Хаврын улс төрийн захиалгат хөгжим буюу Рио минор

21

Хаврын улс төрийн захиалгат хөгжим буюу Рио минор

 

Хаврын улс төрийн гол тоглогчид хөзрөө дэлгэж, хөгжмөө захиалжээ. УИХ-ын хаврын чуулганы нээлтээр эгшиглэсэн оршил аялгуу хэнийх байв гэдгийг тааж ядах юмгүй. Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар Оюу Толгой төслөөс Монголын ард түмний хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хатуу шаардлага тавьж, “Рио Тинто”-той үзэлцээд эхэлмэгц улс төрд хүчтэй доргилт үүсэв. Рио ингэж Монголын улс төрд гараа дүрж буй нь шинэ юм огт биш. Оюу Толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах гэж зүтгэсэн Ерөнхий сайд нар, Засгийн газар үгэнд ороогү йгэх шалтгаанаар “алганы амт” үздэг, бүр цаашлаад огцорч байсан гашуун түүхүүд бий. Үүнийг УИХ-ын зарим гишүүн, улстөрчид ил тод хэлж л байдаг. Огцорсон Ерөнхий сайд нь ч өөрөө ярьсан удаатай. 

 

2030 оноос нааш ногдол ашгийн бараа харахгүй, зээлийн хүү нь дэлхийд байхгүй өндөр, менежментийн төлбөр гэх урхи бэлдээд минут, секундээр монголчуудыг өрөнд оруулж байгаа чинь таалагдахгүй байна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэлээд хаалгаа хааж амжаагүй байхад шахам улс төр буцалж, чуулгандаа ч суудаггүй олон улстөрч гэнэт хэлд ороод, элдэв янзын бойкот хийгээд эхэлсэн нь хаврын улиралтай лав холбоогүй.

 

Энэ бол санхүү мөнгө болоод эрх ашгаараа гүн холбогдсон бүлэглэлүүд улс төрийн тогтворгүй байдлыг зориуд үүсгэх замаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа хэрэг. Гадаад талд дайн байлдаантай, нөхцөл байдал хурцадмал байхад дотооддоо уг нь эв эеэ илүү хичээх байтал бүр эсрэгээрээ явж байна. 

 

Энэ удаа “Рио Тинто” Ардчилсан намынхны гараар “могой бариулав”. Эрх баригч МАН-ыг дотроос нь хагалав. Тэд сурсан зангаараа улстөрчдийг худалдаж авах башир аргаа хэрэглэж, хаврын улс төрийг санхүүжүүлж байна гэж хардах бүрэн үндэслэлтэй. Тухайлбал, Н.Учралыг УИХ-ын даргаар сонгогдоход дэмжсэн санал өгч байсан АН-ынхан гэнэт сэхээ орж, таван намын төлөөлөл бүхий парламентыг аль нэг намын дарга удирдаж болохгүй гэдэг сэнтэг үндэслэлээр бойкот зарлаж байгаа нь шалтаг болохоос шалтгаан биш. Монголын парламентын түүхэнд МАН-ын ч, АН-ын ч дарга нар спикерийн алх барьж л байсан. Тэглээ гээд сөрөг хүчнээ хадаас шиг давтаад байсан удаагүй. 

Дэд сайд нарыг эгүүлэн тат гэсэн шаардлагыг нь биелүүлье гээд хамтарсан ажлын хэсэг байгуулах санал тавиад байхад тэмээ гэхээр ямаа гэдэг шиг тэс хөндлөн зүйл яриад эхэлсэн сөрөг хүчин хэний эрх ашгийг хамгаалж байна вэ.

 

Ардчилсан намынхны амаар “Рио Тинто” Засгийн газарт сануулга өгч байна гэдэг нь улс төр гадарладаг хүнд тун амархан “уншигдана”. Хаврын улс төрийн захиалгат хөгжим Рио минор яг энэ өдрүүдэд эгшиглэж байна. Олзуурхууштай нь улиг болсон энэ ноотыг сонссон хүмүүс ч сувгаа сольдог болчихсон. УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга гэх давхар дээлтэй О.Цогтгэрэл тавхан үгэндээ танигдаад байна даа.   

 

 

 Эх сурвалж: "Өнөөдөр" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>