Оюутолгойн шалгалтын баримтуудыг Засгийн газар татаж авчээ
Эрх баригч намынхан Үндсэн хуулийн өөрчлөлтөд улайрч Оюутолгойн асуудлыг орхигдууллаа. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр далимдуулж нам дарсан бололтой. Уг нь Оюутолгойтой холбоотой барим тавим баримт, санал шүүмжлэл шалгалтын материалуудыг мэргэжлийн байгууллагуудаас гаргасан. Тухайлбал, АТГ-ын дарга асан Х.Энхжаргал өнгөрсөн тавдугаар сард ажлаа өгөхдөө "ҮАБЗ-ийн гишүүдэд Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтуудыг өгсөн. Энэ шалгалтыг зайлшгүй цааш нь явуулах хэрэгтэй. Оюутолгойд хийж буй шалгалт 90-ээд хувьтай явж байгаа. Хамтад нь маш нууц материал танилцуулсан. 33 их наяд төгрөг дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, нууцлалтай мэдээлэл Татварын ерөнхий газар дээр байсан. Прокурорын зөвшөөрлөөр АТГ өнгөцхөн танилцсан” гэсэн удаатай. Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатар мөн л "Оюутолгойн гэрээг шалгуулахгүй гэсэн хар хүч парламентад байна” гэж хэлээд албан тушаалаа өгч байв. Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн гэрээг нэг жил гаруйн хугацаанд шалгасан байдаг. Ажлын хэсгээс гэрээний зарим зүйл заалтад зайлшгүй засвар оруулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа ч шалгалтын дүн Монголын парламентаас өмнө "Риотинто”-гийн мэдэлд очсон зэргээр энэ гэрээ ээдрээтэй, сэжиг таамаг дагуулсан хэвээр байна.



