УИХ-ын сонгуулийн 60-р тойрогт БИЕ ДААН нэр дэвшигч Ц.НАРАНЧИМЭГ: Намын шахалт тулгалтаар биш, хараат бусаар асуудалд хандах чадвар бие даагчдад л бий
УИХ-ын сонгуульд улс төрийн зоримог шийдвэр гаргаж БИЕ ДААЖ нэр дэвшиж
байгаа Цэрэнбадамын НАРАНЧИМЭГ –тэй өөрийнх нь улс төрийн зорилт, чиг баримжааг
нь сонгогч олонд тодорхой болгон хүргэх зорилгоор энэхүү ярилцлагыг хийлээ.
-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд та ямар үнэнэлт дүгнэлт өгөх вэ, яагаад нэр дэвших болов оо?
-Манай төр МАНАН гэж нэг л намтай болчихож гэж шинжээчид, шүүмжлэгчид дүгнэх болсон. Уг нь улс төрийн чиг баримжаа, үзэл баримтлалаараа монголын улс төр дэх сөрөг хоёр том хүчин байгаад байдаг. Харамсалтай нь далд ашиг сонирхол, хуйвалдаанаараа нэгдэж нийлчихээд салгахын аргагүй болчихсныг ийнхүү хэн хүнгүй ярих болсон. Энэ утгаараа МАНАН-г ялгаж, салгаж ойлгоход ч хэцүү болжээ. Энэ цаг үед монголын улс төрд улс төрч гэж өөрийсдийгөө нэрлэсэн үзэл сурталчид, төрийг мөнгөний уурхай гэж хардаг бизнесийн олигархиуд дүүрчихээд байна. Ийм байхад арай гайгүй гэж болох хэсгийнх нь төр улсынхаа төлөө зүтгэх чин хүсэл зориг үнэндээ можож, бөхөөд байна. Ийм нөхцөл байдлыг энэ удаагийн сонгуулиар өөрчлөх эцсийн, хариуцлагатай боломж бүрдсэнийг бид хаа хаанаа ойлгох хэрэгтэй.
Цагдаагийн дэд хурандаа хүн УИХ-д сонгуульд нэр дэвшиж байсан түүх байхгүй. Тийм учраас иргэний сонгогдох эрхээ эдэлж, улс төрд хүч сорих зориг гарган сонгуульд оролцож байна. Бид мэргэжлийн хууль хэрэгжүүлж ажиллаж байсан хүмүүс. Тийм учраас хуулийн хэрэгжилт, хууль хөрсөндөө бууж чадаж байна уу үгүй юү гэдгийг харж үнэлж цэгнэж байдаг. Нөгөө талаар бид аливаа хууль боловсруулахад саналуудаа өгдөг байсан. Хэлэлцүүлэгт оролцож байлаа. Харамсалтай нь хууль боловсруулах, санал авах шатанд яг энэ чиглэлээр мэргэшсэн ажилтнууд орж чадаагүй байдаг юм. Яагаад гэвэл компанит ажил шиг албан бичгээр үүрэг даалгавар ирээд бушуухан хугацаанд нь өгөхийн тулд салбарын ажилтнууд илүү нухацтай ажиллаж чаддаггүй юм уу гэсэн байдлууд харагдаж байсан. Тийм учраас ингэж батлагдсан хууль хөрсөн дээрээ буух нь хангалтгүй байна.
Чадамжгүй ийм байдлыг засах хүсэл, зорилго хүссэн хүсээгүй бидэнд тулгарч ирчихээд байна. Олж авсан мэдлэг, хуримтлуулсан туршлага, эзэмшсэн чадвараа улс эх орондоо одоо л зориулах цаг болж гэж ухамсарлаж УИХ-д нэр дэвших шийдвэр гаргасан даа. Энэ шийдвэрт нөлөөлсөн бусад хүчин зүйлс, ялангуяа итгэл хүлээлгэсэн хүчин зүйл их байгаа.
-Улс эх орны эдийн засгийн байдал хүнд, ард иргэдийн амьдрал тааруу байна? Энэ тал дээр таны бодол?
-МАНАН гэсэн "сиамын ихэр” болчихсон намын бүлэглэлүүд гол нь иргэдийг ядуу байлгах хүсэл сонирхолтой байна уу гэж харж байна. Иргэдэд очих ёстой баялаг иргэдэд хүрч чадахгүй байна. Үүний цаана өөр ашиг сонирхол байгаа гэж харагдаж байна. Иргэд өнөөдөр хоёр нарны хооронд өр зээлэндээ дарагдаж сэтгэл гундуу, итгэл дундуур аж төрж байна шүү дээ. Гэтэл эдийн засгаа босгох гэж төр нь том, том өр зээлийг бодлогогүй хайр найргүй авсаар, иргэдийн ирээдүйд улам бүр өрийн дарамт учруулсаар байна. Иргэн хүний банкны зээлийг байх л зүйл гэж бодож болох боловч ирээдүйд өнөөгийн бодлогогүй төрийн төрөл бүрийн зээл, бонд хэлбэрээр хуримтлуулж "өвлүүлсэн” өр бидний ирээдүйг улам бүр бүрхэг болгож байна. Үүнийг эртхэн л засах хэрэгтэй. Цаг алдвал төсөөлж боломгүй гарз хохирол хүлээнэ шүү дээ.
- "Засах” гэлээ. Таны мөрийн хөтөлбөрт энэ талаар яаж туссан бэ?
- Миний мөрийн хөтөлбөр 5 зүйл дээр төвлөрч байгаа. Нэгд, өв соёл, уламжлалаа дээдэлж хадгалсан төрт ёс, хөгжлийн бодлого. Хоёрт, өндөр ёс суртахууныг төлөвшүүлэх, Гуравт, өргөн мэдлэгтэй иргэнийг бэлтгэх, Дөрөвт, өвчингүй иргэн буюу эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, Тавд, өргүй өрхийн төлөө шамдан эдийн засгийн шийдвэртэй бодит арга хэмжээ авах бодлогуудыг дэвшүүлэн тавьсан. Үүний тав дахь буюу өргүй иргэнтэй болох бодлогоо хэрэгжүүлэх арга зам мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа.
-Хууль сахиулах мэргэжлийн байгууллагад нь ажиллаж байсан хүний хувьд нийгмийн хямралын нэг шалтгаан болсон гэмт хэрэг буурахгүй байгаа цаад учрыг юу гэж харж байна?
-Ер нь бол ядууралд орчихсон, шударга бус байдалтай нийгмийг гэмт хэрэгтэй холбож үзэх нь зайлшгүй юм. Баян хоосны ялгаа эрс гараад эхэлсэн, нийгэмд ялгавартай давхарга бий болсон зэрэг нь зөрчлийн язгуур шалтгаан болж, гэмт хэрэг ихээр гарах нөхцөл бүрдүүлээд байна.
Нөгөө талаар мэдээлэл глобальчлагдаж байгаа учраас дэлхий нийтэд гарч байгаа цахим гэмт хэрэг, зохион байгуулалттай гэмт хэргийг аль хэдийн судлачихсан. Зохион байгуулалт нь нарийсч кибер, хар тамхины гэмт хэргүүд газар авах боллоо. Үүнд хүүхэд залуусыг татан оролцуулах нь ихэсч, гэмт хэргийн шинэ үе бэлтгэгдэж байна. Ийм нөхцөлд хууль, хариуцлагыг чангатгахаас илүүтэй ёс суртахуунтай ирээдүйг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй болж байна. Хүүхдүүд дэлгэцийн донтолтод автаж ПиСи тоглохын тулд гэр орноо, ойр орчноосоо хулгай хийх нь ихэсч байна. Үүнийг эртхэн засахгүй бол тэд үүнээс ч гүнзгий гэмт хэргийн ертөнц рүү өөрийн мэдэлгүй хөл алдан орж байна шүү дээ.
-Ядуурлаас үүдэлтэй ямар гэмт хэрэг гарч байна?
-Баян айлын хүүхдүүд хар тамхины болон дэлгэцийн донтолтын хэрэгт орчих гээд байх явдал цөөнгүй байна. Ер нь хүүхдүүддээ анхаарах явдал эцэг эх, асран халамжилж байгаа хэн хэнд нь бага болсон байна. Хямарсан нийгэмд өрх гэрийн санхүүгээ хямруулчихгүйн төлөө эцэг, эхүүд ажилд шамдан дарагдаад явж байх боллоо. Ажлынхаа араас явчихаар хүүхэд эзэнгүйдэж байгаа байхгүй юу.
Сургуулийн багш нар хуучны багш шиг тэр бүр хүүхдэд хүрч хүүхдийн сэтгэлийг ойлгож ажиллах нь тааруу байна. Багш нарт буруу өгөх гэхээс тэдний ажлын ачааллыг ч бид ойлгох хэрэгтэй. Нэг багш 50 хүүхдэд хүрч ажиллана гэдэг төсөөлөхөд ч бэрх. Би өөрөө багш хүн. Үүний учрыг сайн ойлгоно. Гол нь боловсролын систем дэх энэ мэтийн дарамтыг бууруулж байж багшийн хариуцлагыг өндөржүүлж, хүүхдийн хүмүүжилд ахиц гарах боломж бүрдэнэ.
Ямар ч нийгэм байсан хүүхэд бол хүүхэд л шүү дээ. Тэд арай гайгүй айлын хүүхэдтэй ижилхэн байхыг л хүснэ. Тэрэнд хүрэхийн тулд "яаж мөнгөтэй болох вэ” гэсэн бодлоосоо үүдээд хэрэгт орчих гээд байдаг. Ийм ялгавартай байдалд сэтгэл эмзэглэж байдаг. Ижилхэн төвшинд хүүхдүүд маань өсөөсэй гэж бодож явдаг. Монголын ирээдүйг авч явах хүүхдүүд маань бие биедээ атаархаж жөтөөрхөж өсвөл хэн болж таарах вэ. Тийм учраас хүүхдүүдийг анги хамт олноор нь зохион байгуулж жүжиг, кино соёл урлагийн үзвэр үйлчилгээг нийгэм соёлын ажилтнуудтай нь хамтарч яриа хийж урлагийн хүмүүжүүлэх нөлөөгөөр сургалт явуулдаг уламжлалыг сургалтын бодлогод түлхүү нэвтрүүлэх шаардлагатай байна. Хүүхдийг хүн болгох, мэдлэг олгох хоёр хамт явах ёстой.
Өнөөдөр хүүхэд рүү чиглэсэн нэг л удаа хэрэгжээд өнгөрдөг хөтөлбөр зохион байгуулаад байна. Тогтвортой тууштай төрийн бодлого алга. Нэг л содон сонин хөтөлбөр ярьсан хүмүүс их болж.
-Төрд орох болсон хамгийн эхний зорилт нь хүүхэд рүү хандсан бодлогыг хэрэгжүүлэх шийдэл болоод байна, тийм үү?
-Тийм. Хүүхэд бүр эцэг, эхийнхээ хажууд байж гэмээн хамгийн аз жаргалтай байдаг. Өөр нэг зүйл нь хүүхдийн хүмүүжил, боловсролд анхаарах явдал. Монгол сэтгэлгээ, ахуй орчин бол барууны зүйлийг шууд хуулаад нутагшуулчих боломжгүй өвөрмөц зүйл л дээ. Тиймээс уламжлалд суурилсан, үндэстнийхээ онцлог сэтгэлгээнд тохирсон өөрийн гэсэн сурган хүмүүжүүлэх, боловсролын бодлогыг хэрэгжүүлэх нь чухал.
-Таны судалгааны ажил хүүхэд, боловсрол, цагдаагийн боловсрол байдаг. Та эдгээрээс юунд нь их цаг зарцуулж анхаарч явдаг вэ? Онцлог нь юу вэ?
-. Цагдаагийн салбарын боловсролын тогтолцооны асуудалд их цаг зав зарцуулсан. Энэ салбарын боловсролын асуудал огт судлагдалгүй орхигдож ирснийг анхлан судалж, практиктай холбож авч үзсэнээрээ онцлогтой.
-Салбарын шинэ хууль цагдаад дорвитой өөрчлөлт авч ирж чадсан болов уу?
-Цагдаа нар энэ хуульд сэтгэл дундуур байдаг. Нуулгүй хэлэхэд тэдний нэг нь би. Миний хувьд олон жил зүтгэж хүрсэн дэд хурандаа цол өгч, ахлах дэслэгч болсон. Гэтэл дөнгөж сургууль төгсөөд хоёр гурван жил болж байгаа залуучууд хошууч, хурандаа цол авсан. Цагаад шинэчлэл хэрэгтэй байсан уу гэвэл байсан. Шинэчлэлийг бид ч их хүлээж байлаа. Гэхдээ хүлээж байсан шинэчлэл биш байсан. Америк юм уу, барууны баримталдаг бодлогыг Монголын цагдаагийн салбарт тулгасан. Эргээд энэ хууль хөрсөн дээр буухгүй өөрчлөгдөх гэж байна шүү дээ. Нэг хууль гаргаад хэдхэн жилийн настай байж болохгүй л дээ. Үүний цаана бас л хөрөнгө мөнгө яригдана. Улсын ажил хүндрэлтэй болж байна. Төрийн албанд хүлээлтийн байдал үүсээд удаж байна. Мэргэжлийн ур чадвар, ёс зүйгээс илүү тэр даргын, энэ даргын гэсэн томилгоо явагддаг болсон. Үүнээс болж төрийн ажил унаж, засаг солигдохыг хүлээсэн хүлээлэлтийн байдал үүссэн.
- Та эмэгтэй нэр дэвшигч, дээр нь БИЕ ДААГЧ. Танд ялгарах онцлог, давуу тал юу байна вэ?
-Төрд олон жил ажилласан. Удирдах, удирдуулах, хариуцлага хүлээх, ухамсарлах төрийн албаны ёс зүй гэдгийг мэднэ. Мөн иргэдийнхээ дунд ажиллаж, амьдарч ирсэн гэдэг утгаараа тэдний амьдрал, хүсэл зорилгыг маш сайн мэднэ. Иймээс тэднийхээ дуу хоолойг төрд хүргэхийг л зорьж байна. Эмэгтэй хүнийхээ хувьд нийгэмд болж бүтэхгүй байгаа эмзэг байдлуудыг илүүтэй мэдэрч олж харсан. Төрийн алба хашиж байгаа учраас хамаагүй ил гаргаж ярьж явах боломжгүй.
БИЕ ДААН нэр дэвшсний хувьд бол энэ бас давуу тал. Учир нь өнөөдөр намуудад итгэх итгэл нийгэмд алдарсан. Төрд хүчтэй сөрөг хүчин, байр суурь байхгүй болсноос, шүүмжлэл бодитой, хүчтэй хүрэхгүй байгаагаас асуудал даамжирч байна. Гэхдээ шүүмжлэлийг бодитой илэрхийлэх төлөөлөл болоход бие дааж нэр дэвших нь чухал гэж үзсэн. Аль нэг нам хүчнээс хараат бус, намын үзэл суртал тулгалтаар биш, өөрийн бие даасан байдлаараа асуудлыг гаргаж тавих чадвар бие даагчдад л бий.
- Намд яагаад элсээгүй юм бэ?
- Төрийн албан хаагч нам бус байх ёстой. Монгол Улсын төлөө зүтгэе гэсэн тангарагтай хүмүүс шүү дээ, бид чинь. Энэ ёс журмыг дагаж, бие даасан хараат бус байдлыг эрхэмлээд ирсэн болохоор нам дагаж өөрийнхөө мөн чанараас ухармааргүй байсан юм.
-Улс төрчдийн дундаас таны хүндэлж явдаг хүн хэн бэ?
-Удвал гуай шиг л хүн байх юмсан гэж боддог. Бүх зүйлд эхийн сэтгэлээр ханддаг. Удвал гуай шиг нийгэмд өөрийгөө зориулж байгаа хүн ховор байна. Байгаагаараа байхыг хүсдэг, бусад шиг жүжиглэдэггүй. Бас хүчтэй, дайчин. Энэ чанаруудыг нь өөртөө цогцлоож, улс төрийн тавцанд ийм байр суурийг бий болгох цаг болжээ.
-Та өөрийнхөө тухай бага ярих юм, ингэхэд төрийн албанд зүтгэсэн хүнийг төр үнэлж шагнаж урамшуулдаг. Энэ шагнал урамшуулал үндсэндээ төрийн албан хаагчийн чадварыг тодорхойлдог гэж бодож байна. Та төрдөө яаж үнэлүүлэв дээ?
- Ажил бол миний амьдрал, ажилдаа ч их дуртай. Ялангуяа, хүүхдүүдтэй ажиллах сайхан. Ажлынхаа үр шимийг хүртэж цагдаагийн хамгийн том шагнал "Цагдаагийн гавьяа” тэмдгийг авсан. Дүүргийн хүндэт иргэн, хууль зүйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан. Цэргийн хүндэт медаль хүртсэн. Эдгээр нь салбартаа хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж ирсний минь нотолгоо гэж хэлж болно. Би өөрийнхөө бүхий л ажлаар бахархдаг. Гэр бүл найз нөхдөөрөө ч бахархдаг.
- Өмнө нь тулж ажиллаж байсан хороо, хэсгийнхээ иргэдтэй одоо нэр дэвшигчийн хувьд уулзаад явж байна. Байцаагч байхдаа уулзахаас ялгаа байна уу?
-Бүгдийг нь таньдаг учраас уулзалт хийхэд амар байна. Харин нэр дэвшигчийн минь хувьд асуудлаа өргөн хүрээтэй ярьж, таньдгийнхаа хувьд дотночлон хэлж байна. Сүүний мөнгө хүүхдүүддээ олж чадахгүй байна, эрүүл мэндийн үйлчилгээ хүрэхгүй байна гэх мэт эмэгтэй хүнд хандаж асуух ёстой асуултуудыг их тавьж байна. Чин сэтгэлээсээ итгэж найдан, дэмжиж, зарим нь бүр амлалт нэхэх аястай байна. Хуулиар нэр дэвшигч ямарваа зүйл амалж болохгүй шүү дээ. Гэхдээ итгэл даагаад ялж чадвал иргэдийнхээ үг, хүсэл зорилгыг төрд хүргэж, ажил хэрэг болгох нь миний үүрэг. Гэтэл өмнөх сонгуулийн туршлагаас харахад амалж амалж гарж ирчихээд нааш харж инээгээд, цааш харж өөрийг сэтгэдэг жүжиглэлт улс төрчдөд их байсан. Үүнээс болж улс төрчдөд итгэх иргэд, олон түмний итгэл хөсөрдсөн. Улс төр одоо бүр жүжиг болчихоод байна. Ингэж жүжигчин улс төр байж болмооргүй байна шүү дээ. Шинэ бодит уур амьсгал оруулах цаг нэгэнт бий болжээ. Ийм нөхцөлд улс төрд хараат бус, зоримог шийдвэр гаргаж БИЕ ДААЖ нэр дэвшсэн нэр дэвшигчид л илүү иргэдийнхээ төлөө, аод түмэн эх орныхоо төлөө бодитой хандаж, ажиллаж чадна.
Ярилцсан Ч.Алтанхуяг
УИХ-ын сонгуулийн 60-р тойрогт (Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10, Багануур дүүргийн 10-р хороо) Бие даан нэр дэвшигч Ц.Наранчимэгийн сонгуулийн штаб
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/misheel.gargaldai/
БИЕ ДААНнэр дэвшигчЦ.НАРАНЧИМЭГ-ийг
сонгох 5 шалтгаан
1.#Монголоо_гэсэн_эх_оронч_үзэлтэй_сэхээтний_охин.
Аав Наваан-Осорын Цэрэнбадам нь улс төрийн өндөр албан тушаал хашиж, Монголоо
гэх халуун сэтгэл, чин зоригтой яваад Ц. Лоохууз, Б. Сурмаажав нарын намын
эсрэг бүлгийн гишүүн хэмээгдэн хэлмэгдсэн хүн. Хэлмэгдсэн нэг шалтгаан нь
"Чингис хааны хөшөөг түүний төрсөн Хэнтий аймгийн Дадал сумын Гурван
нуурын амралтын дэргэд босгох үед олон удаа томилолтоор очиж идэвхитэй оролцож
байсан үндэсний үзэлтэн". Өнөө цагт байсан сан бол үндэсний энэ үзлээрээ
төрдөө үнэлэгдэх байлаа.
2. Нэр цэвэр. Ц.Наранчимэг ямар нэг бизнес, компани, хувийн хэвшилд
ажиллаж байгаагүй. Энэ утгаараа аливаа компани, бизнесийн байгууллагын хараат
байдалд орж үзээгүй бие даасан шийдвэр гаргах чадвартай. Санхүүгийн болон амин
хувийн ашиг сонирхлоос ангид байж чадсан.
3. Анхнаасаа л багшаас эхлээд цагдаагийн байгуулагад төрийн алба хашиж, төр
түмнийхээ төлөө зүтгэж ирсэн. Завхан аймгийн Их-Уул суманд багш, Нийслэлийн
СБД-ийн цагдаагийн хэлтэст монгол бичгийн багш, хүүхдийн ахлах байцаагч, ЦЕГ-ын
Сургалт, сурталчилгааны хэлтэст ахлах багш, ХСИС-ийн Цагдаагийн сургуульд
багшаар тус тус ажилласан.
4. Боловсролоо ямагт дээшлүүлж ирсэн сэхээтэн. УБИС-ийг орос хэл-утга зохиолын
багш, МУБИС-д Боловсрол судлалын доктор, Цагдаагийн академийг
эрхзүйч-цагдаагийн ажилтан, аюулгүй байдлын магистр, Тагнуулын дээд сургууль,
Уралын улсын их сургууль, МУИС-ийн ОУХДС-ийн англи хэлний оройн анги, Хойд
Хятадын ШУТДС-ийн гадаад харилцааны салбар сургуульд тус тус сурч мэргэжил
эзэмшиж, мэргэшсэн.
5. Эмэгтэй бас#БИЕ_ДААН нэр дэвшигч. Өнөөдөр улс төрд эмэгтэйчүүдийн
квот чухал байна. Учир нь шинэ хуулиар намуудын эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг
өмнө нь 30 хувь байх ёстой байсныг 20 хувь болгож бууруулсан. Энэ удаагийн
сонгуульд намуудаас төдий чинээ бага хувиар эмэгтэй гишүүд парламентад орж ирж,
эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчгүйдэх асуудал үүсээд байна. Энэ асуудлыг
залруулах үүднээс эмэгтэй бас #БИЕ_ДААН нэр дэвшигч эмэгтэй нэр дэвшигчдийг
монгол эхчүүд, эмэгтэйчүүд дэмжих нь төрд өөрийн "эмэгтэй” төлөөллөө томилох
том боломж юм.
Болгоон тунгааж, сонголтоо хийхийг хүсье.
БИЕ_ДААН нэр дэвшигч Ц.Наранчимэгийн сонгуулийн штаб.