"Туулын хурдны замын төсөл түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна"

10

"Туулын хурдны замын төсөл түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна"

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2026.03.30/ Туулын хурдны зам төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай тус төслийн талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр “Туулын хурдны замын төсөл анх 2008 оноос Улаанбаатар хотын Хот байгуулалт, судалгаа шинжилгээний хүрээлэнд судлагдаж эхэлсэн. Энэхүү судалгаа нь хотын түгжрэлийг бууруулах, 2020 болон 2030 оны ерөнхий төлөвлөгөөнд тусгах зорилготой байсан. Улмаар 2013 оны наймдугаар сард Засгийн газраар батлагдсан. Тухайн үед нийт 4 эгнээтэй, 34 км урт зам, 1.4 км гүүр бүхий нийт 36 км автозамын ТЭЗҮ болон ерөнхий зураг төслийг баталсан. Энэ үед нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.Батбаяр нар ажиллаж байсан. 2016 онд нарийвчилсан зураг төсөл боловсруулж, байгаль орчны анхны төлөв байдлын үнэлгээг хийж дуусгасан. Харин 2020 оны тавдугаар сард УИХ-ын 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан. Мөн 2021 оны УИХ-ын 106 дугаар тогтоол, 2022 оны Засгийн газрын 476 дугаар тогтоол, 2023 оны УИХ-ын 39 дүгээр тогтоол, 2024 оны УИХ-ын 21 дүгээр тогтоолуудаар тус тус баталгаажуулж, хэрэгжүүлэх шийдвэрүүд гарсан. 2025 онд мөн Засгийн газрын холбогдох тогтоол батлагдсан. Ингэснээр уг төсөл нийт таван удаагийн УИХ-ын тогтоолоор дэмжигдсэн.

Улаанбаатар хотын автомашины тоо 2026 онд 804 мянгад хүрч, өдөрт 2.4 сая зорчилт хийж байгаа нь замын ачааллыг эрс нэмэгдүүлж байна. Иймд төслийн зураг төслийг шинэчлэх шаардлага үүссэн. 2025 онд төслийн ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулж, Зам, тээврийн шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэн баталсан.

Мөн тухайн онд санхүүжилтийг баталгаажуулсан. Шинэчилсэн төлөвлөлтийн хүрээнд 2025 оны зургаадугаар сард байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, арванхоёрдугаар сард байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж, холбогдох мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулсан.

Замын хөдөлгөөнд үзүүлэх нөлөөллийн судалгаагаар:

• Дамбадаржаагийн уулзвараас Долоон буудал хүртэл 21–24 хувь

• Баянбүрдийн тойргоос Баруун дөрвөн зам хүртэл 10–12 хувь

• Олимпийн гудамж орчимд 10–13 хувь

• Саппорогийн уулзвараас 3, 4 дүгээр хороолол хүртэл 8–9 хувь

• Нарантуулын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл 9–12 хувь

• Нарны замын ачаалал 25–30 хувиар буурах тооцоо гарсан. Төслийн хувьд нийт 32 км урт автозам байхаар төлөвлөгдсөнөөс 9.8 км нь гүүрэн байгууламж, 7 орц, гарцтай байна. Мөн замын 22.8 хувь нь далангийн хэсгээр дайрна. Туулын хурдны зам нь Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 16 мега төслийн нэг бөгөөд Тойрог 1, 2 дугаар замуудтай уялдана. Тус зам нь 6 эгнээтэй, Азийн AH3 ангиллын, гэрлэн дохиогүй, уулзваргүй хурдны зам байх юм. Эдгээр цогц төслүүд хэрэгжсэнээр түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой. Замын дээд үе нь 18 см зузаантай, гурван үе давхар асфальтан хучилттай байна. Монгол Улсад анх удаа AH3 ангиллын хурдны замыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн нийт өртөг 2.3 их наяд төгрөг бөгөөд нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ. Нэг километр замын өртөг ойролцоогоор 150–160 тэрбум төгрөг байхаар тооцсон. Энэ олон улсын жишиг болон Монгол Улсын стандарт нормд нийцсэн” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>