Иргэдийн 95 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа л хүн амд дархлаа тогтох түвшинд хүрсэн гэж үздэг гэнэ
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2021.06.15) цахим хэлбэрээр хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв.



С.Энхболд сайд үргэлжлүүлэн эрүүл мэндийн салбарын авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулсан. Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр 119 тусгай дугаарыг өргөтгөж 40 операторыг нэмж ажиллуулж байгаа ба гэртээ тусгаарлагдсан иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх 40 автобус бүхий явуулын амбулаторийг ажиллуулж байгаа гэлээ. ХӨСҮТ-ийн гурван эмчийг ЯпонУулсад SARS-CoV2 вирусын мутацийн судалгааны чиглэлээр мэргэшүүлж, 2021 оны зургадугаар сарын сарын сүүлээр лабораторийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ дэмжлэгээр эрчимт эмчилгээний 10 эмч, 6 дүүрэгт тандалт судалгааны багийг ажиллуулж эхэлжээ.


Монгол Улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын нийт 79,959 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 57822 нь эдгэрчээ. Эмнэлэг, тусгаарлах байранд улсын хэмжээнд 9640 иргэн тусгаарлагдаж, эмчилгээнд хамрагдаад байгаа аж.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Гадаад улс орнуудад ажиллаж, суралцаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд, судлаачидтай хамтран ажиллах, коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношлуурыг үнэ төлбөргүй байлгах, вакцины гурав дахь тунг "Модерна”, "Фрайзр”-аар хийх ажлыг яаралтай эхлүүлэх шийдвэр гаргаж, эхлүүлэх саналыг хэлж байлаа. Өнөөдрийг хүртэлх нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээндээ олон улсын мэргэжилтнүүдээ зөвлөгөө, туслалцаа авч боловсруулах, коронавируст халдвар (КОВИД-19)-ыг эмчлэх эмийн үнийг тогтворжуулах, ЭМД-ын сангаас хөнгөлөх чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг санал болгож байлаа.



