ОХУ-ын цэргүүд Беларусийн хилээр дамжин Украинд халдаж эхэллээ

287

ОХУ-ын цэргүүд Беларусийн хилээр дамжин Украинд халдаж эхэллээ

 

ОХУ-ын танк болон цэргүүд Беларусь болон Крымээр дамжин Украины газар нутагт нэвтрэн, халдаж эхэллээ. Цэргийн сургуулилалт хийх зорилгоор ОХУ 30 мянган цэргээ Беларусьт байршуулаад байсан юм. Эдгээр цэргүүд Украины хойд талаас халдаж эхэлсэн байна.

Беларусийн арми ОХУ-ын цэргийн үйл ажиллагаанд оролцоогүй гэдгийг тус улсын Ерөнхийлөгч мэдэгдээд байна.

ОХУ Украинд Москватай эерэг харилцаатай шинэ Засгийн газар байгуулахаар зорьж байгаа гэж ОХУ-ын Төрийн Думын дэд дарга мэдээллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
"Нөхцөл байдал биднээс хатуу, шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байна. Донбасс дахь Бүгд Найрамдах Ард Улсууд ОХУ-аас тусламж хүссэн. Ийм учир НҮБ-ын дүрмийн VII бүлгийн 51 дүгээр зүйлд заасны дагуу Оросын Холбооны Зөвлөл зөвшилцсөний дүнд, мөн энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Донекц Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улстай байгуулж, соёрхон баталсан найрамдал хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээнд тусгаснаар бид цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Бид үүгээрээ Киевийн дэглэмийн хавчлага, хоморголон устгалд найман жилийн турш зүдэрсэн хүн ардыг хамгаалахыг зорьж байна. Бид та бүхнээс нэн даруй зэвсгээ хаяж, гэртээ харихыг хүсье. Тайлбарлая л даа: Энэ шаардлагад нийцэж Украины армийн бүх албан хаагч цэргийн үйл ажиллагааны бүсээс чөлөөтэй орхиж, гэр бүл дээрээ очиж болно. Биднийг зогсоохыг оролдох, мөн ОХУ, хүн ардад аюул занал учруулах хэнбугай ч ОХУ шуурхай хариу үзүүлж, өмнө таны огт харж байгаагүй үр дагаварт хүргэнэ гэдгийг ойлгох учиртай. Бид ямар ч үр дагаварт бэлэн. Би ОХУ-ын Зэвсэгт хүчний үнэнч цэрэг, офицерууд өөрийн үүргийг мэргэжлийн түвшинд, эр зоригтойгоор биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдлээ.

Нөхцөл байдал хурцдаж байгаагаас Украины нийслэл Киев хотын оршин суугчид дүрвэж эхэллээ. Түүнчлэн олон мянган украинчууд хилээр нэвтрэхээр дугаарлаад байгааг Унгарын тал мэдээлсэн байна.


ОХУ Украины эсрэг хэд хэдэн удаа пуужин харвасны улмаас албаныхан Киев хотын иргэдийг хорогдох байр руу нүүхийг анхааруулжээ. Украины Парламент дайны цагийн бэлэн байдалд шилжихийг дэмжээд байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский
"Хүндэт украйнчуудаа, өнөөдөр өглөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулахаа зарлалаа. ОХУ Украины Батлан хамгаалахын дэд бүтцүүд, манай хилчдэд цохилт өгсөн. Украйны олон хотод дэлбэрэлт боллоо. Бид улс даяар дайны цагийн бэлэн байдал тогтоож байна. Саяхан би АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай холбогдлоо. АНУ олон улсын дэмжлэгийг бүрдүүлж эхэлж байна” гэж мэдэгдэв.

Европын Комисс ОХУ-ын эсрэг шинэ багц хоригоо өнөөдрийн дотор танилцуулан, Европын удирдагчдаас зөвшөөрөл хүсэхээ мэдэгдлээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын эсрэг хатуу хориг тавина гэдгээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярилцах үедээ мэдэгдсэн байна. Мөн АНУ Украины ард иргэдийг цаашид дэмжсээр байхыг онцолжээ. Мөн пүрэв гарагт багтан нэмэлт хориг арга хэмжээнүүдийг авна гэдгээ тодотгосон байна.

АНУ болон Европын Холбооны орнууд ОХУ-д тавих эдийн засгийн хоригийг улам чангатгах талаар хэлэлцэж байна.


ОХУ бол Европын Холбооны тав дахь том худалдааны түнш төдийгүй эрчим хүч нийлүүлэлтээр тэргүүлдэг. Хориг арга хэмжээ яригдах бүрд Европын Холбооны хувьд ч томоохон алдагдал үүрэх асуудал яригдаж байна гэсэн үг. Ялангуяа Европт эрчим хүчний хямрал үүсэж, үнэ нь түүхэн дээд түвшиндээ хүрээд байгаа юм. Тиймээс ОХУ-д хориг тавих нь бүр ч эрсдэлтэй байгаа юм.

Зарим талаараа АНУ-аас илүү чухал худалдааны түнш гэж хэлж болохоор байна. Хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн мөн адил чухал. Жишээ нь: Европын "Royal Dutch Shell”, "Volkswagen” зэрэг томоохон компаниуд ОХУ-д хөрөнгө оруулж байгаа юм.

М.Аминаа

Bloomberg Tv

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>