Цагдаагийн алба хаагчийн цалинг нэмэхийг хүсэв
Уулзалтын үеэр харьяа агентлагийн удирдлагууд хийгдэж буй гол ажлууд болон цаашид төлөвлөсөн ажлынхаа талаар танилцуулж, тулгамдсан асуудлуудаа уламжилж, санал солилцов.
Архивын ерөнхий газрынхан өнгөрсөн жил шинэ байранд төвхнөж, сүүлийн гурван жилийн хугацаанд "Цахим архив" төслийн хүрээнд архивын нийт баримт бичгийн 10 хувийг цахимжуулаад байгаа ажээ. Архивын ажилтнуудыг төрийн үйлчилгээний бус захиргааны алба хаагчийн ангилалд хамааруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудалд нь анхаарах шаардлагатайг онцоллоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд хорих байгууллагын харуул хамгаалалт, орон тоог нэмэгдүүлэхэд анхаарахыг салбарын сайдаас хүссэн. Мөн Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар яаралтай батлах, цагдаагийн алба хаагчдын цалин хөлс, удаан жилийн нэмэгдэл, урамшуулалд шаардагдах хөрөнгийг шийдэх саналаа уламжилсан юм.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт агентлагуудын хүрээнд анхаарч ажиллах ажлын талаар чиглэл өгч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх саналаа боловсруулж ойрын хугацаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Тэрбээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, баялаг бүтээгчид, ажил олгогчдоо дэмжих, салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудал, эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.