Барууны улсууд Монгол Улсыг шинээр харж эхлэв
Герман улс Монголын сэргээгдэх эрчим хүчийг сонирхож байна. Монголд ногоон эрчим хүчний боломж өндөр, Монголтой газрын ховор элементийн чиглэлд хамтрахад бэлэн...
Энэ бол ойрын хэдэн өдөр олон улсын томоохон хэвлэлээр цацагдсан Монголын тухай мэдээллийн гарчгууд. Итгэл, ирээдүй, түншлэл, боломжийн тухай өгүүлсэн эдгээр мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Германд айлчилсны дараа барууны хэвлэлүүд онцолжээ.
Үнэндээ Ерөнхий сайдын Герман дахь айлчлал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Түүнийг МИАТ-ийн онгоцонд хамт явж байсан зорчигчдыг бухимдуулсан хэмээн хэд хоног шүүж, хэн хүнгүй дуу өндөрсгөн дайрцгаасан. Гэтэл бидний шүүмжилсэн айлчлалыг барууны хэвлэлийнхэн магтсан байх юм.
Тодруулбал, WPD компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд 102 MВт-ын салхин цахилгаан станц байгуулахаар ажиллаж буй. Ирэх оны гуравдугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус компани Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монгол Улсад 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Эрчим хүчнээс гадна бас газрын ховор элемент, нийслэлийн замын түгжрэл гээд чухал асуудлаар германчуудтай хэлэлцсэн байна. Үүнээс харахад яах аргагүй залуу Ерөнхий сайдын шийдэмгий, шинэлэг, алсыг харсан алхмыг магтмаар.
Бас Орос-Украины мөргөлдөөний талаар олигтой юм хэлсэнгүй гэж баахан шүүмжилсэн. Гадаадад Монголыг төлөөлж буй хүн дэлхийн ийм эмзэг асуудлаар хүчтэй байр суурь илэрхийлэх нь хэр оновчтой вэ. Бид хоёр хөрштэйгөө сайн түншийн харилцаатай. Гуравдагч улсад очоод хөршөө муулаад байх нь зохимжгүй. Тиймээс дундыг бариад явахад зүйд нийцнэ. Гэтэл зоригтой дуугарсангүй хэмээн баахан муулав.



