ХКН-ын XX их хурал: Үндсэн илтгэлийн үндсэн санаанууд
Хоёр үе шаттай стратегийн төлөвлөгөөний дагуу Хятадын Коммунист нам 2020 оноос 2035 он хүртэлх хугацаанд социалист шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлж, 2035 оноос энэ зууны дунд үе хүртэлх хугацаанд чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёлжсон, эв найртай, гайхамшигт сайхан орчин үеийн социалист Хятад орныг цогцлоон байгуулах зорилтыг дэвшүүлжээ.
Хятадын ард түмэн үүнийг хэрэгжүүлж чадна гэдгийг Синхуа агентлаг онцлон тэмдэглээд, Барууны ертөнцийн хэдэн зуун жилийн хугацаанд хийж гүйцэлдүүлсэн зүйлийг дэлхийн хоёрдахь том эдийн засаг болох Хятад улс хэдхэн арван жилийн дотор хэрэгжүүлж чадсан гэдгийг сануулан дурдлаа.
“Хөгжиж буй орнуудын хувьд гэвэл, Хятадын шинэчлэлийн загвар бол өөрсдийн нөөц боломжид түшиглэн, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цоо шинэ хувилбар юм. Шинэчлэлийг дээрэм тонуул, дайн тулаан, цус урсгах замаар бус энх тайвны замаар хийх боломжтой гэдгийг Хятадын практик туршлага батлан харуулж байна” хэмээн Ши Жинпиний илтгэлийг араб хэл рүү хөрвүүлсэн Суданы шинжээч Яхия Мустафа ярилаа.
Энэ талаар их хурлын гол илтгэлд дурдахдаа “Хятад улс ...нийтийн өмчийн эдийн засгийг гуйвшгүй бэхжүүлэн хөгжүүлж, нийтийн бус өмчийн эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж удирдана” гэсэн байна. Түүнчлэн “нөөц баялгийн хуваарилалт дахь зах зээлийн шийдвэрлэх үүрэг ролийг сайтар гүйцэтгүүлж, засгийн газрын үүргийг илүү сайн хэрэгжүүлнэ” гэжээ.
Тэрбээр хэлэхдээ “Ковид-19-ийн гэнэтийн аюулын эсрэг бид хариу арга хэмжээ авахдаа хүмүүсийн амь насыг эн тэргүүнд тавьж, коронавирусний тархалтыг тэглэх бодлогыг баримталж ирсэн. Ингэснээр ард иргэдээ хамгийн боломжит өндөр түвшинд хамгаалж чадсан бөгөөд цар тахалтай тэмцэх тал дээр маш өндөр амжилтанд хүрлээ” гэснийг ажиглагчид “ковидыг үл тэвчих бодлого үргэлжлэх нь” хэмээн дүгнэжээ.
Хятадын удирдагч Ши Жиньпин намын их хуралд тавьсан илтгэлд Тайванийн асуудлыг хөндөхдөө “Бид улс орноо тайван замаар бүрэн нэгтгэхийн төлөө үнэн сэтгэлээсээ, бүх хүчээрээ чармайх болно. Гэхдээ Тайванийг тусгаар тогтнуулахыг санаархаж буй тун цөөн тооны салан тусгаарлагчид ба гадны хүчнүүдийн хөндлөнгийн оролцооны эсрэг хүч хэрэглэхээс татгалзана гэж хэзээ ч амлаж чадахгүй, шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” гэсэн нь Хятад улсын байр суурийг товч бөгөөд тодорхой илэрхийлсэн хэрэг байлаа.


.png)


