Xөрөнгө оруулагчид татварт 400 тэрбумын найдваргүй өр үүсгэжээ
Монгол Улсын төсөв татвар төлөгчдийн нуруун дээр тогтдог. Тэр ч утгаараа татварын албаны гол үүрэг нь татварын орлого бүрдүүлэх. Гэтэл жилийн жилд татварын өртэй байгууллагуудыг хэрхэх, өрийг нь яаж төлүүлэх асуудал яригддаг. Тэр дундаа гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад татварын өрөө төлөхгүй зугтдаг талаар байнга хөндөгддөг. Татварын албаныхны өгч буй мэдээллээр сайн дураараа орлогоо мэдүүлээд, тайлангаа өгчихдөг атлаа өрөө төлдөггүй байгууллага олон байдаг аж. Гэтэл тэрхүү өр нь хуримтлагдсаар хүндрэлтэй нөхцөл рүү шилжиж аль аль талдаа асуудал тулгардаг юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын татварын албаны найдваргүй өр авлага 700 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Үүний 400 орчим нь буюу 60 хувь нь дээр дурдсан гадны хөрөнгө оруулагч, бизнесийнхэнд холбогдох өр байна. Гадны иргэдийн хувьд манай улсад бизнес эрхэлж байгаад орлогоо ногдол хэлбэрээр мэдүүлчихээд өрөө төлөхгүй хилээр гараад явчихдаг.
Иймд Монгол Улс олон улсын конвенциудад элсэн орсон. Эдгээр олон улсын эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд бид бусад улсуудтай харилцан татвар төлөгчдийн мэдээлэл солилцох, татвар төлөгчийн өрийг барагдуулахад харилцан туслалцах шинэ хамтын ажиллагаа үүссэн. Энэ хүрээнд тухайн орны татварын байгууллагуудад хүсэлтээ илгээн, хамтран ажиллаж эхлээд байна.
Мөн Х тайлан гаргадаг болон гаргадаггүй аж ахуйн нэгжийн тоо жилээс жилд өсөж татварын баазын 60 орчим хувийг эзлээд байна. Татварын хуулиудын шинэчлэлийн хүрээнд эрсдэлийн үнэлгээ хийж, хэрэв эрсдэлгүй бол шууд татан буулгадаг хялбар үйлчилгээг нэвтрүүлснээр 2020-2022 оны хооронд 2572 аж ахуйн нэгжийг татан буулгажээ.



