ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /4/
СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.
Төрийн албанд удирдах албан тушаалыг хашиж буй хугацаандаа АТГ-т шалгагддаг асуудалд хэзээ цэг тавигдах нь тодорхой бус байсаар. АТГ-аас хэд хэдэн эрх мэдэлтнүүдийг шалгаж байна. Тухайлбал,
-Т.Даваадалай АТГ-д шалгагдаж байна-
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг Туулын хурдны зам болон 1, 2-р тойрог замын төслүүдтэй холбоотойгоор эхнэр Б.Анхтуяагийн хамт шалгаж байна.
Нэгдүгээр орлогчийг эхнэр болон хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгжийн дансаар нийт 6.6 тэрбум төгрөг шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэмээгээд буй.
Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан "Анка Урбан Инженеринг энд Дизайн" ХХК-ийг 2024 оны аравдугаар сарын 16-нд нэр шилжүүлэн аваад, 2025 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр тус компанийн нэрийг сольж “Авангард Уран Дизайн энд Инженеринг” ХХК нэртэй болгосон байдаг.
Туулын хурдны зам болон 1-р тойрог замын төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүдээс:
- Эхнэр болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,
- Эхнэрийнх нь найзын байгуулсан хоёр компанид 709 сая төгрөг,
- Мөн эхнэрийнх нь 50 хувийг эзэмшдэг компаниар дамжуулан 47.9 сая төгрөгийг ажил гүйцэтгэсэн мэтээр шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Улмаар Авлигатай тэмцэх газраас Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” үндэслэлээр яллагдагчаар татжээ. Түүний хувьд ажлаа өгч байгаад үнэн мөнийг тогтоолгоод хуулийн байгууллагаа хүндэлнэ хэмээгээд ажлаа өөрийн хүсэлтээр өгч шалгагдаж эхэлсэн билээ.
-Д.Тогтохсүрэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад өгчээ-
“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнд холбогдох 2501000320053 дугаартай эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгажээ. Түүнд холбогдох нийт 35 хавтас, 8319 хуудас бүхий хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Д.Тогтохсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 3, 22.1 дүгээр зүйлийн 3, 22.5 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, 2026 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс шалгаж эхэлсэн байдаг.
Яллагдагч Д.Тогтохсүрэн нь:
- 2016 онд улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдийн нэрээр Сүхбаатар дүүргийн I хороон дахь 84.49 мкв орон сууцыг 820,0 сая төгрөгөөр худалдан борлуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн,
- Хан-Уул дүүргийн XI хороон дахь 400 мкв байрыг хөнгөлөлттэй үнээр авч бусдаас их хэмжээний хахууль авсан,
- төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилогдон ажиллах үедээ хууль бус үүрэг чиглэл өгч 6,600 тонн төмрийн хүдрийн хуурай баяжмалыг ачилт тээврийн дараалалд оруулалгүйгээр тээвэрлүүлж, БНХАУ-ын “Нh” компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “ХЕ” компанийн захирал Э-гээс бусдаар дамжуулан 100 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал мөрдөн шалгалтаар тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуулийн 250,000,000 төгрөгийг хураан авч, тамга, гар утас зэргийг эд мөрийн баримтаар тооцож, 1.8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт 74 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 53 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 88 лавлагаа болон арилжааны банкнаас 31 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ 2 шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.
-Н.Таванбэх нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагад хүргүүлэхээр болжээ-
Эрчим хүчний сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий зарим этгээдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьсон байдаг. Харин эрүүл мэндийн шалтгааны улмаас сулласан. Тэгвэл АТГ-аас тэдэнд холбогдох хэргийг шалгаж дууссан бөгөөд ойрын хугацаанд хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлэхээр болжээ.
Түүнийг “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 10 аймагт ДЦС барих төслийн зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлэн, нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шалгаж байгаа бол түүний зөвлөх асан П.Товуудоржийг хамтран 2.6 сая ам.доллар завшсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж буй юм.



