ШӨХТГ-ыг татан буулгаж, С.Мөнхчулууны улс төрийг тайван хийлгээч ээ

360

ШӨХТГ-ыг татан буулгаж, С.Мөнхчулууны улс төрийг тайван хийлгээч ээ

 

Төрөөс мөнгөний хатуу бодлого барьж байгаа ч валютын ханш 4000 төгрөг рүү маш хурдацтай дөхөж, төгрөгийн ханш илтэд суларчээ. Энэ хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч тэнгэрт гарчихлаа. Харин цалин хангамж, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэнгүй. Энэхүү цагийн ороо бусгаа, эгзэгтэй байдлыг далимдуулан наймаа эрхлэгчид зоргоороо үнэ нэмж байгааг анзаарч харж байгаа газар ч алга. Уг нь чиг үүргээрээ бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ тал дээр анхаарч, арга хэмжээ авч байх ёстой ч таг дүлий сууна. Хамгийн гол нь ихэнх худалдааны төвийн наймаачид амандаа орсон тоог хэлж байгаа талаар иргэдийн гомдол санал хаа сайгүй бий болжээ.

Уг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь "Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх” зорилготой ч чиг үүргийнхээ дагуу ажлаа хийж байгааг олж харсангүй. Тус агентлаг нь Шадар сайд С.Амарсайханы эрхлэх ажлын хүрээнд багтдаг. Шадар сайд өнгөрөгч сараас өөрийн харьяалалд байх Стандарт, хэмжил зүйн газар, татан буугдаж буй Мэргэжлийн хяналтын газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам гэх мэт байгууллагуудаар явж ажил байдалтай танилцан, үүрэг өгч, заримд нь хатуухан сануулга өгсөн. Үүгээр ч зогсохгүй Мэргэжлийн хяналтын газар татан буугдсан. Харин одоо ажлаа хийх нь бүү хэл байгаа үгүй нь мэдэгдэхгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт морилох цаг нь болсон.

Төрөөс нэгэнтээ хэмнэлтийн горимд шилжиж, "Хэмнэлтийн тухай хууль” хүртэл гаргаад байхад ажлаа хийхгүй байгаа энэ айлын хэрэг байна уу. Тэр тусмаа намаасаа хөөгдөхдөө тулж, ял зэм сонсож явсан С.Мөнхчулууныг өнгөрөгч дөрөвдүгээр сард томилсон цагаас хойш бүр ч сураг тасарлаа. С.Мөнхчулуун гэх дарга өөрөө л хэвлэл мэдээллийн зай талбай, цэнхэр дэлгэцийн буланд л том том стратеги ярьж, алс хэтийн улс төр, өөрийгөө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын индэр дээрээс таниулах гэснээс өөр зүйл алга. Төрийн аливаа агентлаг газрыг өөрийнхөө улс төрд ахиж дэвших шат болгодог жишиг манайд эртнээс үүссэн. С.Мөнхчулуун тэр л замаар яваа улс төрд донтогч болохоос бус энэ айлд ажил хийх гэж ирсэн хүн лав биш бололтой. Ямар ч ажил хийгээгүй байж хэвлэл мэдээллийн хуудас сөхөхөөр "С.Мөнхчулуун”, суваг солихоор "С.Мөнхчулуун” байдаг боллоо. Дахин хэлэхэд тус газрыг ашиглаж хувийн пиараа хийх гэсэн нөхрийг зайлуулж, агентлагийг татан буулгах хэрэгтэй. Энэ бол хэн нэгэн улс төрд шунан дурлагчийн хувийн улс төр, пиараа хийдэг газар биш.

Нөгөө талаар С.Мөнхчулуун нь "60 тэрбум”-ын гэх хэрэгт сэжиглэгдэж, М.Энхболдын бүлэглэлд хамаарч, өдгөө засгийн эрх барьж байгаа нөхөдтэй үзэж тарж байсан нөхөр. Гэтэл энэ Засгийн газарт агентлагийн даргаар ирж байгаа нь өнөөх МАНАН хэмээх зүйл нь хэвээрээ оршиж байгаа бололтой. Ихэс дээдсийн "МАНАН дэглэмийг устгаж шударга ёс тогтооно” хэмээн лоозогнож байж төрийн эрхэнд гарч ирсэн нь худлаа болж байна уу. Өөр олон зүйл ажиглагдаж байгаа ч зөвхөн энэ томилгооноос харахад МАНАН бүлэглэл байдгаараа, дэглэм хэвээрээ байна, шударга ёс тогтооно гэдэг нь зүгээр үлгэр байжээ гэхэд болно.

Анх 1993 онд УИХ-аас "Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль”-ийг баталж, улмаар Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрыг Засгийн газрын 2004 оны 222 дугаар тогтоолоор Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд тохируулагч агентлагийн статустайгаар нийт 33 орон тоотой байгуулж, 2005 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өдгөө тус айл нь Тамгын, Бодлого төлөвлөлтийн, Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зах сурталчилгааны, Хууль эрх зүй, дотоод хяналтын, Олон нийт, хамтын ажиллагааны гэсэн таван газар хэлтэстэй, 40 орчим орон тоотой ажиллаж байна. Цомхон санагдах авч, 40 орчим орон тоотой байгууллагад жилдээ чамгүй хэдэн тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь ойлгомжтой.

Уг байгууллагын даргаар 2004 оноос маш олон хүн ажиллаж ирсэн ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж байдгийг бүрэн утгаар нь мэдрүүлж чадалгүй өнөөдөртэй золгосон. Харин О.Магнай нэг хэсэг даргаар нь ажиллахдаа чамгүй хөдөлгөөнд оруулж, ийм байгууллага байдаг юм байна гэх мэдээллийг нийгэмд өгсөн гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Энэ утгаараа хориод жилийн хугацаанд О.Магнай гэх ганцхан дарга л гарч ирсэн байгууллага гэхэд болно. Сүүлийн үеийн дарга нар нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг зөвхөн улс төрд өгсөж дэвжих шатаа болгож ирсэн түүхтэй. Тодхон жишээ гэхэд өдгөөгийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан тус газрыг улс төрийн гишгүүрээ болгон ашиглачихаад явсан. Үүн лугаа дээшээ заларсан дарга, сайд нар цөөнгүй байгааг дурдах нь илүүц хэрэг биз ээ. Т.Аюурсайханы хувьд монополь эрх тогтоогоод байгаа "Мобиком” корпорацитай л хэвлэлээр хэрүүл хийснээр тодорхой хугацаагаа дуусгаж байсныг санаж байна. Өөр бодит ажил хийсэн гэж хэлэх араггүй. Анхны дарга нар болох Б.Хүрэлбаатар, түүний дараа томилогдож ажилласан Б.Жаргалсайхан, Д.Мандах нараас хойш тун удалгүй энэ байгууллагын даргын суудлыг улс төрд өгсөх шатаа болгож ашиглах болсон нь тун ч харамсалтай. Зөвхөн гишгүүр шат байхын хэрэг юун.

О.Магнайн хувьд шатахуун импорлогчдод өндөр хэмжээний мөнгөн торгууль тавьж, нүүрсний шуудайн стандартыг хүртэл гаргаж ирсэн. Мөн "Асса” циркийн үйл ажиллагаа доголдож, түрээсийн байр болсныг нийтэд илчилж шүгэл үлээсэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд байнга хяналт тавьж, зах зээлийн газраар ихээхэн ажилладаг байсныг та бүхэн мэднэ. "Нарантуул” худалдааны төвийн үүдэнд мөнгө хураадгийг ч зогсоож байв. Энэ нь жижиг санагдах авч шударга өрсөлдөөний зарчмаараа буруу явж байгааг л засаж залруулсан хэрэг шүү дээ. Байгууллагын дарга нар ийнхүү эгэл амьдрал дунд орж, бодит зүйлтэй нүүр тулан ажиллах ёстой болохоос С.Мөнхчулуун шиг цэнхэр дэлгэцийн булан, сонины зай талбай, цахим жиргээнд том том стратеги яриад суудаггүй юм гэдгийг сануулах хэрэгтэй. Төрөөс тодорхой хууль тогтоомж гаргаж өгөөд, чиг үүргийг нь зааж, эрхийг нь өгөөд байхад ажлаа хийхгүй байгаа газрыг яах ёстойг хэмнэлтийн горимд шилжсэн энэ үед ихэс дээдэс маань бодож тунгаах буй заа.

Тухайлбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь "Өрсөлдөөний тухай”, "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай”, "Монгол хэлний тухай”, "Зар сурталчилгааны тухай”, "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай”, "Нөхөрлөлийн тухай”, "Сонгуулийн тухай”, "Зөрчлийн тухай”, "Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай”, "Төрийн хяналт шалгалтын хууль”-д тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана гээд заагаад өгчихсөн байна. Төрийн олон хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ өөрөө мэдэж хэрэглэх эрх нь байхад яагаад ажлаа хийж болохгүй гэж.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>