Олон тэрбумын төсвөөр хийдэг хяналтыг "хаяж", хотын утааг нэмсэн үү?
Хотын утаа гамшиг болж байсан цаг саяхан. Харин сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж байв. Гэвч энэ жил хотын утаа дахин эрс нэмэгдэж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Сайжруулсан түлшний чанар муудаж үйрмэг ихтэй, удаан уугиж байна гэсэн гомдол иргэдээс ирсний дагуу буруутны эрэлд гараад байгаа. Мөн энэ өвөл утаа ихэссэн нь сайжруулсан түлшний технологи, үйлдвэрлэлд алдаа гарсантай холбоотой гэсэн шүүмжлэл иргэдийн дунд үүсээд буй. Тэгвэл утаа ихэссэн шалтгаан нь хариуцдаг байгууллагууд хяналтын ажлаа хийдүүлж утааны эсрэг арга хэмжээ, түлшний чанарт тавих хяналт шалгалтаа зунаас хойш хийгээгүйтэй холбоотой гэсэн эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Энэ ноцтой. Өмнөх жилүүдэд тогтмол хийгдэж ирсэн холбогдох байгууллагуудын хяналт, шалгалт өнгөрсөн зунаас эхлэлгүй явсаар утааны асуудал сөхөгдөхөөр тэд дуугарч эхэллээ гэж байна. Улаанбаатар хотын бүх товчоонд агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс тээвэрлэж буй эсэхэд цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын газраас 300 гаруй албан хаагч, хотын 171 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, 4500 орон тооны бус эргүүл хяналтын ажилтан нийт 6000 орчим ажилтан, албан хаагч утааны эсрэг хяналт тавьж ажилладаг. Тэд сайжруулсан түлшний дээжид хяналт тавьдаг байсан ч өнгөрсөн хугацаанд энэ ажил цалгарджээ. Харин ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр харж суусаар асуудал хүндрэхэд шалгалт хийсэн гэсэн мэдээлэл түгээж арьсаа хамгаалж байна гэх шүүмжлэл яригдаж эхэллээ.
Энэ асуудлаар НМХГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Угтахбаяраас тодруулахад "Зургаан товчоонд агаарын чанарын бүсэд түүхий нүүрс оруулахгүй байх, агаарын чанарын бүсээс сайжруулсан шахмал түлшийг гаргахгүй байхад долоон байцаагч хяналт тавьж ажилладаг. Хонхорын товчоонд орох, гарах чиглэлд хоёр байцаагч, бусад товчоодод нэг байцаагч ажиллаж байгаа.



