Иргэний үг: Эргэн тойрон хар бараан мэдээ

599
 

Ер нь манай улсын хөгжил бидний үг, үйлдэл, юманд яаж хандаж байгаас хамаарч мориор бол чөдөрлөчихөөд мордонгуутаа давхи гээд ташуурдаад байгаа мэт болсон юмуу даа. Монгол хүн амны билгээрээ гэдэг. Юмыг аль сайн талаас нь бодож, сэтгэж, үйлдэж, үгийн сайнаар хэлцэн болгоодог. Эртнээс нэгнээ уулзахдаа мэндлэхээс эхлэн хүндлэж дээдлэн мэдээлэл солилцон хөөрөлдөөд харилцан ерөөлцөөд салдаг байсан. Тиймдээ ч бидний өвөг дээдэс зөв замаар цэцэн мэргэн уужим саруул ухаанаар олон улсыг засан товхинуулж, засаглан удирдаж, даян дэлхийг амар амгалан байлгаж энх тайваныг тогтоон тунхаглаж байсан билээ. Тэгж явахдаа хойч үедээ "Багц сум мэт бай” "Эрхийг сурахаар бэрхийг сур”"Эвтэй бол хүчтэй” "Жаргах цагт сэрэмж, зовох цагт хатуужил хэрэгтэй” гэж захиж сануулж байсан биз.
Цаг хугацааны элээнд бид эрхээрээ хатаж тэнэгэрч яваад, зүрхний сургаал айлдвар захиасаа умартаад хоорондоо, ахан дүүсээрээ, ураг удмаараа талцан хуваагдаж, бүүр дайсагнаж дайтаж, нэгнээ хөнөөж сөнөөж явсан гашуун түүхийг туулж ч зовлонг нь эдэлсээн. Тийм л үедээ бид гадны дайснуудын хоол болж, боолын заяанд унаж, гуйлгачин ядуу дорой замаар бэдэрдэг нь бас гашуун үнэн түүх билээ.
Нялх хүүхэд мөлхөж байгаад унаж тусаж хөлд ордог шиг одоо л бид дэнжигнэж байгаа дээрээ жоохон сэрж сэхээрэх хэрэгтэй болоод байна. Хичнээн ч талаас мэрж, сэмэлж, хувааж идэх гэсэн шуналын сарвуу зулгаагаад байгаан! Нийгмийн сүлжээ, олон нийтийн сувгууд, бүх шатанд хүртээж байгаа мэдээллийн урсгал, оюуны дархлааг хордуулах медиа… Гадны хөрөнгө оруулалт, хүний эрх, эрх чөлөө нэрээр тархи угаалт нөлөөлөл!.. Ер нь л бид юманд их автамтгай болжээ. Эргэн тойрон хар бараан мэдээ.
Уурлаж бухимдсан, хоорондоо нэгнээ буруутгасан, зүхсэн, хараасан, хардсан, итгэл алдсан, хар амиа хичээсэн, худлаа хэлж хуурсан, хувиа бодсон, хулгайлсан, улай цайм эх орноо худалдсан, зөвхөн өөрийгөө бодож газар нутгаа ухсан, төрийн сэнтийрүү шунасан, эрх мэдэлд үхэн хатан зүтгэсэн, эрээ цээргүй аашилсан, гүтгэсэн гөрдсөн, шоолсон доромжилсон, муулсан л хүмүүс болж хувирч! Хэзээ бид ингэтлээ доошоо орж, дордож байлаа?! Гүн нойрноосоо сэрээд, сэрүүн зүүднээсээ салаад, үнэний толинд хараад юу болж байгааг ажиглаад ухаарах цаг болжээ бид…
Нам бус, Монгол ардын журамт иргэн Л.Даш

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>