Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

22

Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

 

TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар лхагва гарагт Токио хотноо уулзах үеэрээ чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх замын зураглалд гарын үсэг зурлаа. Дэлхийн газрын ховор элементийн зах зээлд БНХАУ давамгайлж байгаа энэ үед талууд хамтын ажиллагаагаа ийнхүү гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.

 

Уулзалтын дараа хийсэн хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Т.Санаэ хэлэхдээ, Япон, Франц улсууд Ойрх Дорнодод үүсээд буй хурцадмал байдлыг намжаах, газрын тосны нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд нягт харилцаа холбоотой ажиллана гэдгийг хоёр удирдагч баталсан гэж мэдэгджээ. 

 

Тэд мөн чухал ашигт малтмалын экспортод хяналт тогтоож байгаад "ихээхэн санаа зовж" байгаагаа илэрхийлсэн нь Хятадын тал экспортын журмаа чангатгаж байгаатай холбоотой бололтой гэж ажиглагчид үзэж байна. Дэлхийн газрын ховор элементийн олборлолтын 70 орчим хувь, боловсруулалтын 90 хувийг БНХАУ дангаараа гүйцэтгэж байна. Тиймээс шинээр гаргасан Япон, Францын газрын ховор элементийн нийлүүлэлтийн замын зураглал нь тус улсаас ихээхэн хараат байдлаа бууруулах зорилготой гэж үзэж байна. 

 

Хэлэлцээрийн хүрээнд хоёр улс хиймэл оюуны асуудлаар өндөр түвшний яриа хэлцээг эхлүүлэх, атомын цахилгаан станцын салбарт хамтран ажиллах, тэр дундаа хурдан нейтронуудын реакторыг хөгжүүлэх, ашигласан түлшийг дахин боловсруулах чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцсон байна.

 

Түүнчлэн энэ онд болох "Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаа мэдэгджээ. Уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд Т.Санаэ, Э.Макрон нар Зүүн болон Өмнөд Хятадын тэнгисийн нөхцөл байдалд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, "бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж, олон улсын эрх зүйг зөрчин статус-квог дангаар өөрчлөх гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцнэ" гэдгээ дахин мэдэгдсэн байна.  Э.Макроны хувьд 2017 онд үүрэгт ажилдаа орсноос хойш Япон улсад хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх зорилгоор анх удаа, Францын Ерөнхийлөгчийн хувиар хийсэн дөрөв дэх удаагаа айлчиллаа. 

 

 

Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>