Сүүлийн таван жилийн хугацаанд мотоциклын ослоор 600 гаруй хүн нас баржээ

Сүүлийн таван жилийн хугацаанд мотоцикльтой холбоотой 1171 осол гарч, ослын улмаас 600 орчим хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна.
Яг ийм осол хэргээс сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяны хүрээнд орон нутагт суман дээр ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч , цагдаа нар энэ бүхэнд хяналт тавьж ажиллаж байна. Замын цагдаагийн алба хаагчид иргэдэд анхааруулаад байхад л хэнэггүй зан гаргаж ахуйн хэрэглээнд мотоцикл унасаар л байна.
Хууль: Мотоцикль дээр 10 хүртэлх насны хүүхдийг суулгаж явах хориотой. Мөн зөвхөн хоёр хүн л сууж явах зориулалттай. Хэрэв хамгаалалтын малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулиар 10 мянган төгрөгөөр торгодог. Мөн бичиг баримтын зөрчилтэй “А” ангиллын үнэмлэхгүй иргэд замын хөдөлгөөнд оролцох нь элбэг. Энэ тохиолдолд мөн Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаанд хасч 400 мянган төгрөгөөр торгож байна.



