хүн ямар нэг аргаар төгс төгөлдөр гэдгээ санах гэж, бусдад нотлох гэж оролддог. Гэтэл тэр гоо үзэсгэлэн өдөр бүр, цаг, минут, хором бүрт таньтай хамт оршиж байдаггүй гэж үү?

Зураач нүүр номын тухай (Facebook) зурж байгаа нь тохиолдлын хэрэг биш байх. Энэ эринд техник, технологи бидний хэрэглээтэй салшгүй холбоотой ч, хэмжээнээсээ хэтрээд буйг "Чөлөөл” (110x160 см) бүтээлд өгүүлсэн. Компьютер эвдрэхэд цахим ертөнцөд уягдсан сэтгэл гараар зураад ч хамаагүй, холдохыг үл хүснэ. Эл байдлыг Далай багш шоолон инээж байна. 

Сөрөг зүйлийг эерэг болгох нууц эхлээд сөрөг чигээр нь хүлээн авах юм. Бид фейсбүүк, твитер, юүтүб, инстеграм зэрэг есөн бусын юманд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс энэ хэрэглээг зохистой хэмжээнд байлгах тухай яриа эхлэх болов уу. 

II.

Урлаг судлалын ухаанд уран бүтээлчийн сэтгэлгээний үүднээс бий болсон шинэ сэдэл, шинэ дүгнэлт гэж үзээд байгаа зүйл хэр ач холбогдолтой бэ? гэдэг асуудал хурцаар тавигддаг. Залуу уран бүтээлчийн хувьд Б.Баярцэнгэл орчноо, нийгмээ хэрхэн мэдэрч байгаа нь сонирхол татна. 

Түүний бүтээлийг харахад хэтэрхий олон бодол холилдох шиг, гэтэл тэр дунд аниргүй, говийн бүсгүйд л байх амгалан чанар бас анзаарагддаг. Тухайлбал, "Найдвар” (230х130 см) цувралд мөн чанарлуугаа эргэн харахыг сануулсан мэт Майдар бурхны төрх урдаас эгцлэн ширтэж байна. Бүхнийг бурханд даатган амьдрах уу, эсвээс өөрийн бурханлигийг санаж, өөрөө амьдралаа бүтээх үү? Хүн гэгч зовлонтой үедээ бурхныг илүү санадаг юм шиг, жаргалтай үед бурхан чөтгөр хамаа юун. 

Бүтээлийнхээ тухай зураач нэгэнтээ: -"Хүмүүс хэтэрхий их бурханд найдаж байгаа нь харамсалтай. Бурхан л биднийг аврах юм шиг...” гэсэн билээ.

Ертөнц дээр тогтмол зүйл юу байна? Байхгүй ээ, өчигдрөөс өнөөдөр бид өөрчлөгдсөн, харин сайнаар уу, эсгэрээрээ юү? Хүнийг хөглөдөг, уурлуулдаг, хатгадаг мэдрэмжийг хамтад нь базаад багтаачихсан уу гэлтэй "Нүүдэл” (130х190 см) бүтээлд хотжилтын тухай, анзаарагдахгүй байхын аргагүй хурц санааг хөнджээ.  

Бид "Бусдын заасан замаар” (170х150 см) явж байсан цаг саяхан. (Лениний хөшөө[4] , түүний урд зогсох шөнийн шувуухайнууд тухайн цаг үедээ хэрхэн ойлгогдож, хүлээн зөвшөөрөгдсөн эсэх уг асуултын факт болох хэдий ч энэ тохиолдолд агуулгаас гажих тул орхиод цааш алхья.) Өмнө нь хаалттай байсан хоригууд өнөөдөр "Эрх чөлөө” (85x120 см) –ний салхинд туугдсанаар олон өөрчлөлт гарсан ч хэтийтсэн их эрх чөлөө хаа хүргэх бол?

Өнгөрснөөс суралцан, өнөөдрийг бүтээх нь бидний амьдралын хэмнэлийг тодотгож, ирээдүйг бий болгодог. Өнөөдөр, бодит байдал дээр хотжилт цэгцгүй нүүдэл, шахцалдаан, буруу ойлгосон эрх чөлөө болон хувирч. Бодит байдал бол хүн-байгаль-нийгэм гурвын хамаарлын тухай асуудал. Гэтэл? Бид өөрсдийн бүтээсэн замбараагүй нийгэмд бухимдсаар. Энэ бүгд хүн-байх тэр л ойлголттой холбогдоно. Бид байгаль дэлхийгээ энэрэн хайрлах ухаанд эргэн суралцах хэрэгтэй болж байх шиг. Хот үнэндээ хаашаа нүүж буйг буруу ишилсэн эрх чөлөөтэй холбон бодох цаг болжээ. 

III.

Энэ олон тэсрэлт, бодрол, цөхрөл уран бүтээлчийг шаналгаж байсныг "Цаг хугацаа” (65x120) харуулах шиг. Нэг талаас тайвшрал. Зүйрлэвээс, халуун нар шарах тусам бороог үгүйлдэгтэй адил. Б.Баярцэнгэл мотивийг шинэ бүтээлдээ тусгахыг хичээж, концепцийг гаргах уран бүтээлийн шаналал дунд хуучин арга барилаа уудлан цацаж, амсхийж тайвширсан. Нурсан ханыг харвал зураачид гижиг хүрэм сайхан санагддаг аж. Энэ ч үүднээс хана зурсан боловч наагуур нь халтартсан зузаан бичилтүүд түүнийг хичнээн бачимдаж байсныг харуулна шиг.  

Бүх үеийнхэн өнгөрснөөс ямар нэг чухал зүйл олдог. Тэр зүйл тухайн цаг үед уйтгартай байсан байж болох ч дараагийн үеийнхэнд сонирхолтой эсвэл сургамжтай байж мэднэ. Яг үүн шиг, Б.Баярцэнгэлийн бүтээлүүд дараа дараагийн үед юуг хүргэж өгөх бол?

Бүтээл бүхэн тодорхой хэмжээгээр тухайн цаг үеэ хадгалж үлддэг. Тэгвэл зургуудаас нь өнөөдөр, маргааш, хожим юу харах бол?

Хаяа толгойгоо салгаж тавиад, бүх дүрмийг умартан, зөвхөн зүрхээрээ амьдардаг байх гэлтэй түүний дүрсгүйтэл, шинэчлэлт, бүтээлүүд өнөөдрийн хувьд ийм байна. Гэгээлэг чанараа хадгалж, өөрт байгаа эрч хүчийг уран зургийн судалгаа, өрөлт, харьцаа хэрхэн утгажсан хийгээд дэлхийн урлагийн ололт, учигтай хамтатган судлах тусам дараа дараагийн бүтээлүүдэд стилизаци[5]  жинхэнэ утгаар оршино. Хамгийн чухал нь оролдлого+зориг билээ. Эцэст нь Б.Баярцэнгэлийг хэтэрхий зоригтой гэж дахин бататган хэлэхдээ, энд дурьдаагүй "Сэнтий” (150х110 см), "хоолны хомсдол” (150х110 см) сонирхолтой бүтээлийг танд үлдээе.

Урлаг судлаач,
Б.Цэцэгбадам

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>