НҮБ-ын шинжээч юу гэснийг сонссон уу, Сангийн сайд аа
УИХ-аар 2020 оны төсвийг хэлэлцэх дөхөж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх оны улсын төсвийг Засгийн газраар гурван удаа хэлэлцүүлжээ. Тэрээр төсвийг өөдрөгөөр төсөөлж байгаагаа хэлжээ. Гэхдээ ФАТФ-ын саарал жагсаалтад орвол төсөв хүндэрнэ гэж бас дуугарсан байна. Ер нь бол 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгуульд төсвийг "наалдуулж” зохиосон байна гэх шүүмжлэлийг эдийн засагчид хэлээд эхэллээ. Учир нь уламжлал ёсоор сонгуульд зориулж, олны сэтгэлийг хөдөлгөхөд зориулсан хөрөнгө мөнгийг төсөвлөжээ. Гэтэл энэ сарын эхээр арав хоногийн турш Монголд ажилласан НҮБ-ын хараат бус шинжээч Хуан Бохолавски бидний талаарх дүгнэлтийг байгаагаар нь өгчихөөд явжээ. Тэрээр манай улсад ажиллахдаа Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, ХЗДХ-ийн дэд сайд Г.Элбэгсайхан, БСШУСЯ, БОАЖЯ, Сангийн яам, ЭМЯ, ХНХЯ, УУХҮЯ зэрэг төр, засгийн байгууллагын албан хаагчид, УЕПГ, Монголбанк, Татварын ерөнхий газар, АТГ Санхүүгийн зохицуулах хороо, Хөгжлийн банк, Үндэсний хөгжлийн газрын холбогдох хүмүүстэй уулзжээ. Мөн УИХ-ын зарим гишүүн, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ХЭҮК, хамтын ажиллагааны байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газар, иргэний нийгэм, хувийн салбар, улсын үйлдвэрийн газар, судалгааны байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийсэн байна. Энэ бүхний эцэст түүний хийсэн дүгнэлтийг Сангийн сайд ирэх оны төсвийг боловсруулахдаа хэр зэрэг анхаарсныг бүү мэд. Хуан Бохолавски шинжээчийн хэлснээр бол бид 2020 оны улсын төсвөө сонгуульд зориулж болохооргүй ажээ.
… Монголын эдийн засагт сүүдрийн эдийн засгийн эзлэх хувийн жин өндөр байна. Засгийн газар ашиглагдахгүй байгаа төсвийн орлогын ач холбогдлыг үнэлэх зорилгоор судалгаа хийж, татварын орлогыг илүүтэйгээр татан төвлөрүүлэх, түүний зэрэгцээ үүрэг, хариуцлагыг хангаж ажиллах асуудлыг анхааралдаа авбал зүйтэй.
…Банкуудын зээлдэгчээс авах хүүгийн түвшинд хязгаарлалт байдаг бол (өндөр хэвээр байгаа) ББСБ-ын хүүнд ийм хязгаарлалт байхгүй байна. Санхүүгийн байгууллагууд ялангуяа бичил зээлд жилийн 200 хүртэлх хувийн хүү, зарим нөхцөлд өдрийн хүү тогтоож байна. Эдгээр санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийх, мөнгө хүүлэх чанартай бичил зээлийг цуцлах буюу хүчингүй болгох талаар Засгийн газар хөндлөнгөөс нэн даруй оролцох шаардлагатай байна” гэжээ.



