Зэрэглэл буурч, хөрөнгө оруулалтын өртөг өссөөр...

315

 

Мөнгөний урсгал улам саарч, агшиж буй эдийн засгаа идэвхжүүлж, хямралаас гарах ганц гарц нь хөрөнгө оруулалт татах хэмээн шинжээчид дүгнэж байгаа ч дотоод болон олон улсын зах зээлээс хөрөнгө татах боломжийг хумисан хоёр том шийдвэр сүүлийн долоо хоног хүрэхгүй хугацаанд гарав. Эхнийх нь өнгөрсөн долоо хоногийн эцэст Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 15 хувь болгож, огцом өсгөсөн нь хувийн хэвшлийнхний арилжааны банкнаас зээл авах боломжийг хумиж байгаа. Мөн энэ долоо хоногийн эхэнд олон улсын үнэлгээний "8&Р” агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "В” буюу бизнес санхүү, эдийн засаг эмзэг төлвөөс "В-" болгож бууруулсан. Зээлжих зэрэглэл нь тухайн улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө татаад, эргэн төлөх чадамж, найдвартай байдлыг нь тодорхойлдог. Дашрамд, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "S&P” агентлаг сүүлийн дөрвөн жилд дөрвөн шатлал бууруулаад байна. Энэ нь Засгийн газар төдийгүй компани, банк, санхүүгийн байгууллагын олон улсын зах зээлээс таатай нөхцөлтэй хөрөнгө оруулалт татах боломжийг хумиж, санхүүжилтийн өртгийг улам нэмэгдүүлж буй.

 

"S&Р” олон улсын үнэлгээний агентлаг "Монголын санхүүгийн нөхцөл байдал муудаж, экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан төдийгүй төгрөгийн ханш суларч байгаа эрсдэл нь төлвийг бууруулахад нөлөөлсөн” хэмээн онцолжээ. Түүнчлэн Засгийн газрын өрийн хэмжээний дарамт, банкны системийн хүндрэл нь төлвийг бууруулахад хүргэсэн байна. Манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг ийнхүү бууруулсан нь богино хугацааных нь хэвээр үлдээжээ. "Оюутолгой”, "Тавантолгой” зэрэг томоохон төсөл урагшилбал зээлжих зэрэглэлийг өсгөх боломжтойг мөн онцолсон. Түүнчлэн 2016- 2019 оны эдийн засгийн өсөлтийг дөрвөөс 3.2 хувь, энэ оны эдийн засгийн өсөлтийг 2.6-аас 1.3 хувь болгон буурууллаа.

 

Мөн энэ сарын эхэнд "S&Р” үнэлгээний байгууллага манай арилжааны банкуудын эрсдэл олон улсын хэмжээнд хамгийн өндөр үнэлгээтэй төвшинд хүрч, Грек болон Африкийн Мозамбек, Уганда зэрэг улстай дүйж байгааг анхааруулж байсан. Арилжааны банкууд барилга, уул уурхай зэрэг хэлбэлзэл өндөртэй салбарт их хэмжээний санхүүжилт олгосноос ийнхүү өсөлт нь саарч, өртөг нь нэмэгдэж байгааг сануулсан юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ оны эхний хагас жилийн байдлаар банкны системийн дотоодын нийт хадгаламж 7.9 их наяд, зээлийн өрийн үлдэгдэл 12 их наяд төгрөг болж, макро эдийн засгийн тэнцвэр 4.1 их наяд төгрөгөөр алдагдаад буйг мэдээлсэн. Түүнчлэн банкны чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1.9 их наяд төгрөг болж, нийт зээлийн 15.5 хувьд хүрч, 2011 оныхоос 11.6 дахин өсчээ. Мөн банкуудын татаж буй эх үүсвэрийн хүү өсч байгаа, цаашид зээлийн хүү өсөх нөхцөл бүрдүүлэхийг сануулсан. Сангийн сайдыг мэдээлэл хийх хүртэл эдийн засаг төдийгүй банк, санхүүгийн системд бодит эрсдэл тулгараад буйг албаныхан огт мэдээлээгүй байсан билээ. Ийнхүү манай эдийн засгийн хямрал банкны системдээ хэдийнэ эрсдэл дагуулаад байна.

 

Дэлхийд одоогоор "Standart and Poors”, "Fitch”, "Moody's” гэсэн гурван том зэрэглэлийн үнэлгээний байгууллага нийт зах зээлийн 95 хувийг хамаарч үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс энэ гурван олон улсын үнэлгээний байгууллагын "дүн” нь хөрөнгө оруулагчдын эрсдэлээ тооцох гол хэрэгсэл гэж хэлж болно. Улсын зээлжих зэрэглэл буурах нь компани, санхүүгийн байгууллага, банк, даатгалын компаниудын зэрэглэлийг ч давхар бууруулж, эрсдэлийг нь нэмэгдүүлж буй хэлбэр. Учир нь, улсын зээлжих зэрэглэлээс компани, банкных нь өндөр тогтоодоггүй учир нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж буй алхам юм. Тухайлбал, Засгийн газар 2012 онд "Чингис” бондыг ВВ зэрэглэлтэйгээр 5.75 хувийн хүүтэй эх үүсвэрийг олон улсын зах зээлээс татаж байсан бол энэ оны дөрөвдүгээр сард 500 сая сая ам.долларыг жилийн 11 хувийн хүүтэйгээр төвлөрүүлсэн нь өртөг хэрхэн өссөний илрэл. Манай улсын олон улсын зах зээлээс татах санхүүжилтийн өртөг ийнхүү улам л өссөөр байна.


Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.