САГЛАГАР МОД
Сүүлийн жилүүдэд роман бичлэгт чамгүй ахиц гарч зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын "Илбэ зэрэглээ” (2003), "Арван зүүдний өр” (2005), "Амь тавьж буй шувууны далавч” (2006), "Цуурайнаас төрөгсөд” (2007), "Бөөгийн домог” (2010), "Шүгдэн” (2012), "Хар цагаан улаан” (2014), "Судасны чимээ” (2015) болон зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн "Очир эрхшээгч” (2014), яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн "Гэгээнтэн” (2012), "Шилийн Богд” (2015), зохиолч Н.Нагаанбуугийн "Алтайн тэнгэр” (2014), зохиолч Ц.Буянзаяагийн "Морин уруул” (2016).., гээд олон бүтээл хэвлэгдлээ.
Түүнчлэн ”Бөөгийн домог” романд «...Гашуудлын дуу даанч хөөрхийлөлтэй тул сүүлдээ Сарны тэвчээр барагджээ. Нэгэн шөнө сэрүүн гэрлээр дамжин үл таних эр газарт буун ирж аргадсан бөгөөд улмаар бүсгүй мөнөөх сарны хүнээс хүүхэд олжээ...» (Аюурзана.Г. Бөөгийн домог. УБ. 2010. Мөнхийн үсэг. хуудас 35) гэсэн нь "Монголын нууц товчоо”-ны "[21]Шөнө бүр цэгээн шар хүн гэрийн өрх, тотгын зайгаар орж ирээд, хэвлийг минь илж, гэгээ гэрэл нь хэвлийд минь шингэх бүлгээ. Гарахдаа, наран сарны хилээр (заагаар) шар нохой мэт шарвалзан гарах бүлгээ. Та нар дэмий яахан өгүүлнэ. Тэр тэмдгээр ухаж үзвэл, тэнгэрийн хөвүүд буйза...” (Академич Ш.Бира нар. Монголын нууц товчоо. Сонгомол эх. УБ. 2005. Мөнхийн үсэг. хуудас 166) гэсэн нь хүмүүнийг тэнгэр язгуурт хамааруулах хийгээд шар нохойг эрхэмлэн үзэх, улмаар чоныг нохой хэмээн эерүүлэн нэрлэх зэрэг хорио цээр, сүнс сүлдэрийн уугуул байгуул үзэлтэй гүн холбогдож байна. Өрнө дахинд ч ийм үзэл буйг "...18Now the origin of Jesus Christ was in this way: His mother, Mary, after she had been engaged to Joseph, before they came together, was found to be with child of the Holy Spirit…” (Библи. Матай 18) буюу "18... Есүс Христийн үүсэл ийн болой: Түүний эх Мария нь Иосифт сүйлэгдээд дэр нэгтгэхийн урьд тэр Ариун Сүнснээс жирэмсэн болсон нь мэдэгдэв...” (Библи. Матай 18) гэснээс үзэж болно. Энэ нь гипертекстүүдийн нийтлэг тал, хүн төрөлхтөний танихуй хийгээд гарал үүсвэрийн тухай болой. Энэ санаа Буриадын домог зүй, гарвалд ийн туссан байдгийг Зохиолч Г.Аюурзана романдаа оруулсан нь гипертекстийн хэв загвар, "Монголын нууц товчоо”-ны орчин цагжсан тайлал, тайлбар, эш гарвалтай болохыг нь харуулж байна.



