Золбин нохдоос халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй
- Жил бүр 7-8 мянган хүн нохойд хазуулсны улмаас галзуу өвчний вакцин хийлгэдэг. Тэдний 73.2 хувь нь эзэнтэй нохойнд уруулсан байдаг аж
- Манай улс жил бүр 100 мянган нохой буудаж устгадаг ч тоо толгой нь буураагүйгээр үл барам өссөөр байна
- Нохой, муур нь галзуу, бэтэг, бруцеллёз, лептоспироз, токсоплазмоз, хламид, гэдэсний халдвар зэрэг олон өвчний тээгч болж байдаг. Манай орны хувьд нохой, муурнаас элдэв өвчний халдвар авах эрсдэл нэн өндөр
- Нохдын сэг зэмийг булах нь халдвар тархаах өндөр эрсдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Золбин нохой, муурыг устгах нь коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын нэг. Манай орны хувьд энэ ажил ямархуу явагдаж байна вэ?
Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хотын золбин нохой, муур устгах ажлыг хариуцдаг. Одоо хотын хэмжээнд мэргэжлийн гурван компани ажиллаж байна. Бараг 2000 оноос хойш устгал хийсэн анчид эдгээр компанид ажилладаг. Бид жилдээ 100 мянга орчим нохой устгадаг. Мөн өсөлтийг зогсоох ажлын хүрээнд 2017 оноос эхлэн гэр хорооллын айл өрхийн нохдыг бүртгэлжүүлж байгаа. Айл өрхүүд нохойгоо хашаанаас нь гаргахгүй байхыг сануулж, туулга, вакцинд хамруулж байгаа. Гэхдээ бид устгаад байгаа ч нөгөө талдаа өсөөд л байна. Тоо толгой нь өсөөд буй нь гэр хорооллын нохдын замбараагүй тэжээлттэй холбоотой.
-Иргэд шаардлагыг хүлээн авч, хэрэгжүүлэх тал дээр хойрго байдаг шүү дээ. Шаардлага биелүүлэхгүй бол яах вэ?
Уг нь хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх эрх зүйн орчин байх ёстой. 2002 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 222-р тогтоолоор нохой, муур тэжээх журам батлагдсан. Энэ журманд хариуцлагын асуудал огт тусгагдаагүй. Тиймээс 2017 онд Захирагчийн ажлын албанаас золбин, нохой муур устгах журмыг шинэчилж, илүү өргөн агуулгатай болгоод нийслэлийн НИТХ-ын тэргүүлэгчдээр батлуулсан. Гэвч Хууль зүйн яам бүртгээгүй. Шалтгаан нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зарим хуультай давхцаж байна гэж үзсэн. Нөгөөтэйгүүр ийм журам батлах эрхийг НИТХ-д олгоогүй байна гэсэн. Уг нь гэр хороолол, орон сууцны алинд ч амьтан тэжээж байгаа бол эрх зүйн тодорхой зохицуулалт байх ёстой. Тогтсон хүрээнээс хальж гарвал хариуцлага хүлээдэг тогтолцоог л бий болгомоор байгаа юм. Бид зарим засварыг хийж, журмаа эргэн барихаар төлөвлөж байна.
-Он гарснаас хойш хэчнээн нохой устгалд оруулаад байна вэ?
Бид жилд 100 мянган нохой устгана гэж тооцож төсвөө баталдаг. Тиймээс сар сарын үзүүлэлт ерөнхийдөө ойролцоо байдаг. Нэгдүгээр сард ойролцоогоор 11 мянган нохой устгасан. Хоёрдугаар сард нэлээд шахах төлөвлөгөөтэй. Цагаан сараар иргэд золголт хийх гэж гадуур их явдаг учраас нохойд уруулах эрсдэл өндөр. Оны эхний хоёр сард 15 мянга орчим нохой устгах төлөвлөгөөтэй байна.
-Ер нь золбин нохдын тоог бууруулах хамгийн үр дүнтэй арга нь таны бодлоор юу вэ?
Спэй бол яах аргагүй үр дүнтэй арга. Хамгийн гол нь нийгэмд зөвөөр ойлгуулж, иргэдийн дэмжлэгийг авах нь чухал.
-Устгасан нохойгоо яадаг вэ?
Нийслэлийн хот тохижилтын газар устгасан нохой, муурыг булах, шатаах ажлыг Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хийж байгаа. Нохой шатаах бага оврын зуухтай. Тэндээ шатаахыг нь шатаагаад, үлдсэнийг нь булж байна.
-Нохой шатаах зуухыг өндөр үнээр барьсан ч ажилладаггүй гэх шүүмжлэл бий. Үнэхээр ажиллахгүй байгаа юм уу?
-Ажиллахын хувьд ажиллаж байгаа. Хамгийн гол нь их хэмжээгээр устгаж чаддаггүй. Нэг удаад 20-30 нохой шатаана. Шатаах үйл явц 45 цаг үргэлжилдэг. Бүтэн өдөржин ажиллуулахад дээд тал нь 60-70 нохой устгаж чадна. Гэтэл өдөрт 100, 200-гаараа нохой устгаж байна шүү дээ. Үлдсэнийг нь булахаас өөр аргагүй.
-Тэр олон мянган нохойг булахаар янз бүрийн халдвар дэгдэхгүй байх баталгаа байна уу?
Байхгүй. Халдвар тархах өндөр эрсдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Халдвартай мал, золбин нохдыг устгах, сэг зэмийг нь устгалд оруулах байгууламж улсын хэмжээнд нэг ч байхгүй. Тиймээс бид булахаас өөр арга алга.
-Золбин нохдыг буудаж устгадаг улс хэр олон байдаг юм бэ?
-Монголоос өөр байхгүй. Ер нь улс орнууд цус асгаруулж бууддаг харгис аргаас татгалзаж байгаа. Төсөв санхүү сайн улсууд тариа хийж унтуулдаг. Тэр ч байтугай хөгжилтэй орнуудад золбин нохой гэдэг ойлголт байхгүй болохоор нохойг буудаж устгана гэхээр санаанд нь багтдаггүй. Харин манайд иргэд өөрсдөө нохойгоо замбараагүй үржилд оруулж, тоо толгойг нь хэт их өсгөөд байгаа учраас устгалд оруулахаас өөр аргагүй.



