|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 11:06
Өнөөдөр, 10:47

Дэлхийг айлгасан Монгол жанжнууд

Дэлхийг айлгасан Монгол жанжнууд

 

Манай цэргийнхэн Оросын цэргийн жанжидын үйл амьдрал, гавьяаг нэгэн үе арван хуруу шигээ мэддэг байлаа. Гэвч дэлхий дахинд гайхагдсан Монгол жанжидынхаа тухай А-гүй явсаар өнөөг хүрч байна. Дэлхийн нэрт улс төрч асан, Энэтхэгийн Ж.Неру "Александр Македонский, Юлий Цезарь нар Чингисийн цэргийн жанжидын хажууд юу ч биш байсан”-ыг шударга үнэлжээ.

Үнэндээ Хүннүгийн их хаан Атиллагаас аваад Хамаг Монголын Хабул, Чингис хаан, түүний алдарт жанжид Мухулай, Боорчи, Борохул, Зүчи, Хасар, Цагаадай, Өгөдэй, Тулуй, Зэв, Зэлмэ, Сүбээдэй, Хубилай, Урианхадай, Бат, Манжийн эсрэг тэмцсэн Лигдэн хаан, түүний хойчис Өлзийтөмөр нарын тухай бид сайтар мэдэх бил үү?

Түүнчлэн дэлхийн дайдад монгол морины туурайн мөрийг гарган олон улс орныг эрхшээн Их Монгол Улсаа тэлсэн их жанжид буюу Чех, Араб, Солонгос, Ирак, Сирид хүрсэн Байдар, Элжигдэй, Жалайрдай, Хүлэгэ нарын талаар дуулсан уу? Бас Ажуу, Баян, Хөлгөн, Хадаан зэрэг жанжид байсныг сонссон уу? 17-хон настайдаа 20000 цэрэг командлан дайснаа дарж явсан Ойрадын Галдамба баатар, халдаар ирсэн Мин улсын Ин Зүн хааныг барьж 5 жил аргал түүлгэсэн Эсэн тайш гэх мэт. 1218 онд 20000 цэрэг удирдан Хар Кидан улсыг дайлаар мордсон Зэв жанжин 25 настай байжээ. Тэр үеийн домог мэт монгол жанжид 13-тай хүүхэд ахуйгаасаа цэрэгт мордон хэрсүүжин зоригжиж, 20-25 насандаа бие даан их цэрэг захирч бусад улс гүрэн, тив дэлхийг дайлаар мордож явсан нь гайхалтай. Иймээс эзэн Чингис "Мянган цэргийг олохуй дор хялбар, нэгэн жанжиныг олохуй дор бэрх” хэмээн сургасан буй заа.

Атилла хаан Баруун Европт нүүж очсон Монголчуудын өвөг болох Хүннү гүрний их хаан. Түүний үед Хүннү нар хүчирхэг болж Дон, Днепрээс Дунай мөрөн хүртэл уудам газар нутгийг эзэлж, зүүн Ромын эзэнт улсаас алба авч байв. Европын ард түмнийг Хүннү нарын манлайлал дор нэгтгэсэн аугаа их Монгол хаадын нэг.

Байдар Чингис хааны хүү Цагаадайн 3 дахь хүү. 1235 онд ууган ах Бүритэйгээ Өгөдэй хааны удирдсан "Ууган хөвгүүдийн аян дайн”-д морджээ. Төв Азийн Цагаадайн хаант улсын цэргийг захирч Булгар, Хибчаг улсыг эзэлсэн. Мөн Баттай хамтран Оросын Зүүн хойт тал, өмнөд хэсгийг эзлэв. Дайн тулаанд эрэлхэг баатар, арга бодлого ихтэй гарамгай жанжин байжээ.

Балаа Чингисийн торгон цэргийн мянганы ноён. Архай Хасарын дүү. 95 мянганы ноёны нэг, цэргийн Чэрби. 1219 онд Чингис хаантай хамтран Сартуулыг дайлаар мордон Шин мөрний зүг зугтсан Жалал Ад Дин султан, хан Малиг нарыг нэхэн байлдаж Энэтхэг хүрээд 1225 онд буцаж ирсэн.

Бат хаан Чингис хааны ууган хүү Зүчийн ууган хүү. 1243 онд Алтан Ордот хаант улсыг байгуулсан. Эрэлхэг зориг, цэргийн эрдмээрээ Чингис хааны олон ач нараас ялгаран гарсан. 1235-1242 онд их цэрэг захирч одоогийн Польш, Болгар, Унгар, Чех, Словак, Австри, Румын, Югослав, Герман, Оросыг эзлэжээ. Түүний дэд жанжин нь алдарт Сүбээдэй байсан бөгөөд мөн түүнтэй хамт Өгөдэй, Цагаадай, Тулуйн ууган хүү Гүюг, Бүри, Мөнх нар явсан аж. 1235 онд Бат хаан их цэрэг захирахдаа 26 настай байв.

Булуу Алдарт Гоо ван Мухулайн хүү. Олон дайнд оройлон явж Их Монгол улсыг байгуулахад ихээхэн гавьяа байгуулан "Тайсүн ноён” зэрэг хүртжээ. 1216-1223 онд Мухулай Алтан улсыг дайлаар эзэлж яваад өвчнөөр нас барсан учир хүүг нь оронд нь томилсон түүхтэй. Өрлөг жанжин Булуу Алтан, Сүн улсыг эзлэжээ.

Буурал Өэлүн эхийн өсгөсөн 4 хүүгийн нэг, Чингис хааны 4 хөлөг баатрын нэг. Чингис Жүрхэн аймгийг эзлэхдээ түүнийг олж ээждээ өгөн өсгүүлжээ. Балчир ахуйгаасаа хаан ахаа дагаж олон монгол овог, аймгийг нэгтгэхэд оролцсон. Тайчууд болон Хэрэйдтэй байлдахад 2 удаа шархдсан атлаа Тэмүүжин, Өгөдэй нарыг аварчээ. 1205 онд Чингис хааны зарлигаар Увас Мэргэдийг төвшитгөсөн жанжин. Мянганы ноён, баруун гарын 38000 цэргийн дэд ерөнхий захирагч.

Бэрх Зүчийн 4 дэх хүү, алдарт Бат хааны дүү. 1235 онд ах Батын удирдлагад явж Булгар, Хивчаг, Орос, Унгар, Польшийг эзлэсэн. Бат хааныг тэнгэрт хальсны дараа Алтан ордот хаант улсын их хаан болсон. Үйлдвэр худалдааны гол төв болсон шинэ хот "Сарай Бэрх” (одоо Ленинск хот) буюу өөрийн нэрээр нэрлэсэн хот байгуулав.

Гүдэн Өгөдэй хааны 2 дахь хүү. 1235 онд хаан эцгийнхээ зарлигаар их цэрэг авч Өмнөд Алтан улсыг дайлав. Сычуан мужид орж Чендү зэрэг 20 гаруй хотыг эзлэн их ялалт байгуулсан. Мөн Төвдөд цэрэглэн орж 1240 оны үед л цэргээ эргүүлэн татжээ.

Гэдэй Чингис хааны 2 манлайн нэг Зүрчидэй ноёны хүү. Их хааны Монголыг нэгтгэх, олон удаагийн дайнд оройлон оролцсон. 1206 онд 95 мянганы ноёны нэгээр өргөмжлөгдсөн. 1213 онд Алтан улсыг дайлаар мордон өрлөг баатар Зэв ноёнтой хамт цэрэг захирч Цавчаал боомт, дунд нийслэл Жүндүг бүслэн цохиход гавьяа байгуулжээ.

Еэхүү Чингис хааны дүү Хавт Хасарын ууган хүү. Өгөдэй хааны үед торгон цэргийн мянганы ноён болсон. Хожим Алтан улсыг дайлахад оролцсон ба Батын захирсан "Ууган хөвгүүдийн дайн”-д мордон алдар нэрээ мандуулан гавьяа байгуулжээ.

Жорчидай (Зүрчидэй) Эрэлхэг баатар, мэргэн харваач тул Чингис хаан 2 манлайнхаа нэг болгосон. Хэрэйд, Найман, Мэргэд, Алтан улсыг дайлаар мордоход оролцсон гавьяатан. Чингисийн 95 гавьяатны нэгээр өргөмжлөгдсөн.

Зүчи Чингис хааны ууган хүү, Монголын цэргийн нэрт жанжин. Багаасаа хаан эцгээ даган Монголыг нэгтгэх олон тулаанд орж баатарлаг гавьяа байгуулсан. 1207 онд баруун гарын цэргийг захирч "Ойн иргэд”-ийг буулган авсан. 1211-1216 онд хаан эцгийн хамт Алтан, 1219 онд Хорезм улсыг, 1221 онд Цагаадай, Өгөдэйн хамт баруун их цэргийг захирч Үргенчийг эзлэн авч Төв Азийг Чингисийн эрхшээлд оруулсан. Мөн Кипчакийг байлдан дагуулжээ. 1225 онд Чингис хаан эзлэсэн орнуудаа хуваахдаа Зүчид Эрчис мөрнөөс Уралын нуруу хүртэл уудам их нутгийг соёрхжээ. Тэр нь Алтан ордны улс буюу Зүчийн улс хэмээн түүхэнд үлдсэн билээ. 45 насандаа учир битүүлгээр өөд болсон ууган хүү Зүчидээ Чингис хаан 7.5-10 м өндөр, 7.3 м өргөн сүрлэг бунхан бариулсан нь одоо Казахстанд бий.

Мөнх хаан Их Монгол улсын 4 дүгээр үеийн их хаан. Чингис хааны отгон хүү Тулуйн ууган хүү. 1230 онд Өгөдэй хааныг дагаж Алтан улсыг дайлсан, 1235 онд Батын удирдлаганд Орос, Хибчаг, Европын олон улсыг байлдан дагуулжээ. 1251 онд хаан болж шинээр 2 их дайн хийв. 1252 онд дүү Хүлэгэг өрнө зүг, дүү Хубилайг Дали улсыг дайлахаар мордуулжээ. Мөн өөрөө их цэрэг захирч Сүн улсыг довтлон байлдсан. Тэрээр авьяас билэг төгөлдөр, олноос онцгойрсон мэргэн арга бодлоготой хаан байв.

Мухулай Эрэлхэг баатар, цэргийн сод жанжин. Чингис хааны агуу үйлсэд үнэнч зүтгэсэн учир Зүүн гарын түмний ноён болж, цэрэг, морийг ерөнхийлөн захирах Гоо ванаар өргөмжлөгдсөн. 1211-1216 онд их хааныг дагаж Алтан улсыг дайлав. 1217 онд тус улсыг дайлах бүрэн эрхийг хүлээв. 1217-1223 онд Алтан улсын олон хотыг эзлээд бүрмөсөн ялахаас өмнө өөд болсон. Тэр гэрээслэлдээ "Би улс гүрнийхээ төлөө 40 жил зүүн, баруун тийш байлдан дайлаад их үйлс бүтээв. Ганц Алтан улсын нийслэл Бээжин хотыг эвдэж эс чадсандаа харамснам. Энэ үүргийг гүйцэтгэгтүн” гэж хойч үедээ захижээ.

Өгөдэй Их Монгол Улсын 2 дахь хаан. Багаасаа хаан эцгээ даган дайн тулаанд орж эрэлхэг баатарлаг хэмээн алдаршсан. Ван ханы цэрэгтэй байлдахад шархдаж үзсэн. Алтан улс, Хорезм, Сартуул, Тангудын эсрэг дайтсан. Хаан болоод олон шинэчлэл хийсэн. Мөн Алтан улсыг мөхөөж, "Ууган хөвгүүдийн аян дайн”-ыг хийлгэн олон улсыг эзлэсэн.

Сого Өгөдэй хааны үед төр, гүрэнд үнэнч зүтгэсэн баатар жанжин. 1229 онд Өгөдэй хаан Алтан улсыг дайлан цохих шийдвэр гаргаж Согог элчээр томилон дайны замыг судлуулжээ. 1235 онд хааны зарлигаар Хатан голоос хойш Төмөр хаалгаас өмнүүрх өргөн уудам нутгийг захиран суужээ.

Сонодай Чингис хаанд ихэд тус болон зүтгэж явсан жанжин. Эхлээд хааны торгон цэргийн ахлагч ноён, хожим Мухулай ноёны өрлөг, цэргийн хошууч болжээ. Өгөдэй хааны үед 30000 цэрэг захиран Баруун Ази, Европыг дайлж Хибчаг, Булгар зэрэг улстай байлдахад их гавьяа байгуулсан. Мөн Алтан улсыг дайлаар одоход оролцжээ.

Сүбээдэй Чингис хааны 9 өрлөгийн нэг ба 4 хошуучийн нэг. Өгөдэй хааны Бүх цэргийн ерөнхий жанжин. Тэрээр Чингис, Өгөдэй хаадад зүтгэсэн алдарт их жанжин билээ. Хэрэйд, Найман аймаг, Алтан улс, Солонгос, Хибчаг, Өмнөд Орос, Булгар, Тангудыг дайлаар мордсон. 95 гавьяатны нэг болж мянганы ноёноор өргөмжлөгдсөн. Өгөдэй хааны үед олон удаа цэрэг захирч өмнөд, умардыг дайлсан. 1235-1242 онд Батын захирсан их цэрэгт дэд жанжинаар явж 2 дахь удаагаа баруун тийш дайлаар одсон. Алтан улсын нийслэл Бияажин хотыг 16 хоног бүслэж эзлэсэн. Газрын дундад тэнгисээс хойших орнуудын эсрэг дайнд дэд жанжинаар явж, Оросын цэргийг Днепр мөрөн хүртэл нэхэн байлдсан нь цэргийн түүхэнд тодроогүй алс холын аян дайн болжээ. "Ганц нүдэт чоно”, "Төмөр тэрэгт Сүбээдэй” хэмээн Европт алдаршжээ.

Тачар Чингис хааны өрлөг жанжин Боорчийн 2 дахь хүү. Өгөдэй хааны үед онцгой тулаанд явж цэрэг захирч байв. 1233 онд Хубилайн зарлигаар их жанжин Тамударын хамт цэрэг дайчлан Алтан улсыг довтлоод 1234 онд шинэ хаан Чюн Лин гэгчийг барьжээ. Хожим Мөнх хааны үед мөн цэргийн өрлөгийн нэг нь байж дайн тулаанд олонтаа оржээ. 1258 онд Мөнх хаан цэргээ удирдан Сүн улсыг дайлахад тэрээр хошуучлан байлдаж их гавьяа байгуулсан.

Тулуй Чингис хааны отгон хүү. Цэрэг дайныг удирдах эрдэм ухаан хослосон түүнийг хаан эцэг нь дагуулан явж олон дайн тулаанд оролцуулжээ. Алтан улсыг 2 удаа дайлахад цэрэг захирсан. Сартуулыг дайлахад оролцон баг цэрэг ахалж Иран, Афганистаны олон хотыг эзлэв. Мөн Тангудыг дайлсан. Чингисийг тэнгэрт одсоны дараа 1227-1229 онд Монголын төрийг хамаарч байлаа. Тэрээр Хархорумаас Онон мөрөн хүртэл уудам нутаг, 101000 цэргийг захирах соёрхол хүртжээ. Тулуйн 9 хүүгээс Мөнх, Хубилай нар хожим хаан болсон түүхтэй.

Урианхадай Чингис хааны гавьяат сайд, их жанжин Сүбээдэйн хүү. Хожим нэрд гарсан алдарт жанжин. Анх Чингис хааны хишигтэн цэрэг байв. Зүрчид, Хибчаг, Орос, Булгар, Герман зэрэг улсыг Батыг дагаж дайлаар мордон эзлэжээ. 1252 онд Мөнх хааны зарлигаар дүү Хубилайд туслан 100.000 их цэрэг ерөнхийлөн захирч Дэли улсыг байлдан дагуулахаар мордов. 1253 онд баруун замын цэрэг захирч 2000 гаруй газар аялаад үхрийн арьсан тулам, усан онгоц, салаар Жиншэжиэн мөрөнг гаталжээ. 2 жилийн дотор 37 аймаг улсыг төвшитгөж Төвдөд цэргээ оруулсан, 1256 онд Сүн улсыг эзлэсэн. 1257 онд их гавьяагаа үнэлүүлж түмний ноён, ерөнхий командлагч болж Дэли орныг захиран суужээ. Тэр үедээ Анан (Вьетнам) улсад цэрэг оруулж буулган авсан түүхтэй.

Үеэр Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх зэрэг хэдэн үеийн хаадад хүчээ өгөн олон дайн тулаанд онцгойрон дайтсан баатар цол бүхий гавьяат сайд. 1215 онд Алтан улсын нийслэлийн цэрэг, агтыг ерөнхийлөн захирах командлагч болсон. Өгөдэй хааны үед Солонгосыг 2 удаа эзэлсэн тул тэнд буй бүх цэргийг захирах болжээ. 1257 онд Мөнх хааны зарлигаар дахин Солонгосыг дайлан бүрэн дагуулжээ.

Хүлэгү Тулуйн 6 дахь хүү бөгөөд дайн тулаанд шалгарсан гарамгай жанжин. 1251 онд Мөнх хааны зарлигаар 120.000 их цэрэг захирч баруун зүгт дайлаар мордон олон хотыг эзэлсэн. Перс (Иран), Ирак, Сириг дайлаар мордон буулгаж авчээ. 1260 онд Хубилай хаан болоод Хүлэгүд баруун Ази дахь өргөн уудам нутгийг өгөв. 1264 онд Ил хаадын улс байгуулсан. Энэ улс хойшоо Алтан ордын хаант улстай, өмнүүрээ Энэтхэгийн далайд тулж, баруун тийшээ бага Азитай зах нийлэн, зүүн тийшээ Амударъяа мөрөн хүрч байлаа.

Хадаан Өгөдэй хааны 6 дахь хүү. Хаан эцгээс хойш Хубилай хаан хүртэлх 4 үеийн хаан төрд зүтгэсэн гавьяат жанжин. 1236 онд "Ууган хөвгүүдийн аян дайн”-д оролцсон. 1236-1240 онд Булгар, Хибчаг, Оросыг эзэлж, 1241 онд Сүбээдэйн хамт Унгарыг довтлон эзлэв. Мөнх хаан болоод түүнд Бишбалахыг өгч захируулжээ. Хубилай хааны үед Хатан голоос баруун тийших өргөн уудам газар нутгийг байлдан эзлэв.

Бэлтгэсэн Т.БОДЬ-АНИР

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.