НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулган АНУ-ын Нью Йорк хотноо энэ сарын 13-ны мягмар гарагаас хойш амжилттай болж байна. Цар тахлын халдвар тархсанаас хойш гурван жилийн хугацаанд анх удаагаа дэлхийн 140 гаруй улсын удирдагч нүүр тулан уулзсанаараа энэ удаагийн чуулган ихээхэн онцлогтой боллоо. Энэ жилийн 77 дугаар чуулганы дээд түвшний ерөнхий хэлэлцүүлэг нь энэ сарын 20-нд эхэлсэн бөгөөд 27-нд дуусах юм. Ийн тус чуулганд оролцсон удирдагчид ямар асуудал хэлэлцэж, юу амласан талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн Оросын холбооны улс НҮБ-ын гишүүн Украин руу довтолсон нь энэ жилийн Ерөнхий Ассамблейн уур амьсгалд муугаар нөлөөлж магадгүй гэсэн таамаглалыг ажиглагчид гаргаад байна. Орос, Украинд үүссэн хурцадмал асуудал энэ чуулганаар хэлэлцэх үндсэн чухал сэдвүүдийн нэгт тооцогдож байгаа юм. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Хүндхэн цаг үед Ерөнхий Ассамблейн чуулган болж байна. Хүйтэн дайнаас хойших геополитикийн асуудлаас үүдэлтэй хамгийн ноцтой зөрчилтэй бид нүүр туллаа. Үүний эсрэг дэлхий нийтээр арга хэмжээ авч байгаа ч зогсоож чадахгүй байна” гэж ярьжээ.
НҮБ-ын гишүүн орнуудын ихэнх нь Украинд үүссэн хурцадмал байдалд ОХУ-г буруутгаж байгаа ил тод илэрхийлсэн. Тиймээс барууны орнуудын удирдагчид илтгэл тавихдаа Оросыг буруутгасан өнгө аясыг илэрхийлнэ гэж шинжээчид үзэж байна. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон чуулганы үеэр "Бид хоёрдугаар сарын 24-нөөс хойш империализм, колоничлолын эрин үе рүү буцаж буй явдлыг харлаа. Франц улс үүнээс татгалзаж, энх тайвны төлөө тууштай тэмцэнэ” гэв. Тухайлбал, Украин руу довтолсон нь уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд дэлхийд тулгамдаж байгаа олон асуудлыг хэлэлцэх цагаас "хумсалж”, чухал асуудлуудыг хойш тавьж байна гэсэн шүүмжлэлийг бусад орны удирдагчид хэлж байна.
Хүнсний аюулгүй байдлын дээд түвшний уулзалтыг АНУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Энтони Блинкен даргалах юм. Энэ талаар АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд "Хүнсний аюулгүй байдалтай холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх арга замыг дэлхийн удирдагчид хамтдаа эрэлхийлж чадна гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Хөгжиж байгаа орнууд болон хандивлагч орнууд хамтран энэ асуудлыг шийдэж чадна” гэсэн юм.
Тэрбээр эрчим хүчний толгой компаниудад хандан "Дэлхий хямарч, өрхийн орлого буурч байхад олон зуун хэмжээний ам.долларын араас хөөцөлдөж байгаа нь харамсалтай. Чулуужсан нүүрсний компаниудаас бүх улс ашгийн татвар авахыг уриалж байна. Энэ татвараа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хохирсон оронд болон хүнс, эрчим хүчний үнээс үүдэн өлсөж, харанхуйд амьдарч байгаа иргэдэд зориулах хоёр арга байна” гэж мэдэгдэв.



