Андыгаа дурсан сууна
Салхи зэврүүхэн үлээсэн тэр намар. Ажил ч үгүй би гэгч хүн ёстой л лааз өшиглөж явсан үе. Архи уудаг л ажилтай. Тиймээс ч найз нөхөд гэж сүйд болох ч хүн байхгүй. Ихэнх нь миний бараа л харагдвал булан тойроод зугтаачихна. Тийм л цаг үед миний төлөө ээж минь л сэтгэлээ сэмлэж явсан байх. Тэр үеэ бодохоор одоо ч гол харладаг юм. Тийм л үед жижигхэн бор найз минь зөөлөн инээмсэглээд халуун гараараа илчгүй шахам болсон гарыг минь чанга атгадагсан. Тэр он жилүүд миний нөхөрлөлийн чанарыг таниулсан ч гэж би хааяа боддог. С.Ууганбаяр, Ө.Батзориг, Г.Сонинбаяр, Ш.Батболд, П. Нямлхагва тэргүүтэй шүлэг бичдэг хүмүүс л надад найз хэвээрээ байсан. Тэд хайрлаж зэмлэнэ, архинаас намайг харамлаж шарыг минь тайлж өгдөг байлаа. Ийм л өөрөөс минь илүү өмлөж өмөг түшиг болсон найзуудаасаа одоо Л.Ганзулыгаа сананхан дурсаж сууна. Зөөлөн харцтай хуруун чинээхэн найзынхаа "Ган үзэг" яруу найргийн наадам дээр "Хаан зүгийн хүн"-ээ уншиж байхыг хараад ямархан том юм бэ гэж өөрийн эрхгүй бодож билээ. Миний найз муу шүлэг голдог ч хүнийг муу гэж чамлаж яваагүй юм. Миний найз муухай гэж бичгийн хэвийг голдог ч муу араншинтай гэж хэн нэгнийг муу хэлж байгаагүй юм. С.Ууганбаяртайгаа гурвуулаа номын баяраа хамт хийж жаргахдаа найзуудаа дуудаж халгиж явлаа бидэн гурав. Гэгэлзэж гунисан үедээ гурван биерүүгээ утсаар ярьж уйлж суулаа бидэн гурав. Яруу найргийн наадмуудын тайзан дээр гурвуулаа тунаж гайхуулж үзсэн бидэн гурав. Хэн нэгэн ахмад бууралтай халамцуухан таарчихаад гурвуулаа зэрэгцэж зогсоод зэмлүүлж явлаа бидэн гурав. Он сундлаж эхнэрүүд аваад гурвуулаа жаргаанаа гэж ярьж суулаа. Жил сундлаж үрээ өлгийдөн аваад хөл хүрэхгүй шахам баярлаж явлаа бидэн гурав. Хэн хэнийхээ гэрийн хаан босгоор аз жаргал асгарууланхан давж дуулж суулаа бидэн гурав. Хэнз хүүхдүүдтэй хэтэрхий орой амьдрал эхэлж гэж хэлэх хүний үгийг нэг хүн шиг хүлээж авдаг байлаа бидэн гурав. Өөдсийн чинээхэн мэт санагддаг миний найз өнгөт орчлонд багтахгүй том авьяастай байсан юм байна. Зулд минь найз нөхөрлөлийн хүрээ их хаана л явна таарсан бүхэн мэндтэй устай. Яриа хөөрөөтэй. Уусан ч суусан ч ажилласан ч бичсэн ч дуулсан ч хуурсан ч уйлсан ч хүн бүхэн хайрлахын шалтаг ихтэй хүн байсан юм. Манайд нэг удаа ирээд явахдаа охинд минь 5000 төгрөг өгч чихэр авч идээрэй гээд үнсэж байсан. Сүүлд сонсоход найз минь автобусны ч мөнгөгүй үлдчихээд нэгдүгээр хорооллоос багшийн дээд хүртэл алхсан байж билээ. Ийм л хүн. Халааснаасаа иштэй чихэр гаргаж ирээд үзэж үзэж байснаа хүүдээ өгнөө гээд буцаагаад халааслачихна.Яруу найргийн наадмаас шагнал хүртэхээрээ эргэн тойрныхондоо шагналынхаа мөнгийг тараачихна. Эхнэр хүүхдэдээ өг, түлээ нүүрсэндээ нэмэрлэ гэж С.Ууганбаяр бид хоёр өөрөөс нь хүртэл шагналынх нь мөнгийг мөн ч их харамлаж явлаа. Сайхан шүлэгтэй найз минь шүлэг шигээ сайхан чанартай байсан. Чи бид гурвыг хорвоо даахгүй биш дээ гэж хэлээд С.Ууганбаярыгаа уйлахад урагдсан дотроосоо би юу ч олж зуурч чадаагүй л юм даа. Хорвоо хатуу. Гэхдээ найзаа алдах илүү хатуу илүү хэцүү юм билээ. Би алдаж онож л яваа. Одоо ч алдаж л явна. Хоёр талаас үгээрээ алгаддаг найзын минь нэг алга. Тэр эзгүй талын хацар арай л дураараа байгаад байх шиг. Гэхдээ л алдахаас минь том үүрэг надад байна. Зулынхаа хоёр нялх хүүхдийг эр хүн шиг авч явнаа хоёулаа гэж С.Ууганбаярынхаа хэлснээр сэтгэл бүтэн байлгах их хүсэл надад байна. Энэ хүслийн минь эхлэл "Марал буусан шөнө" нэртэй андын минь уран бүтээлээр бүтсэн дурсамж хүндэтгэлийн тоглолт байж болох. Тиймээс ч миний найзууд, яруу найргийн зүг нэг ах дүү нар минь, дуучид минь, хамт олон минь,Булган нутгийнхан нэгдэж байгаа. Би дулаанхан харцтай дотнохон төрхтэй олон сайхан найзтай. Тэр дундаасаа Л.Ганзул хэмээх их яруу найрагч андтай хүн юм шүү. Миний хуруун чинээхэн найзыг хорвоо даагаагүй ч гурван сайхан үр нь жаргаж өсөх хувьтай л хорвоо гэж итгэнэм.



