ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛ УСТАЖ ҮГҮЙ БОЛОХ НЬ

919

ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛ УСТАЖ ҮГҮЙ БОЛОХ НЬ

 

Миний багад үлгэрийн ертөнц хэмээх А4-ийн хэмжээтэй найман нүүр  хар цагаан сонин гардаг байлаа. Ээж минь биднийг тойруулж суулгаад  л үлгэрүүдийг ээлж дараалан уншиж өгөхөд үнэхээр сайхан санагдаж, үйл явдлын дотор нь ороод л хүүхдийн жижигхэн ертөнцдөө маш их зүйлийг эргэцүүлэн боддог байж. Гэвч  үлгэртэй сонин маань их удаж байж шинэ дугаар нь ирдэг байсан юм. Харин тэр хооронд өнөө хэдэн үлгэрүүдээ үг үсэггүй, үйлдэл дараалал бүрийг нь цээжилчихдэг байж билээ. 
 
Харамсалтай нь сүүлийн үеийн хүүхдүүд энэ сониныг мэдэх ч үгүй бас тэдгээр үлгэрүүдийг сонирхох ч үгүй болжээ. Сонирхъё гэсэн ч тэдгээр үлгэрүүдийг хайгаад олохгүй болжээ. Учир нь хүүхдийн уран зохиолын хөгжил төдийлөн ахицгүй байгаа.  Сүүлийн 10 гаруй жил эрдэмтэн, зохиолчдын төлөөлөл энэ асуудлыг ярьсан ч төдийлөн ахиц гарсангүй.
 
Иймд сүүлийн үед эцэг эхчүүдийн санааг ихээхэн чилээх болсон хүүхдийн зохиолын тал дээр цаашид шат дараалсан  ажлуудыг хийж, уран зохиолын энэ орхигдсон төрлийг хөгжүүлэх  зайлшгүй шаардлага байгаа юм.
 
Манай улс гурван сая дахь иргэнээ хүлээж авсан. Ер нь сүүлийн хэдэн жилд жил бүр 80-90 мянган хүүхэд шинээр мэндэлж байгаа тухай Үндэсний статистикийн хорооны мэдээлэл бий.Энэ хүүхдүүдэд эмнэлэг, цэцэрлэг, сургуулиас гадна төлөвшил,  хүмүүжилд нь уран зохиол зайлшгүй хэрэгтэй.  Гэтэл хүүхдийн уран зохиол гэж хөөрхий орхигдсон зүйл болж. Ямар ч үйлс байсан материаллаг ашиггүй бол хийдэггүй нийгэмд амьдарч байгаагийнх юм болов уу даа.  Мөн оюуны маш нарийн  мэдрэмж шаардсан, цаг их ордог ажил хэрнээ үнэлэгдэхгүй байгаагаас зохиолчид дөлдөг ч байж болох юм.
 
 Бидний багадаа уншиж байсан Ц.Дамдинсүрэн "Цэцэн хурга”, Ч.Лодойдамба "Малгайтай чоно”, Б.Бааст "Халзан бухандай”, Н.Санжмятав "Даанч ухаангүй тоглож дээ”, Д.Содномдорж "Жигмэд Тогмид хоёр”, "Норовын намтар”, Л.Түдэв "Хорвоотой танилцсан түүх” Д.Гармаа "Хөгжөөнтэй тууж”, "Аав цэцэрлэгт орсон нь”, П.Лувсанцэрэн "Усны эргүүлэг буюу Борзооны түүх”, н.Адьяасүрэн "Сүүлэнхүү” гэх мэт олон шилээвэр бүтээлүүд бий. Эдгээр том зохиолчдоор хүүхдийн зохиол бичүүлу байсан гэхээр тухайн үедээ энэ чиглэлд уралдаан зарлаж, нэлээд анхаарч байсан нь харагдаж байгаа юм. Харин өнөөдөр хүүхдийн уран зохиолыг О.Сундуйгаас өөр хүн бичиж байгаа болов уу. Тэрбээр лав хоёр, гурван удаа "Алтан Өд” шагналыг хүүхдийн зохиолын төрөл дээр авсан.   
 
Уг нь нэг үеэ бодвол эцэг эхчүүд хүүхэддээ ном  зохиол авч уншуулах, уншиж өгөх  сонирхолтой болсон ч номын дэлгүүрт очоод ямар ном авч өгөхөө мэдэхгүй байна.  Харин тэдний энэ сонирхол дээр зарим нэг ашиг хонжоо хайсан хүмүүс ажиллаж,  зохисгүй үг хэллэгтэй жижиг үлгэрийн номууд худалдаалах болсон нь бодох л асуудал болоод байгаа юм. Нийслэлийн удирдлагуудын санаачлагаар номын баярыг амралтын өдрүүдэд төв талбай дээр зохион байгуулж, хямдралтай үнээр худалддаг болоод байгаа. Мөн томоохон номын дэлгүүрүүд ч зарим үед номын хямдралтай худалдаа зохион байгуулж, хөл гишгэх зайгүй худалдаа хийдэг болсон.  Харин энэ худалдаанаас  хүүхдүүддээ уншаад өгчихөөр ном хайгаад ч олсонгүй гэж ярих эцэг эхчүүдтэй цөөнгүй таарлаа. Өнөөх л орчуулгын хэдэн үлгэрийн ном, өөрөөр хүүхдэд зориулсан шинэ зохиол бүтээл байхгүй байгаа нь хүүхдийн уран зохиол Монголд устаж үгүй болсоныг харуулж байна.
 
 Иймд БСШУСЯ 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн "Ном” хөтөлбөрөө улам боловсронгуй болгоод хүүхдийн зохиол олноор төрүүлэхийн тулд зохиолчдод урамшуулал олгох зэргээр шат дараалсан ажил хийх хэрэгтэй байгааг эцэг эхчүүд болоод багш нар хэлж байна.
Б.Сансар
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>