"ОЮУХАЙ" наадмын эргэн тойронд
"ОЮУХАЙ” наадмын гоёууд
"Өд” сангийн Ганболд цомоо тэврээд гоё байлаа
Өхөөрхөн охиноо хөхүүлэх
Занданхүү гэрэлтээд гоё байлаа
Өтгөн сахалтай Агийн буриад Дашравдан
уул шиг ханхайгаад гоё байлаа
Дээлээрээ гангарсан өвөрлөгчид минь
элгээрээ элгэмсээд гоё байлаа
Дэлхийд гайхуулах найрагчтай
Дархан сумынхан хамгийн гоё байлаа
"ОЮУХАЙ” наадмын андуурал
"Найрагч Р.Чойномд өргөл шүлэг уншаарай" гэхэд
Наадам эхэллээ гэж Баз. Баттулга андуурав
Хүндэтгэлийн цэцэг Чойномын хөшөөнд өргөхөд
Хөтлөгч Мо " Муу хөшөө” хэмээж андуурав
"Доржзовдын Энхболд уу?" гэж халамцуу эр,
О.Цэнд-Аюушийг андуурав
Дорнодын Гэрэлхүүг Амартайван гэж нэг өвгөн асууж андуурав
Өрөөндөө хоноогүй, нэрий нь хэлмээргүй найрагч найз минь
Өглөө нь оймс, гутлаа сольж андуурав
Урилгатай ирсэн Сувдаа бүсгүй
Унаган буриад гэж Чойном найрагчийг андуурав
"ОЮУХАЙ " наадмын аргил хоолойтнууд
Өндөр настнаас Содномдорж тайзнаа
Ардын жүжигчин Пүрэвдорж байв
Өмнө сумын Х. Пүрэвээ удаад нь
Радиогийн Цэдэндамба баавай байв
Өөдөө чичсэн Ишхүү офицер энэхэндээ
армийн генерал байв
Өндөрхааны данстай Алтанхуяг
ирээдүйтэй сонгодог дуучин байв
"ОЮУХАЙ” наадмын тунгалаг хоолойтнууд
Эрээс –Баярмай, Робертино юм
Эмээс – Хишигсүрэн, Түмэндэмбэрэл юм
Шүүгчдээс Дан. Нямаа - " морьны” Батсүх юм
Шүлэгчдээс Юмжав - Нансалмаа юм
"ОЮУХАЙ” наадмын хальтирагсад
Хоёр жил хүртээгүй ундаандаа Г.Ишхүү найрагч
Хундагаар гулгуулж уруул хальтирав
Хориод жил амсаагүй Ж.Нэргүй гүүш
Хоёр хоног гуйвж хэл хальтирав
Хүлээн авалтанд очихоор Б.Энхтөр найрагч
Харанхуйд, гутлийнхаа өсгийг мулталж халтирав
Холоос ирсэн Х.Нямхишиг найрагч
Хүүхний өмнө мөргөж, зүрхээ гээж хальтирав
"ОЮУХАЙ” наадмын сахлаараа гангарагсад
Туужуу сахалтай Ж.Нэргүй
Туг буурал сахалтай Баавай
"Өд” сахалтай Д.Ганболд
Өнгийн сахалтай Т.Баянсан
Ээтэн сахалтай Э.Гантулга
Энд тэндээ сахалтай А. Түмэнбаяр
Байгаа үсээрээ сахал тавьсан Г.Сонинбаяр
Баавгай төрхтэй Карл Маркс- Дашравдан буриад
Нууц сахалтай зарим хүүхнүүд
Нуугаагүй сахалтай бусад найрагчид
"ОЮУХАЙ” наадмын завгүйчүүд
Ард олон шүлэг сонсоод гэртээ харих завгүй
Арын ажилд даруулсан Ариунтунгалаг амсхийж суух завгүй
Албанаас томилогдсон үйлчлэгч хүүхнүүд
нүүрээ тольдох завгүй
Айрагны бор хул, гар дамжаад завгүй
Ам, ерөөл дамнаад болор хундага завгүй
Ар араасаа "оочертой” гадаах жорлон завгүй
"ОЮУХАЙ” наадмын томрогсод
Гансүрэн найрагч
Хүргэн хүү шиг томров
Гооногор Жамбалгарав
Төрсөн өдрөө тэмдэглэж томров
Говьсүмбэрийн Батжаргал
Шүлгэн романаараа томров
Гавъяат Дашням монгол үгээ
ойлгохгүй томров
Ганболд доктор "даруухан”аа
гайхуулж томров
"ОЮУХАЙ” наадмын агсамнал
Тусгай байр эзэлсэн Л.Ганзул найрагч
Чойрын Энхтөрд "атаархаад байна уу ” гэж
үг өдөж агсамнав
Төрийн Баянсан дайллагын ширээний ард
гар зангидан
"Түргэн хундагал” гэж Ванягийн Нэргүйд агсамнав
Содномдорж найрагч "Монгол ходоодоо” гайхуулж
өрөө хэсч агсамнав
Соёлтой болсон Амархүү найрагч өглөө нь
бусдынхаа шарыг тайлж эрүүл агсамнав
"ОЮУХАЙ” наадмын дарууханууд
Хэнтийн Амаржаргал цүдийгээд даруухан
Хээгүй Энхжаргал гуйвсан ч даруухан
Тормойгоод Торой даруухан
Торойгоод Баавай даруухан
Дорнодын Гэрэлхүү инээмсэглээд даруухан
Даргын томилолттой На.Пүрэв ихэмсэглэхгүй даруухан
"ОЮУХАЙ” наадмын өндөрүүд
Төрөлхийн өсөлттэй Жамбалгарав
Үүлэнд тулаад гэдийж алхлаа
Тэнгэр шүргэсээр халцарсан Ууганбаяр
Шүлгээ уншаад далийж алхлаа
Тэргүүн найрагч О.Цэнд-Аюуш
Од шүүрээд онгодтой өндөр байлаа
Тэнд эндхийн найрагч хүүхнүүдээс
Орхонтуул бүсгүй туфлиэрээ сөөм өндөр байлаа
"ОЮУХАЙ” наадмын намханууд
На.Пүрэв
Намбатай намхан санж
А. Лхагва
Ахмад намхан санж
Мо хөтлөгч
Мунгинуу намхан санж
Ховдын Жамбалдорж
Хоодгорхон намхан санж
"Бацаан” төрхтэй Ганзул
Баавартай намхан санж
Батширээтийн Баярмай
Баярын дуутай намхан санж
"ОЮУХАЙ” наадмын нүцгэнүүд
Тайзан дээр хөтлөгч Батцэцэг
Хөх, гуяа гаргаж нүцгэлэв
Тайзны ард Сонинбаяр найрагч
Малгайгаа авч толгойгоо нүцгэлэв
Цэдэвдорж найрагч засгийн шүдээ гээж
амаа нүцгэлэв
Цээжээ дэлдэж Мөнхсайхан өрөөндөө
Далай ламын өмнө нүцгэлэв
Өндөр Ууганаа халзангаа гайхуулж малгайгүй нүцгэлэв
Өлөн эрчүүд "Соёлын төв”ийн бүжгэнд
хүүхнүүдийг нүдээрээ нүцгэлэв
"ОЮУХАЙ” наадмаар дуулсан ондоо газрын онигоо
"Өмсдөг Дамдиндорж харцага
Бөхтэй барилддаг гэнэ
Үнсдэг Дамдиндорж харцага
Хөхтэй барилддаг гэнэ”
2016.09.24/25. Дархан сум - Чойр хот



