APG: Монгол Улс 40 зөвлөмжөөс 37-д нь “Нийцтэй” болон “Ихээхэн нийцтэй” гэсэн үнэлгээ авсан
Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг Монгол Улсын талаарх хамтарсан үнэлгээний тайлангаа гаргасан байна. Тайланд дурдсанаар Монгол Улс нийт 40 зөвлөмжөөс 37-д нь "Нийцсэн” болон "Ихээхэн нийцсэн” гэсэн үнэлгээ авчээ.
Түүнчлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан аргачлалыг үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн байна. Мөн зөвлөмжид нийцтэй байх талд ахиц дэвшил гаргаж ажилласан гэсэн байна. Харин ашгийн бус болон шинэ технологид суурилсан бизнес, үйлчилгээнүүдэд хангалттай хяналт тавьж чадахгүй байна гэж үзжээ. Үүнийг хэсэгчилсэн байдлаар нийцсэн, зөрчил дутагдалтай буй гэсэн дүгнэлтэд хамруулсан байна.
Монгол Улс виртуал хөрөнгийн зах зээлд эрсдэлийн үнэлгээ хийсэн ч уг зах зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн зохицуулалт дутагдаж байгааг онцолжээ. Энэ чиглэлээр цаашид Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor



