Монголын уран зохиол дахь тоон ухаан

1490

Товч утга: Монгол аймгуудыг XIII зууны үеэс бичиг үсэгтэй болсон бололтой гэж судлаачид үздэг. Бид нарт уламжлагдан ирсэн хамгийн эртний бүтээл бол XIII зууны зохиол юм. Иймд монголын уран зохиолын түүхийг энэ үеэс эхлэн авч үздэг. Жишээлбэл 1240 онд зохиогдсон "Монголын Нууц Товчоо”-нд яруу найраг, хүүрнэл зохиол, угийн бичиг, түүхэн баримт, бөөгийн дуудлага, домог үлгэр гээд бүх л төрлийн хэлбэр өгүүлэмж бий. Бичлэгийн хувьд маш олон янзын бичвэр сүлэлдсэн зохиол юм. "Гэсэр”-ийн тууж гэхэд ихээхэн үлгэржсэн, фантастик сэтгэхүй давамгайлсан байдаг. Тооны нэршил буюу тоог ашиглаж зохиолын утга санаагаа хэрхэн илэрхийлсэн сонирхолтой өнцөгөөс судлагааны ажлаа сонгож хийлээ. Жишээлбэл: "Гэсэр”-ийн туужад "Араараа дүүрэн ай түмэн адуутай, Өврөөрөө дүүрэн үй түмэн үхэртэй” гэж гардаг. "Түмэн” гэдэг тооны нэршилээр тоолж баршгүй маш олон малтай, туйлын баян гэсэн утга санааг гаргасан байна.

"Амтгүй ч гэсэн арав дахин долоох” энэ юу вэ? Энэ оньсогын хариулт нь ”утас сүвлэх”. "Аймтгай хүн арав үхнэ, айдаггүй хүн нэг үхнэ”- Шийдэмгий зоригтой бай гэсэн санаа, "Үгнийолноос үхрийн олон”- Олон үг хэрэггүй гэсэн санааг илэрхийлсэн гэх мэт оньсого, үлгэр домог, зүйр үг, өвөрмөц хэллэг уран зохиолын бүх төрлүүдээс тоог ашиглан зохиолын санаагаа хэрхэн илэрхийлсэн болоод бичвэрийн онцлогийг харуулахыг зорьж дараах судлагааны өгүүллээ бичлээ.

Түлхүүр үг: Монголын эртний уран зохиол, "Гэсэр”-ын тууж, Монголын нууц товчоо, тоо, тооны нэршил, зүйр цэцэн үг, өвөрмөц хэллэг, хоршоо үг, аман зохиол, домог, оньсого.

"Монголын Нууц Товчоо”-нд Монгол үндэстний үүсэл гарлаас эхлээд Их Монгол улс мандах үе хүртэлх түүхийн ул мөрийг тэмдэглэсэн хосгүй үнэт судар юм. Хятад, орос, герман, франц, англи, мажаар, польш, чех, болгар, япон, казах, түрэг, испани, солонгос зэрэг олон хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн байдаг.

"Гэсэрийн тууж”-ийг X зууны үед хамрагдах үйл явдлаас үүдэн зохиогдсон гэж үздэг бөгөөд 1716 онд анх Монголд хэвлэгдэх хүртлээ Монгол, Төвд, Буриад зэрэг Төв Азийн олон ард түмэнд зөвхөн ам дамжин тархсаар ирсэн бүтээл юм. .

Дэлхий дахины эрдэмтэн судлаачдын хүлээн зөвшөөрөгдсөн эртний олон шилдэг бүтээлүүдийн нэг "Монголын Нууц Товчоо”-г бид хүүхэд ахуй наснаасаа уншиж, монголчуудын язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чино Гоо Маралын удам, түүнчлэн Торголжин баян, Борогчин гоо нарын хүү Добу мэргэн, Хорилардай мэргэн Баргужин гоо нарын охин Алунгоо хатны тухай гээд алтан ургийн түүхийг сонссоор ирсэн билээ. Хүн бүрийн сайн мэдэх Алангоо эхийн сургаалд тавын тооны бэлгэдлийн өвөрмөц жишээ бий. Илэрхийлэх гэсэн санаагаа утга төгөлдөр, уран яруу, хурц мэргэн, гүн гүнзгий тайлбарласныг доорх жишээнээс авч үзье.

Тэрээр Алангуа хатан таван хөвүүндээ хандан:

"Элэг төрлөө эвдэлдэж бүү дайсагна, хөвгүүд минь
Эх захаа алдаж бүү хуйсгана, хүүхдүүд минь
Энгийн ганц сум шиг эвдэрч бүү ялагд
Эрчит таван сум шиг эвлэж нягтарч ял

Өшлийн өргөс гишгэлж өргөө гэрээ бүү сүйтгэ
Өндөр заяагаа өргөж өлмий дээрээ бат зогс
Ганц ганцаар явбал гарын аясаар хугарна
Олон олноороо зүтгэвэл орчлонгийн оройд хүрнэ”,

"Татаван хөвгүүн, миний нэгэн хэвлээс төрсөн биш үү. Та нар ганц, ганцаар салбал нэжээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэхгүй болно” хэмээн эв эеийг эрхэмлэж байхыг сургажээ. Алангуа хатан нэжээд сумыг таван хөвүүндээ тараан өгч, хугачуулахад хялбар байсан нь эв нэгдэлгүй ганц ганцаар байх аваас ялагдахад хүрэх, эвлэлдэн нэгдэж нэгэн санаатай байвал хугачихаар дамжуулан оролдоод хүчрээгүй багцалсан 5 сумны адил хэн бүхэнд дийлдэшгүй хүчирхэг байхын ухааныг сургасан түүх юм. Дашрамд дурдахад АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш 2005 оны 11 сард Монголд айлчлах үеэрээ Алунгоо эхийн түүхийг дурсан эх дэлхийн энх амгалан амьдралд ач тус болох сургаал гэж онцлон тэмдэглэсэн байдаг.

Алангоо хатан яагаад "та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж...” хэмээн тавын тоогоор зүйрлэн тайлбарласныг ухахын тулд тавын тооны бэлгэдлийн талаар мэдэх нь зүйтэй болов уу. Тоо болгон бэлгэдэлтэй ба тавын тоо нь хоёр (арга билгийн нэгдэл), гурав (анхны сондгой тоо ба гурван хүч чадал, гал голомтын бэлэгдлийн) нийлбэр тоо билээ. Тавын тоог цөм тоо буюу дотоод ертөнцийн тоо гэж нэрлэдэг. Монголын түүх уламжлал соёлд тавын тоо нь эв эеийн хүчийг бэлгэддэг байна. Түүнчлэн хүмүүсд ойлгоход хамгийн дөхөм гарын таван хуруугаар жишин тайлбарласан байх магадлалтай байна.

Чингис хааны хэлсэн "Таван өнгө, дөрвөн харь улс” гэдэг нь эв эетэй таван тив улс, хэм тэгш орших дөрвөн улс хэмээх утга санааг илэрхийлсэн байдаг.

"Гэсэр”-ийн зохиолд "Араараа дүүрэн ай түмэн адуутай, Өврөөрөө дүүрэн үй түмэн үхэртэй” гэж гардаг. "Үй”, "ай” гэдэг нь тооны маш үлэмжийн их, үй олон гэсэн санаа, "түмэн адуу”, "түмэн үхэр” нь арван мянган адуу, үхрийг илэрхийлж байгаа боловч өмнөө "үй”, "ай”-г аваад тоолж баршгүй маш олон мал сүрэгтэй, туйлын баян гэсэн санааг илэрхийлжээ.

Мөн"Түмэн лан алттай явахаар, түмэн ах дүүтэй яв” гэсэн зүйр цэцэн үгнээс тоог ашигласан жишээг мөн харж болно. Энэ нь эд мөнгөнөөс илүү найз нөхөд чухал гэсэн санааг илэрхийлжээ.

Цаашилбал: "Түм түжигнэж, бум бужигнах”-Маш олон хүн цуглах, "Түмний эх”-Уралдаанд олонтоо түрүүлсэн хурдан хүлэг, "Түмэн хэргийн дунд түвэгтэй явдал гарах”-Саад бэрхшээлгүй бүтэх ажил хэрэг байхгүй гэсэн санаа, "Түмэнд нүүрээ, төрд нэрээ”-Олны дунд нэр төрөө эрхэмлэ гэсэн санаа, "Түмний дунд төөрөхгүй, мянганы дунд мятрахгүй”-Олны дунд байр сууриа эзэлсэн гэсэн санаа), "Түмэнд гэмгүй, төрд харшгүй” -Шулуун шударга аж төрөх гэсэн санаа, "Түмэнд төлөө нэмэх, төрд үрээ нэмэх”-Үр хүүхэдтэй болох гэсэн санаа гээд тооны нэрийн "түмэн” гэсэн үгийг ашигласан олон жишээ дурдаж болж байна.

"Үй” гэдэг үг нь маш олон, үлэмж олон гэсэн санааг илэрхийлнэ. "Үй” гэдэг тооны нэрийг ашигласан жишээ дурдахад "үй зайгүй”[хоршоо]-Завсар зайгүй, чөлөө завсаргүй, бат нягт) - "Үй зайгүй найз”(маш дотно найз, зай орохын аргагүй сайн найз), "Үй майгүй” [хоршоо]- Үй зайгүй гэх мэт.

Мөн өвөрмөц хэлцтэй өөр жишээ авч үзье. "Айл хүний санаа нэг, саахалт хүний санаа нэг”- Хөрш зэргэлдээ болон ойрхон буусан айлын хүмүүс эв найртай, санаа бодол нэгтэй байдаг гэсэн санаа, "Аавын хүү адилгүй, арван хуруу тэгшгүй”- Аливаа юм үзэгдэл бие биенээсээ ялгарах ялгаа онцлогтой байдаг гэсэн санаа, "Арван найм хүрвэл адаг араа нэмдэг”- 1. Аливаа юм жам ёсоороо явдаг; 2. Хүүхэд өсөж том болох гэсэн санаа, "Мал зуухоновол ижил болно, хүн зуу хоновол ад болно”- Бусдад тээр болох хэрэггүй гэсэн санаа, "Агь сайт газар адуу олон, ааль сайт хүнд нөхөр олон”- Зан ааш сайтай хүн ганцаардахгүй гэсэн санаа, "Авсан нь нэг тамтай, Алдсан нь арван тамтай”- Хий хардаж сэрдэх шиг хэцүү юм үгүй гэсэн санаа, "Аймтгай хүн арав үхнэ, айдаггүй хүн нэг үхнэ”- Шийдэмгий зоригтой бай гэсэн санаа, "Арван цагаан буянаар ам дүүрэн, арван хар нүглээр үйл дүүрэн”- Хэлэх нь буян хандив, хийх нь нүгэл чивэл байдаг сайны мөргүй, саарын цээргүй хүн, "Арван мод огтлоход зуун мод ургана”- Өсөн үржиж, өөдлөн хөгжиж байгаа шинэ юм ялагдашгүй гэсэн санаа, "Аргатай хүн айлд аравхонодог, аргагүй хүн хээр хонодог”- Хүнтэй аятай эвтэй харьцаж бай гэсэн санаа, "Арилгасан сонгино шиг арван цагаан хуруу”- Савх шиг нарийхан сүмбэн хуруу, "Аргатай хүн арван тэрэг ачаалдаг, хүчтэй хүн нэг л тэрэг ачаалдаг”- Арга ухаан хүч чадлаас чухал гэсэн санаа, "Архи арван гурван жолоотой”- Архи хүнийг дийлж баллана гэсэн санаа, "Аяга цай уух зуур арав хувилах”- Олон ааштай, зан төлөв тогтворгүй гэсэн санаа, "Ах дүү олуул бол биед амар, дөрөөн сур дөрөв бол хөлд амар”- Олон хүн бие биендээ түшигтэй гэсэн санаа, "Долоо дордож найм сэхэх”- Амьдралд юу ч тохиолдож болно, гагцхүү зорьсон хэргийнхээ төлөө шантрахгүйгээр тууштай тэмцэх хэрэгтэй гэсэн санаа, "Долоо шархадсан чоно”- Амьдралын хүнд бэрхийг биеэрээ амссан хүнийг зүйрлэх хэллэг, "Дөтийг харж дөрөв хонох”- Аливаа зүйлийн саад бэрхшээлийг бодолгүй яарвал улам хүнд бэрх болох магадтай гэсэн санаа, "Нэг үхрийн эвэр дэлсвэл мянган үхрийн эвэр доргино”- Оночийг нь олж хэлсэн үг, хийсэн ажил бусдад нь үлгэр дуурайл болдог гэсэн санаа, "Дундуур дундуур гэсээр долоодундуур болох”- Бага багаар олон удаа хийх гэсэн санаа, "Дов тойрч долоо эргэх”- Мунгинаж төөрөх гэсэн санаа, "Муучлахад муу юм олон, Магтахад сайн юм олон” -Сайнтай муутай байх гэсэн санаа, "Мянган өдөр сүүдэр явахаар нэгөдөр хүн яв”- Өөрийн хүч чадлаар амьдрах гэсэн санаа, "Мянган цагаан хоньтой, Мяндсан торгон дээлтэй”- Баян амьдрах гэсэн санаа, "Наадмын гурван даваатай, Найрын гурван дуутай”- Оюун ухаан болоод бие бялдрын хувьд өв тэгш хүмүүжилтэй гэсэн санаа, "Найман сарын ган хэцүү, ная хүрээд хоосрох хэцүү”- Залуу үедээ мөнгө хураах хэрэгтэй гэсэн санаа, "Нэг өдрийн танилцал, мянган өдрийн нөхөрлөл”- Санаа зорилго нийлэх хүмүүсийн дотно найзууд болж чадна гэсэн санаа, "Үгүйрэх баяжих хоёр өвөл зун хоёр шиг”- Баян хоосны ялгаа их гэсэн санаа, "Эр нэг эндүүрдэг, Эрэг нэг нурдаг”- Ямар ч хүн алдаа гаргадаг гэсэн санаа, "Эрт босвол нэгийг үзэх, Орой унтвал нэгийг дуулах”- Эрт босож ажлаа амжуул бай гэсэн санаа, "Үгийн цөөн нь дээр, Үхрийн олон нь дээр”- Урт хэл хүзүү орооно гэдгийн адил утга, "Хорт сумаар нэгийг, Хорон үгээр мянгыг”- Муу үгээр олон хүнийг шархлуулж болно гэсэн санаа, "Могойд нэг хатгуулсан хүн, Модны үндэснээс айх”- Ихэд хашрах гэсэн санаа, "Тоо нь бумхүрч, Тоос нь огторгуйд тулах”- Мал сүрэг үржин олшрох гэсэн санаа, "Олноос олонгарз, Цөөнөөс цөөн гарз”- Аливаа зүйлийн хохирол нь хэмжээнээсээ хамаарах гэсэн санаа, "Орчлонгийн мэргэд олонболовч, Оновчтой мэргэд ганц хоёр”- Эрдэм мэдлэгтэй хүн олон хэдий ч ухаантай, авьяастай хүн цөөн байдаг гэсэн санаа, "Муудвал ноён олон, Мухардвал бэрх олон”- Ядарч зүдрэх үед дарлах хүн олон гэсэн санаа гэх мэт.

Оньсого: "Амтгүй ч гэсэн арав дахин долоох”- Утас сүвлэх, "Түмэн хонь нь бэлчээд явчихад, Түнтгэр хуц нь унтаад хоцорно”-Одод хээр хоносон сар, "Атны мөр арван жил арилахгүй”- Гэрийн буйрын ором, "Дүүдэй дүүдэй дөрвүүлээ, Дүүжин даажин хоёулаа- Тэмээ, "Авдраар дүүрэн аржгар хурганы арьс”-Шүд, "Их цагаан морь, ерэн давхар тохомтой”- Хус мод гэх мэт.

Цэцэн үг: "Байлдсан хоёр этгээдэд сайн санаа үгүй, Цохилдсон хоёр хүнд сайн гар үгүй”- Дайсагнагч, эсэргүүцэгч этгээдэд итгэж болохгүй гэсэн санаа, "Авах хүнд нэг ч үг эрдэнэ, орхих хүнд мянган үг ч улиг”- Хэрэгцээтэй бол ганц үг ч чухал, хэрэгцээгүй бол мянган үг ч ашиггүй, "Амьтан хэдий олон боловч, Аялгуутан цөөнбол тусгүй”- Амьтан бүхэн уянгалаг яруу дуугардаггүй гэсэн санаа, "Үгний олноосүхрийн олон”- Олон үг хэрэггүй гэсэн санаа, "Хоёрын хооронд хоргол цацаж, Гурвын дунд гурил цацах”- Хоёр этгээдийн хооронд хутган үймүүлэх, муудалцуулах гэх мэт тоо ашиглан утга санаагаа илэрхийлсэн хэлц үг, зүйр үг, цэцэн үг, оньсого гээд хэдэн зуугаар нь олон жишээ дурдаж болох байна.

Дүгнэлт

Монголчууд нүүдэлчин болоод үндэсний өвөрмөц ёс зан заншилаа зохиол бүтээлдээ тусгасан бичлэгийн өвөрмөц хэв маягтай ард түмэн.

Монголчууд аливаа зүйлийг хэлэхдээ далд утгаар нь хурц мэргэн, уран яруу, оновчтойгоор хэлдэг оюунлаг ард түмэн болохыг дээрх жишээнээс илэрхий харж болно.

Нэгийг бодож хоёрыг тунгаах, Нэг үхрийн эвэр дэнслэхээр мянганүхрийн эвэр доргино, Наадамд гурвандаваатай, Найранд гурван дуутай, Эрт босвол нэгийг үзэх, Орой унтвал нэгийг дуулах, "Аавын хүү адилгүй, арван хуруу тэгшгүй гээд бид тоогоор санаагаа илэрхийлсэн, далд утгаар хэлсэн өвөрмөц хэлц болоод зүйр үг, хэллэгийг өдөр тутамдаа байнга хэрэглэж, хоорондоо харьцаж байдгийг энэ мэт жишээнээс илэрхий харж болж байна.

Судалгааны явцад тоогоор тухайн хэлэх гэсэн санаагаа илэрхийлэхдээ шууд утгаар бус дандаа далд утгаар хэлсэн, тухайн өгүүлэмжийг ойлгохын тулд аливаа хүн нэгийг бодож хоёрыг тунгаах хэрэгтэй, оюуны чадамжийг шаардсан хэлцтэй ард түмэн юм гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Ж.Цацралцэцэг (Буриадын их сургуулийн магистрантурын 1-р курсын оюутан)

 

Ашигласан ном, материал

1.Монголын нууц товчоо

2."Гэсэр”-ийн тууль

3."Алангоо эхийн сургаалын баяр дээр тавьсан илтгэлүүд”

4.Монгол ардын оньсого таавар(УБ 1990 он)

5.Г.Аким, Өвөрмөц хэлцийн тайлбар толь (УБ 1999 он)

 

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>