Үйлдвэрлэгч орон болохын эхлэл нь барилгын материал үйлдвэрлэгчид
Олон, олон үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг газраас гэрэлтүүлэг, халаалт гээд юм юмаараа өөр байгааг оролцогчид хэлж байсан. Ер нь “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-д зочлон очихдоо та бүхэн элдэв зүйлд санаагаа чилээхээргүй ажээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд дандаа эх орны дотоодын үйлдвэрлэл байсныг дурдах хэрэгтэй. Та бүхэн хувьдаа байшин барих, хувьсгалын орон сууц босгох байсан ч “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийг зорих нь хамгийн зөв сонголт гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон “Монцемент” компанийн хувьд 2015 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 50 килограммын шуудайтай цементийг 10200 төгрөгийн үнээр худалдаалдаг гэнэ. Цемент бол барилгын хамгийн гол бүтээгдэхүүний нэг болохоор эднийх бүтээгдэхүүнээ олон улсын чанарын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэдэг байна. Тэгвэл “Хэв хашмал хуванцар” компанийн хувьд анхдагч түүхий эд хуванцраар хүүхдийн лего тоглоом, шагай, хүнсний зориулалттай сав, угсардаг тоглоомон гэр, сандал, хогийн сав зэргийг үйлдвэрлэдэг, худалдан авагчид ам сайтай байлаа.
Барилга, байшин барихад нэлээд өндөр өртөгтэй бүтээгдэхүүн бол арматур төмөр байдаг. Тэгвэл энэ асуудлыг “Сейф арматур” компани мяндас полимер арматураар бүрэн шийджээ. Ган арматураас даруй 45 хувийн хямд үнэтэй, арматурчлал хийх, тээвэрлэхэд хялбар гэдгээрээ давуу талтай юм байна. Гол түүхий эд нь мяндас утас учраас цахилгаан, дулааныг дамжуулахгүй, зэвэрдэггүй аж. Төмөр арматур нь хэсэг хугацааны дараа зэврэлт үүсээд үндсэн бүтээцээсээ хөндийрдөг бол мяндсан арматур ингэдэггүй байна. Тус арматурыг 100 метрийн уртаар нь бөөрөнхий эвхэж бэлдсэн байдаг болохоор суудлын тэргээр ч тээвэрлэх боломжтой. Төмөр 12-ын арматур нэг тонн нь зах зээл дээр гурван сая гаруй төгрөгөөр борлуулагдаж байгаа бол мяндсан арматур 1.9 сая төгрөгөөр худалдаалагддаг байна





