2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Улаанбаатар хот ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлж, арчилгааны ажлыг байгаль, цаг уурын өөрчлөлттэй уялдуулах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9-8 ам метр байгааг есөн ам метр болгон нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна.
Энэ хүрээнд 2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 157 га талбайн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламжийн тарилт, арчилгааг хийж байна. Ингэхдээ ойн мэргэжлийн 28 байгууллага болон дүүргийн ОНӨААТҮГ-уудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн 54 байршилд 104,866 ширхэг гоёл чимэглэлийн мод, 46 байршилд 4800 ам метр талбайд 337,340 цэцэгт байгууламж хийж байна. Мөн 72 байршилд нийт 24.1 га талбайг шинээр болон нөхөн зүлэгжүүлэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 44 дүгээр зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагуудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Хаврын бүх нийтийн мод тарих үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн хэмжээнд есөн байршилд 406 байгууллагын 11855 албан хаагч 129,873 ширхэг модыг тарьж байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран Цагаан давааны хогийн цэгийг ойжуулах ажлыг 15 га талбайд зохион байгуулж, 312 мянган ширхэг хайлаас модны суулгац тарих ажлыг эхлүүлсэн. Энэхүү төсөл нь хогийн цэгийг хотын ногоон бүс болгон өөрчлөх тусгай зориулалтын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.




























