Зам тээврийн хөгжлийн яамны хууль зөрчсөн томилгоо үргэлжилсээр байх уу
Зам тээврийн хөгжлийн яамны барцад үргэлжилсээр байна гэвэл буруудахгүй биз. Яамны газрын дарга нар нь нэгнийхээ аминд хүрсэн гэх дуулиантай залгаад Улаанбаатар-Сайншандын чиглэлд явсан суудлын 286-р галт тэрэг осолдсон хэрэг гарсан.
Гэтэл өчигдөрхөн Олон улсын зорчигч тээврийн галт тэргэнд төмөр замын монтёр дайруулж нас барсан золгүй явдал гарчихлаа.
Энэ мэт хариуцлагагүйн зуд нь төрийн албанд улс төрийн томилгоо хийгддэг, томилогдсон нөхдүүд нь ёс зүй, сахилга бат, мэдлэг чадваргүйгээс гадна хариуцлаггүй байдагтай шууд холбоотой гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэгээд ч төрийн албаны тухай хуулийг гууль болгосон энэ яамны бие биенийхээ амь насанд хүрсэн гэх газрын дарга нар нь түр орлон гүйцэтгэгч байсан гэх юм билээ.
Ийм байдлыг засна залруулана гэж Ерөнхий сайд нь сүржин даржин мэдэгдэл хийж тус яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг нь газрын дарга нартай нь хамт ажлаас нь чөлөөлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь сүр дуулиантай хурал цуглаан хийж цэцэн цэлмэг үгээр баахан шоудсан.
Гэтэл Засгийн газрын ам, ажил хоёр нь алд дэлэм зөрж Зам тээврийн хөгжлийн яаман дээр дахиад л тавын таван газрын даргын түр орлон гүйцэтгэгч томилохоор өчигдөр Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын талаархи мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байх юм
Хамгийн хачирхалтай нь түр орлон гүйцэтгэгч томилох нөхцөлд жинхэнэ даргыг нь томилогдох хүртэл яаман дотроос хэн нэгнийг түр томилох ёстой атал эдгээр таван эрхэмүүдийн талаас илүү хувь нь тус яаманд ажилддаггүй болохыг баттай эх сурвалж хэлж байна. Өөрөөр хэлбэл хууль бус хүмүүс гэсэн үг.
Сайд, төрийн нарийн бичгийн дарга нь байхгүй, эзгүй шахуу байгаа энэ яаманд яаран дааран хууль зөрчин зөрчин тавын таван түр орлон гүйцэтгэгч томилохоор зүтгэж байгаа Ө.Энхтүвшин сайд хууль дүрэмээ зөрчиж байгаад ч атугай улс төрчдийн цүнх баригч, хариуцлага алдаж ажлаас чөлөөлөгдсөн, Авлигатай тэмцэх газар шалгуулж байгаа эрхэмүүдийг газрын даргаар томилохыг илүүд үзсэн бололтой юм.
Zaluu.com



