ГЭГЭЭН МОНГОЛ

2009

ГЭГЭЭН МОНГОЛ

 

Сүрэг цагаан зээр шүүдэр гишгэн цахилж
Сүрлэг өндөр ууланд тэхийн эвэр сэрийж
Монгол гэрийн гаднаас малын үнэр ханхалж
Моринд хайртай сайн эр уртын дууг аялаж 
Үүрийн гэгээтэй уралдан өрхний хошуу даялаж
Өндөр борхон бүсгүй аргал хормойлон галлаж
Өтгөн шаргал цайг тооно өргөөлөн сарамч
Өүлэн эжий минь удам тэнгэрт цацал өргөж
Өөдрөг хөдөө нутагт минь өглөө болж байгаа нь тэрээ.

Үдийн нарны сүүдэр хөлөн тушаа нуугдаж
Өртөө газрын юмс алсын зэрэглээнд бүжиглэж
Малын хишигтэй хүүхэд хонио усанд оруулж
Манай танайхан бүгдээрэй борцтой цай аягалж
Гэр дүүрэн буурал тамхи нэрэн хуучилж
Гэргий хүүхдийн хооронд цаггүй ажил хөглөрч
Нар унасан газраас ногооны үнэр ханхалж
Нанчид нэрсэн айлаас охийн аагь сэнгэнэж
Зулзаган жаахан богширго нисэн бууж жиргээд л
Зунтай жилийн өдрүүд тиймэрхүү л байдагсаан.

Өдөржин бэлчсэн мал задгай газар хотлож
Үдшийн буурал гэгээ толгод дамнан хүүшилж
Өнөө болсон явдлыг ам дамжин хуучилж
Үүр шөнийн болзоог залуухан хосууд товлож
Цүү хаях наадамд үеийнхэн голдуу цугларч
Цуутын цагаагч гүүг өвөө багачуулд ярьж
Сарны гэрэлтэй салхийг зэлний үхэр хивж
Саалийн хувинтай сүүнд түүхий цөцгий хөвж
Орон монгол хөдөөд минь орой болж байгаа нь тэрээ.
Мичид долоон бурхан тооно нарлах цагаар
Мэндийн гурвалжин өрх дөрвөлжин болох шөнөөр
Амрагийн болзоотой бүсгүй сэрүүхэн байх тохироонд
Аргамаг хүлгийн хазаар айлын шон дээр шаргиваа
Үзэхээс ихийг үзсэн өндөр настай эжий
Үүр тэмдэгрэх үеэр өрхөө даялаж явахдаа
Хүлэг нь эзгүй шон дээрх нойтон хомоолыг үзчихээд
Хүргэнтэй болох нь ээ манайх гэж хүүхэн насаа дурсав аа
Азын тэнгэртээ гэгээн монгол минь
Айл нэмэх гэж байгаа нь тэрээ.
М. Билэгсайхан..


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>