Зэвсэг агссан дэлхий

323

Зэвсэг агссан дэлхий

 

Дэлхийн цэргийн зардал өнгөрсөн онд 2.24 их наяд ам.долларт хүрч түүхэн дээд хэмжээ тогтоолоо. Улс орнууд батлан хамгаалах салбартаа хэдий хэмжээний мөнгө зарцуулж буйг тооцоолж, ойрын чиг хандлагыг нь тодорхойлдог Стокхолмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн (SIPRI) судалгаагаар, цэргийн зардал ес дэх жилдээ дараалан өссөөр мэдээлэл цуглуулж эхэлсэн 1988 оноос хойших хамгийн дээд хэмжээнд хүрлээ. Оросын зэвсэгт хүчин Украинд халдан довтолж дэлхий нийтээр геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал үүссэн 2022 онд анх батлан хамгаалах салбарын зардал хоёр их наядын босго давсан юм. Тэгвэл өнгөрсөн онд Ойрхи Дорнодын хямрал дайны хэмжээнд хүрч, хүн амын тоо хийгээд байнгын арми, бэлтгэл хүчнийхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг Хятад улс цэргийн хүчээ зузаатгаж эхэлсэн нь зардал өмнөх оныхоос 6.8 хувиар өсөхөд хүргэжээ.

Энэ жилийн тухайд АНУ, Хятад, Орос, Энэтхэг, Саудын Араб ямагт цэрэг армийн зардлаараа эхний тавд жагсдаг уламжлалаа хадгалж дэлхий нийтийн хуримтлуулсан хүйтэн зэвсгийн 61 хувийг бүрдүүлж буй. Үүн дээр харьцангуй тайван байсан Европ, Ази, Номхон далайн орнууд болон Ойрхи Дорнодын батлан хамгаалах төсөв мэдэгдэхүйц өслөө. Ийнхүү цэргийн зардал үлэмж нэмэгдсэн нь даяарын энх амгалан, аюулгүй байдал доройтож байгаагийн шууд илрэл билээ.

Халуун цэгт

Украины нутагт дэвсгэрт цөмрөн орсноос хойш ОХУ-ын цэргийн зардал тогтмол өсөж буй. 2023 онд цэргийн албан хаагчдынхаа цалинг хоёр дахин нэмсэн Оросын армийн зардал 54 тэрбум ам.долларт хүрчээ. Ерөнхийдөө Оросын батлан хамгаалах зардал дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувийг эзэлж байгаа нь 1991 онд ЗХУ задран унаснаас хойш хамгийн өндөр хувь хэмжээ юм. Энэ онд ч Путины засаг захиргаа батлан хамгаалах зардлаа хоёр дахин өсгөж 117 тэрбум ам.долларын төсөв баталсан нь ДНБ-ий дийлэнх хувийг цэрэг армидаа зарцуулдаг байсан хүйтэн дайны үе эргэн ирж буйг илтгэнэ.

Нөгөө талд барууны зэр зэвсгийн тусламжаар Оростой дайтаж буй Украины цэргийн зардал өнгөрсөн онд 51 хувиар өсөж, 64.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2021 онтой харьцуулахад 640 хувь буюу 7.5 дахин их үзүүлэлт. Украин 2024 онд батлан хамгаалах болон аюулгүй байдалдаа зориулж 45 тэрбум ам.доллар төлөвлөсний зэрэгцээ мөдхөн АНУ-аас 61 тэрбумын тусламжийн багц авна.

Тэгвэл дэлхийн нийт цэргийн зардлын 39 хувийг дангаар эзэлдэг АНУ-ын хувьд батлан хамгаалах салбарт оруулсан мөнгөн дүн 0.7 хувиар өсөж, 877 тэрбум ам.долларт хүрсэн нь мэдээж Оросын эсрэг Украиныг зэвсэглэж буйтай холбоотой. Европын орнууд ч Оросын түрэмгийллээс сэрэмжлэн зардлаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсний нэг нь Польш улс. Варшав өнгөрсөн онд 31.6 тэрбум доллараар цэрэг армиа зузаатгасан бол НАТО-гийн гишүүн болоод удаагүй Финланд батлан хамгаалах зардлаа 36 хувиар нэмжээ.

Ер нь НАТО-гийн гишүүн 31 орны 11-д нь цэргийн зардал ДНБ-ий хоёр хувьд барих зорилтоос давсан үзүүлэлттэй байна.

Өөр нэгэн халуун цэг болох Ойрхи Дорнодод ч байдал амаргүй хэвээр, цэргийн зардал сүүлийн 10 жилд байгаагүй өндөр өсөлтөд хүрсэн. Палестины зэвсэгт бүлэглэлүүдтэй зөрчилдөж Газын зурваст дайн зарласан Израилын зардал 24 хувиар нэмэгдэж, 27.5 тэрбум ам.долларт хүрлээ. Ойр ойрхон Израилын нутаг дэвсгэр рүү пуужин харваж сануулга өгөх болсон Иран 10.3 тэрбум ам.долларын цэргийн төсөвтэй болсон нь бүс нутгийн дөрөвт бичигдэх хэмжээ. Харин бүс нутгийн хэмжээнд цэргийн нийт зардал есөн хувиар өсөж, Ойрхи Дорнодын орнууд жилдээ 200 тэрбум ам.доллараар зэр зэвсэг нөөцөлж байна.

Алсарч буй Азийн амар амгалан

Өмнөд хөршийн цэргийн зардал 29 дэх жилдээ дараалан өсөж 296 тэрбум ам.долларт хүрсэн нь бүс нутгийн орнуудад ч хил хязгаараа хамгаалах хүчээ зузаатгах сэдэл өгч буйг Японы батлан хамгаалах зардал 1972 оноос хойш хамгийн их хувиар өсөж, 50.2 тэрбум ам.долларт хүрэн, Өмнөд Солонгос 47.9 тэрбумын төсвөөрөө цэргийн зардлын жагсаалтад 11 дүгээр байрт орж ирснээс харж болно. Ардын чөлөөлөх армиа орчин үеийн дайны ажиллагаа явуулах чадавхтай болгохын тулд БНХАУ батлан хамгаалах төсвөө эдийн засгийн өсөлттэйгөө өрсөн жилд долоон хувиар нэмсэн гэж тооцдог.

Гэхдээ батлан хамгаалах төсөвт цэргийн судалгаа, шинжилгээний хөгжүүлэлт, гадаадын зэвсэглэл техник худалдан авалт зэрэг зарим нэр төрлийн зардлын ангиллыг оруулан тооцдоггүй тул цэргийн бодит зардал үүнээс өндөр байх магадлалтай аж.

Бүс нутаг дахь Хятадын цэргийн ажиллагаа нэмэгдэхийн хэрээр ардчилсан засаглалтай Тайвань болон Зүүн Азийн бусад орнуудын эсрэг хурцадмал байдал үүсээд буй. Тухайлбал, Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Хятад улс сүүлийн гурван жилийн хугацаанд цэрэг, улс төрийн шахалтаа эрчимжүүлсээр байгаа билээ. Тайваний хувьд энэ онд батлан хамгаалах зардлаа 3.5 хувиар өсгөсөн нь тэнгисийн цэргийн хамгаалалтыг бэхжүүлэх, сөнөөгч онгоц худалдан авахад дийлэнх төсвөө зарцуулсан бол АНУ тус аралд аюулгүй байдлын тусламж үзүүлэхэд зориулж таван жилийн хугацаанд 10 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.

Цэргийн хүчээр энхжинг тогтоох уу

Гаднын халдлага дайралтаас сэрэмжлэхээс илүүтэй дотоодын зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийллээс үүдэлтэй цэргийн зардлаа нэмэгдүүлсэн улсын нэг нь Өмнөд Судан. Дэлхийн хамгийн залуу улсын цэргийн зардал өнгөрсөн онтой харьцуулахад 78 хувиар нэмэгдсэн бол хөрш Ардчилсан Конгын Засгийн газар зэвсэг бүлэглэлүүдтэйгээ тэмцэхэд зориулж батлан хамгаалах төсвөө 105 хувиар өсгөжээ. Сүүлийн жилүүдэд хууль бус мансууруулах бодисын наймаа, гэмт хэргийн бүлэглэлүүдтэй эрчимтэй тэмцэж буй Төв Америк болон Карибын тэнгисийн орнуудын цэргийн зардал тогтмол өсөх болсон. Үүнд гэмт хэргийн үйл ажиллагааг таслан зогсооход Үндэсний гвардын дайчдаа ашиглах болсон Мексикийн цэргийн зардал 2023 онд 11.8 тэрбум долларт хүрсэн нь арван жилийн өмнөхөөс 55 хувиар өссөн дүн аж.

Засгийн газрууд яриа хэлэлцээний аргаар асуудлаа шийдэж чадахгүй, гэмт бүлэглэлийн хүчирхийллийг цэргийн хүчээр дарахыг оролдох нь бүс нутагт энхжин тогтоох магадлалыг улам бүр бууруулж буйг Цэргийн зардал, зэвсгийн үйлдвэрлэлийн шинжээч Диего Лопес да Силва санууллаа. Харин Франкфуртын Энх тайвны судалгааны хүрээлэнгийн улс төр судлаач Никлас Шёрнигийн хэлснээр дэлхий нийтийн өмнө цэргийн аюулгүй байдал дахин нэн тэргүүний асуудал болж, аюулгүй байдал нь милитарист үзэл баримтлалаар тодорхойлогддог эрин үед бид нэгэнт амьдрах болжээ. Цэргийн зардал нэмэгдсэн гэх тоон үзүүлэлтүүд чухамдаа хүн төрөлхтөн дайны аюул заналаас сэрэмжлэх сэтгэхүйн илэрхийлэл. Үнэндээ ч Украин болон сүүлийн үед Иран, Израилийн харилцан пуужин харваснаас харахад хамгаалалт нь довтолгооноос хамаагүй үнэтэй тусаж байгаа билээ. Дэлхийн аль ч халуун цэгт зэвсэг агссан гараа тавьж, энхийн гэрээ хэлэлцээрийн ард суухгүй бол зэвсэглэл дэх өсөлтийн чиг хандлагыг зогсоох боломжгүй ажээ.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>