С.Эрдэнийн нэрлэсэн олигархиуд хэн байв

694

 

С.Эрдэнийн нэрлэсэн олигархиуд хэн байвЛ.НИНЖСЭМЖИД

АН төрсөн өдрөө тэмдэглэв. Ойн баярт ирсэн гишүүддээ хандан намын дарга С.Эрдэнэ "Манай нам цөөн тооны олигархиудаасаа салж санаа амарлаа” хэмээн тунхаглалаа. Шинэчлэл нэрийн дор хөрөнгөний эрэмбэ зааж, мөнгөний босго тогтоосон дотоод сонгуулийн үр дүнгийн эерэг үзүүлэлтийг тэрбээр ийнхүү дүгнэж байгаа бололтой юм. Амаараа шороо үмхэж, өвдөг шороодсон зарим нь ялалтын буухиаг эгшиглүүлж, батламж гардаж зогсохыг харахад АН-д аргагүй шинэ жишиг тогтож, шинэчлэл хийгдсэн гэж хэлэх учиртай юм болов уу. Түүнээс биш барианд ороогүй нөхөрт цом гардуулдаггүй журамтай сан.  

Мэдээж намын даргын хэлсэн цөөн тооны олигархи гэж хэн бэ гэх асуулт. Дотоодын сонгуулийн дараа ажихад Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, С.Баярцогт нараас бусад бахь байдгаараа намдаа барайгаад үлджээ. Тэгэхээр С.Эрдэнэ олигархи цөөнхөөсөө салсан гэж энэ гурвыг нэрлэв бололтой юм. Н.Алтанхуяг, Р.Гончигдорж нар түүний эхлүүлсэн тоглоомонд оролцоогүй. Тэр ч бүү хэл, фракцийнхнаа хууль бус сонгуульд оролцохгүй байхыг сануулж, үүрэгдсэн аж. Зүй нь АН-ын шинэчилсэн дүрмийг Дээд шүүх материал дутуу гэх үндэслэлээр буцаасантай холбоотой мань хүн төөрөлдсөн нь тэр. Нам доторх шивнээ яриагаар З.Энхболд Дээд шүүхэд нөлөө бүхий хүнтэй үгсэн АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авахгүй юм шиг сэтгэгдэл төрүүлэх замаар Н.Алтанхуягийг төөрөлдүүлсэн гэх. Улмаар дүрэмтэй ч биш, дүрэмгүй ч биш дотоод сонгуулийн үр дүнг төсөөлөхөд бэрх байсан төдийгүй намын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарах магадлал өндөр байв. Үнэндээ ч Ц.Оюунгэрэл тэргүүтнээс эхлээд "Намын дүрмэнд дэнчин гэдэг үг байхгүй. Хураамж сонгуулийн цаас, хоолны зардал учир бага байх естой. Дэндүү өндөр өртөгтэй сонгууль хийх нь. АН жирийн гишүүд нь төлж дийлэхүйц татвартай байсан боловч өнөөдөр хэр баргийн хүн дааж давшгүй их гувчууртай боллоо. АН-ын сонгуульд оролцох хүсэлтэй бол дүрмийн бус татвар, хураамж төлөх хэрэгтэй болоод байнаЭрх мэдлээ хэтрүүлсэн, хураамж гэж хууль бусаар тогтоосон зүйлийг төлөхгүй байхыг бид ярилцаж байгаа” гэсэн бол АН-ын гишүүн Д.Нямхүү "АН өнөөдөр юу болоод хувирчихав. Шинэчлэлийн төлөө бүтэн хоёр сар гаруйн хугацаанд сууж дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Гэтэл тэр дүрэм юу болж хувирав. Дүрмийг боловсруулсан бид хэн болж хоцров. Дотоод сонгуулийн хороог Их хурлаас байгуулсан. Гэхдээ татвар хураамж авах эрхгүйгээр. Харин Үндэсний бодлогын хороогоор дэнчингийн хөрөнгийг тогтоож, авахаар зааж өгсөн. Гэтэл энэ бүхнийг хэдхэн хүн мэдэгдэлгүй өөрчилчихлөө” гэх байдлаар АН-ын гишүүдийн ээлж дараалсан мэдэгдэл бий.

Намын дарга С.Эрдэнэ ч "180 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг байя гэсэн утга бүхий хоёрхон өөрчлөлт л Үндсэн дүрэмд орсон. Дотоод сонгууль зохион байгуулах асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийн дагуу явж байгаа. Үндсэн дүрэмд хуульд харшилсан заалт байхгүй” гэж мэдэгдсэн нь нөхцөл байдлыг зөвөөр ашиглавал "Шонхор”-ын тэнгэрт нь агнаж болох хамгийн оновчтой хувилбарыг Н.Алтанхуяг цээжиндээ сийлсэн хэрэг. Тиймдээ ч энэ бүхэнд эрт баярласан Н.Алтанхуяг өөрийнхөө хүмүүсийг хууль бус дотоод сонгуульд оролцохыг хоригложээ. Гэвч тэрбээр пионер мад мэт энгийн мэхэнд унаж байгаагаа ойлгосонгүй. Санал хураалтын урд өдөр мэх гүйцэд хийгдэн Дээд шүүх дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авснаар "Алтангадас” чиг заахаасаа үүрд өнгөрөв. Өнөөдөр Н.Алтанхуяг улс төрөөс бүрэн тусгаарлагдаж, цаашид арчигдах төлөвт оржээ. Өөрийнх нь хэлснээр Ц.Элбэгдорж тэргүүтэй бүлэглэлийнхэн хуулийн байгууллагаар сүрдүүлж, өнөөх хонгил руу түлхэгдэж байгаа энэ үед улс төрөөс шахагдсанаар АН-ын нэг фракц ангал руу унаснаас өөрцгүй биз.

С.Баярцогтын тухайд дотоод сонгуульд өрсөлдсөн ч нэрээ хэрчүүлж, өрсөлдөх эрхээ хасуулсан. Өмнөх дарга З.Энхболд мань хүнийг олигархи, цаашлаад намын нэр хүндийг унагагч, ялагдлын гол буруутан гэж нэрлэж байсан нь С.Эрдэнийн үгтэй яг цав нийцсэнийх. С.Баярцогтыг зайлуулах З.Энхболдын сонирхол дээр С.Эрдэнийн хүн гэгддэг Д.Үүрийнтуяатай нэг тойрогт өрсөлдсөнөөс мань хүн үсгүй хусуулсан нь энэ гэх юм билээ. Юутай ч АН 27 жилийн ойн баяраараа "Шонхор”-ыхон АН-д ноёрхох шинэ үе ирснийг зарлалаа. Үнэндээ ч дотоод сонгуулийн үр дүнг ажиглавал Үндэсний бодлогын  хорооны гишүүдийн олонх нь "Шонхор”, МоАХ-ын фракц ноёлж байна.

Ганцхан сарын дотор 180 мянга болтлоо үржсэн АН аль нэг фракц, бүлэглэлд хайрцаглагдаж, санал өгвөл шинэчлэгдэх нь бүү хэл тарах аюул нүүрлэхийг АН-ын гишүүд дотоод сонгуулийн өмнө хэлж, сануулж байсан удаатай. Өнгөрсөн хугацаанд нийтийн эрх ашиг бус фракци, бүлэглэлийн эрх ашгийг хангахын төлөө ажилласныхаа "ач”-аар АН өдгөө гудамжинд лааз өшиглөж яваа. Тиймээс шийдэлд хүрч, шинэчлэгдэхийн тулд бүх гишүүдээрээ намын даргаа сонгуулж, хуваагдаж бус хамтарч асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлсэн. Харамсалтай нь, намын даргад нэр дэвшигчид намын гишүүдээ хайрцаглаж, фракцилж, хатуу гишүүнчилсэн бүртгэл хийж эхэлсэн нь намаа шинэчлэх бус дарга болохоор улайрч, шатаж эхэлснийг нь үгүйсгэх хүнд энэ намд үлдсэнгүй.

 

2017.04.10

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>