ЗЭЭЛ АВНА ГЭДЭГ ШОРОНД ОРНО ГЭСЭН ҮГ

440

ЗЭЭЛ АВНА ГЭДЭГ ШОРОНД ОРНО ГЭСЭН ҮГ

 

Нэгэн цагт банкны захирал, ТУЗ-ын дарга гээд мандаж явсан эрхэмүүд алга урвуулахын хооронд шоронгийн  хаалга татна гэж зүүдлээ ч үгүй биз ээ. Гэвч Хөгжлийн банканд нүүрлэсэн хулгай, тонон дээрэмдсэн төрийн түшээдийн дуулиан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр зарим нь яллагдагчаар татагдчихсан, зээлээ яаж төлөх тухай толгойгоо гашилган, байж ядан сууна. Тухайлбал, эрх мэдэл, албан тушаал байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас зээл авч, зориуллалтын бусаар ашигласан нэр бүхий зээлдэгч нарыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Хөгжлийн банкнаас олгосон нийт 75 зээл, 66 зээлдэгчийн зээлийн 55.3 хувь  буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон талаар тус банкнаас мэдээлсэн байдаг. 

       Тиймээс АТГ-аас Хөгжлийн банкнаас зээл олгосон болон авсан нэр бүхий 12 хүнийг саатуулан шалгах саналыг шүүхэд хүргүүлж, хоёрдугаар сарын 18-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр, ТУЗ-ын дарга асан Б.Шинэбаатар, Ч.Энхбат, Д.Дэлгэрсайхан, Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорьсон байдаг. 

       Харин анд нөхөд, хамаатан садандаа ногоон гэрлээр их хэмжээний зээл олгосон 20 гаруй УИХ-ын гишүүний нэр холбогдож, заримыг нь хуулийн байгууллагаас эрчимтэй шалгаж байгаа. Хамгийн сүүлийн үеийн жишээг дурдвал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хас банкны барьцаанд байдаг өөрийн хамаарал бүхий компанидаа Хөгжлийн банкнаас хуурамч бичиг баримтаар хоёр удаа  зээл авсан болох нь хяналт, шалгалтын үеэр илэрсэн гэх. Харин тэрбээр хийсэн гэмээ нуухын тулд гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэж байгаа тухайгаа цахим хуудсаараа яаралтай мэдэгдэж, шударга гишүүний дүрд хэсэгхэн хугацаанд тоглоод амжсан. 

       АТГ шалгагдаж буй 69 компанийг УИХ-ын дарга Г.Занданшатарын хамаарал бүхий этгээд тэргүүлж буй мэдээлэл бий. Энэ мэтчилсэн хамаарал бүхий этгээддээ улс төрийн нөлөөг ашиглаж зээл авсан гишүүд дор бүрнээ сандралдаж, би авсан, чи авсандаа тулж, эхнээсээ шоронгийн хаалга татаж байна гэхэд хилсдэхгүй. 

          Төр засгаас  иргэдээ "Танд туслая, таны бизнесийг дэмжиж, өргөжүүлэхийн тулд бага хувийн хүүтэй зээл олгоё” гээд янз бүрийн сан байгуулж хэдэн тэрбумаар нь зээл олгодог жишээ зөвхөн Хөгжлийн банкаар дуусахгүй. Өмнөх ЖДҮ-гийн асуудал яг л өнөөдрийн Хөгжлийн банкны дуулиан шиг урт гартай улс төрчид нь  хөлжөөд л дуусаж байсныг та санаж байгаа болов уу.  Харин зээл тусламж хэрэгтэй, гэрийнхээ нэг өрөөг ажлын байр болгочихсон, нүхэн гарцны өрөө  түрээслэж суудаг жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг болж чадахгүй тэд ч үндэсний үйлдвэрлэл гээд эсгий углааш, тоглоомон хүүхэлдэйгээс давахгүй сууна. Харин жаахан томорчихсон, хэн нэгний нөлөө бүхий хүмүүс зээлээ төлөхгүй байх муу арга сурчихсан байдаг нь нууц биш. Гэхдээ улсаас хэн нэгнийг дэмжих, хэн нэгэнд туслах зорилготой хэдэн тэрбумаар нь зээл олгож, урт гартай улс төрчдийг хооллоод заримыг нь өгөөшөө болгож шоронд хатааж улс төр хийх хэрэг байна уу. 

 

           Дээрх асуудлууд намжаагүй байтал дахиад л салбар бүрд хөнгөлөлттэй зээлээр туслах тухай хөтөлбөрүүд санаачлаад эхэлчихсэн байна. Тухайлбал, Засгийн газар аялал жуулчлалыг сэргээх зорилгоор аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор арван тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. Цагаан хоолойгоор "Бага хүүтэй зээл аваарай" гээд хашгирах нь холгүй байна. Монголын төрд зээл авахгүй улс орон, зээл өгөхгүй улстөрч гэж алга. Гэхдээ яг үнэндээ зээл өгсөн хүмүүсээ хэдэн жилийн дараа яллах бол гэдэг айдас байна. 

Харин УИХ-ын гишүүд, сайд, дарга нар болгоомжтой, бодлоготой хандахгүй бол ар араасаа цуварч шоронгийн хаалга татаад дуусах вий дээ, гээд эрхтэн анхааруулъя. 

https://ergelt.mn/news/1/single/20280

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>