Аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

341

Аймгуудын удирдлагуудтай сар бүр хийдэг цахим хурал Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд нар оролцлоо.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, "Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд нар орон нутгийн удирдлагуудад танилцууллаа.

  Цахим хурлын үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт цаг үеийн асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Аймгуудад Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах Засгийн газрын үүргийг хугацаанд нь буюу энэ оны зургадугаар сарын 1-ний дотор санаачилгатай, үр дүнтэй хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

  Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ болон шар усны үерээс болгоомжлох сэрэмжлүүлгийг иргэд, малчдад шуурхай хүргэх шаардлагатай байгааг анхаарууллаа. Мөн төл хүлээн авах болон хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангуулахад онцгой анхаарч ажиллахыг Засаг дарга нарт даалгалаа.

Аймгийн удирдлагуудтай хийсэн дараагаар "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ажлын хэсгийн дэд дарга Г.Ганболд "Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Засгийн газрын тогтоол болон нэгдсэн төвд үйлчилгээ үзүүлэх байгууллага, ажиллах албан хаагчдын тоог танилцууллаа.  Тэрээр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлдэг 245 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг төвлөрүүлж, нэг дороос авах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах ажлын хэсгийн дарга С.Баярцогт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг Төрийн үйлчилгээний нэгдсэн төв болгон өргөтгөж, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яам,  Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар зэрэг 13 яам, агентлагийн үйлчилгээг нэмэгдүүлж, ажиллах ажилтны нэрсийг энэ  сарын 15-ны дотор ажлын хэсэгт ирүүлэхийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын дарга нарт үүрэг болголоо. Мөн энэ сарын 18-ны өдрөөс яам, агентлагуудын ажилтнууд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлан ажиллаж эхлэхийг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.