Цэргийн сургуулилалтаа нэн даруй зогсоохыг шаарджээ
ТОКИО. /TASS/. Тайванийн хоолойд явуулж буй цэргийн сургуулилалтаа нэн даруй зогсоохыг Токио Бээжингээс шаарджээ. Энэ тухай Японы Ерөнхий сайд Кишида Фүмио АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоситой уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна.
"Хятад улсын харвасан пуужингууд манай улсын эдийн засгийн онцгой бүсэд унасан нь манай улс, хүн амын аюулгүй байдлыг аюулд оруулж буй ноцтой асуудал юм. Бид Хятад улсыг эрс буруушааж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Үүнээс гадна, энэ удаад Хятадын үйл ажиллагаа бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой нөлөөлж байна. Бид цэргийн сургуулилалтаа нэн даруй зогсоохыг шаардсан” гэж тэрбээр хэлжээ.
Үүний дараа ХАЧА-ийн пуужинт ангийн цэргүүд баллистик пуужингууд харважээ. Тайванийн эрх баригчдын мэдээлснээр, 11 пуужин харвасан байна. Харин Японы Батлан хамгаалах яам есөн пуужин харвасан гэж мэдээлжээ. Үүнээс таван пуужин нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Киши Нобуо мэдэгдсэн байна. Түүнчлэн дөрвөн баллистик пуужин ийм сургуулилалтын түүхэнд анх удаа Тайванийн дээгүүр, яг нийслэл Тайбэй хотын дээгүүр өнгөрчээ.



